Их Британид хуванцар соруул, хөвөнтэй савхыг хориглов
2020/10/03
Их Британид энэ оны аравдугаар сарын 1-нээс эхлэн хуванцар соруул, халбага болон чихний хөвөнтэй савх худалдаалахыг хориглосон тухай тус улсын байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн яам мэдээлжээ.
Энэ нь Их Британийн Засгийн газрын хуванцар хог хаягдлын эсрэг хийж буй тэмцлийн нэг чухал алхам бөгөөд үүний үр дүнд байгаль орчин, далай тэнгис илүү цэвэрхэн болно гэж мэдэгдэлд дурджээ. Нэг сарын өмнө Их Британийн Засгийн газар нэг удаагийн нийлэг торны үнийг таваас 10 пенс болгож нэмэгдүүлжээ.
Жил бүр тус улсад 4.7 тэрбум хуванцар соруул, 316 сая халбага, хуванцраар хийсэн 1.8 тэрбум хөвөнтэй савх хэрэглэдэг тооцоо гарчээ.
Ийм арга хэмжээ авснаар хуванцар хог хаягдлаас бүрэн ангижрах 25 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дөхөм болно гэж Их Британийн эрх баригчид үзэж байна.
Энэхүү арга хэмжээг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхийг төлөвлөж байсан ч коронавирусний цар тахлын улмаас хойшлуулсан байна. Ийм төрлийн эд зүйлсийг Их Британийн нутаг дэвсгэрт худалдах, түгээхийг хориглосон байна.