Сүр дуулиантай, сүржин нэртэй өнөөх хуулийг хүн бүр гудамжаар “уушиглаад” явж байна. Сорсоор, үлээсээр, одоо бараг “акурк”-ндаа тулчихлаа. Хүн аймаар хориод л, тал талаас “тамын элч” гарч ирээд л 50 мянган төгрөгөөр торгоод байна гэсэн үлгэр шүү.

Өнгөрсөн сарын 1-нээс эхлээд л тамхи заруулахгүй, уушиг уурлуулаад байсан өнөөх сүртэй хууль, өнөөдөр ёстой гууль. Уг нь эл хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө “Тамхи татах цэг заагаад өгөөч, очоод татчихье” гээд байсан нь амны гарз болсон байна. Хэрэгжүүлэхгүй байсан юм бол хууль баталж яанам бэ. Хяналт тавьж чадахгүй байж хүний хэрэглээг тансан нь үнэхээр үр дүн олсонгүй.

Түүнчлэн эл хууль тамхийг танасан гэхээсээ илүүтэйгээр эрэлттэй болгож орхисон. 500 төгрөгийн татаас тамхи бүр дээр нэмэгдсэн ч, 500 метрийн “цөллөг”-ийг тав алхамаар ойртуулж чадав. Тэгэхээр хяналтыг хууль сахиулагчид биш хотоор хөглөрч байгаа ТҮЦ-ийн худалдагчид зохицуулж байна.

Нүдний ирмэлт, нүүрний хувирал зэрэг нь тамхи буйг тэр дор нь илтгэж, цагдаа байсан, байхгүй нударган доогуур нуугаад л зарж байна. Харин бид нээх удалгүй “Тамхины хяналтын тухай хууль”-ийг тааваараа уушиглаж болох нь.

Учир нь эл хуулийн гол нугалаа нь дам тамхидалт гэх утга байв. Тодруулбал, тамхи татдаггүй хүний эрхийг “тамхичин” хүний зовлонгоор ундайлах байв. Угтаа архины хор хөнөөл өнөөгийн нийгэмд заналхийлээд байгаа ч дам тамхидалтын уршиг үүнээс илүү гэж үзсэн нь тэнэглэл болсон.

Тэгээд л тамхины хууль хэрэгжиж эхэлбэл, тэнгэр цэлийгээд, цээж дүүрэн амьсгалах мэтээр төсөөлсөн юм байх. Тэгсэн ухамсартай нэг нь гэр бүлийнхнийгээ тамхины утаагаар хордуулж, ухамсаргүй зарим нь хуулийг чинь утаа болгоод үлээсээр л байна. Баталсан юм бол хэрэгжүүлж, хэрэгжихгүй юм бол цуцлаач энэ “гуулиа”.

Б.Ширнэн