Нийслэлийн Сонгуулийн хорооны өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хуралдаанд дүүргийн сонгуулийн хорооны удирдлагууд болон нийслэлийн харьяа байгууллагын холбогдох албаны хүмүүс оролцож, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа болон цаашид зохион байгуулах ажлуудын талаар хэлэлцэв.

Иргэд саналаа өгөхөөр ирэхдээ амны хаалт, иргэний үнэмлэх хоёроо заавал авчрах шаардлагатай

СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа “Сонгуулийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад дуусч байна. Хамгийн чухал асуудал бол саналын хуудас хэвлэх, санал авах байр бэлдэх ажлууд байдаг. Дүүргүүд иргэддээ тухайн хороонд нэр дэвшиж байгаа дэвшигчдийг маш сайн танилцуулах хэрэгтэй.

Сонгууль зохион байгуулагдахтай холбоотой мэдээллээ маш сайн өгч ажилла. Мөн иргэддээ саналаа өгөхөөр ирэхдээ амны хаалт, иргэний үнэмлэх хоёроо заавал авчрах шаардлагатай гэдгийг нь сануулаарай. Зохион байгуулалтын ажлыг сайн хийж, хүмүүсээ мэдээллээр бүрэн хангаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах хэрэгтэй. Дүүргүүд баримт бичгийн бүрдлээ сайн хангаарай” гэлээ.

Архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт тавина

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “УИХ-ын сонгуулийн үеэр 222 улсын байцаагч хяналт тавьж ажилласан. Сонгуулийн санал авах байранд тавигдах ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд хяналт тавин ажиллаж байна. Мөн архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт тавьж ажиллана” хэмээв.

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД:

69 дүгээр зүйл.Санал авах өдөр хориглох үйл ажиллагаа

69.1.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана:

69.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;

69.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах;

69.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах гэж заасны дагуу хориглосон байдаг.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, Цагдаагийн хурандаа И.Баттөгс “Хамгаалалтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Орон нутаг руу явуулж байгаа саналын хуудсанд хяналт тавьж байгаа. Санал авах байранд үзлэг шалгалт хийх саналыг нийслэлийн Онцгой байдлын газарт хүргүүлсэн. Мөн санал авах байрны камержуулалт, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Түүнчлэн холбогдох бүх мэргэжлийн байгууллагууд сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллүүдээ танилцуулав. Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулахдаа халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, иргэдийн биеийн халууныг хэмжих, амны хаалт зүүлгэх, санал авах байрны ариутгал халдваргүйжүүлэлтийг маш сайн хийлгэж ажиллах шаардлагатай гэдгийг нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд мэргэжлийн байгууллагуудад анхааруулж хэллээ. Мөн сонгуулийн санал авах байртай холбоотой асуудал болон бусад ажлуудыг хуулийн хугацаанд сайтар зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.

Монгол Улсын аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хуулинд заасны дагуу нийслэлийн Сонгуулийн хороо орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулж буй юм.