Apple компани iPhone 12 загвараа танилцууллаа
2020/10/14
Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Apple компани шинэ iPhone 12 загварын ухаалаг гар утасныхаа дөрвөн өөр хувилбарыг танилцууллаа.
Стандарт iPhone 12 хувилбараас гадна жижигрүүлсэн iPhone 12 mini хувилбарыг танилцуулсан бол мэргэжлийн түвшний iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max хувилбаруудыг бас танилцуулсан юм.
Эдгээр хувилбарууд нь бүгд үүрэн холбооны 5G сүлжээнд нийцтэй ажилладаг, OLED технологийн дэлгэцтэйгээрээ онцлог болжээ.
Мөн дизайн хийцийн хувьд iPad Pro төхөөрөмжтэй ижил дөрвөлжилсөн металл хүрээтэй болсон байна.
iPhone 12
Үндсэн хувилбар болох iPhone 12 нь өмнөх iPhone 11 хувилбараасаа 11 хувиар нимгэн, 15 хувиар жижиг, 16 хувиар хөнгөн болжээ. 6.1 инчийн хэмжээтэй OLED технологийн дэлгэц нь нэг инчэд 460 цэгийг багтаасан нягтралтай, Dolby Vision HDR дүрсний стандарттай. Эх биеийг хөнгөн цагаан материалаар хүрээлж, хоёр талыг нь “Ceramic Shield” технологийн бэхжүүлсэн шилээр бүржээ. Ингэснээр өмнөх загваруудаасаа дөрөв дахин бат бэх болсон гэнэ.
Бас ус, тоосноос хамгаалах стандартыг нь IP68 хүргэж сайжруулжээ.
A14 Bionic процессор нь гар утсанд зориулсан анхны 5 nm-ийн чип бөгөөд iPhone 12-ыг хамгийн сайн үзүүлэлттэй Android гар утаснуудаас 50 хүртэл хувиар хурдан болгож байгааг Apple онцолсон байна.
iPhone 12 хувилбар нь ар талдаа 12 MP үндсэн, 12 MP хэт өргөн өнцгийн хоёр камертай. Камерны хурд эрс нэмэгдэж, гэрэл багатай орчинд зураг авах чадвар нь өмнөхөөсөө 27 хувиар сайжирчээ.
iPhone 12 хувилбаруудад шинэ MagSafe систем нэвтрүүлсэн нь эх бие дотор нь байрлах соронзон тогтоогч юм. Үүний тусламжтай гар утасны гэр, хэтэвч, цэнэглэгч зэрэг төрөл бүрийн нэмэлт хэрэгслийг ар талд нь нааж тогтоох боломжтой болжээ.
Энэ технологийг ашигласан утасгүй цэнэглэгчийг мөн Apple компани шинээр танилцуулсан байна.
Санах ойн багтаамж нь 64GB, 128GB, 256GB сонголтуудтай.
$799-ээс эхлэх үнэтэй iPhone 12 хувилбарын захиалгыг энэ Баасан гарагаас эхлэн авч, аравдугаар сарын 23-нд худалдаанд гаргахаар болжээ. Өнгөний хувьд хар, цагаан, хөх, улаан, ногоон гэсэн таван сонголттой гарах гэнэ.
Шинэ iPhone 12 загварын хайрцагнаас ихэнх хүмүүс хэрэглэхээ больсон цэнэглэгч, чихэвч хоёрыг хассанаар Apple байгаль орчныг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж, савалгаанд нь хэмнэлт хийж байгаа ажээ. Харин “USB-C to Lightning” кабелийг нь үлдээсэн байна.
iPhone 12 mini
5.4 инчийн дэлгэцтэй iPhone 12 mini хувилбарыг Apple компани өнөөдрийн байдлаар дэлхий дээрх хамгийн жижиг, хамгийн хөнгөн, нимгэн 5G гар утас гэж тодорхойлжээ.
Дэлгэцний хэмжээнээс бусдаар техникийн үзүүлэлтүүд болон өнгөний сонголт нь iPhone 12 хувилбартайгаа ижил iPhone 12 mini $699-ээс эхлэх үнэтэйгээр арваннэгдүгээр сарын 13-нд худалдаанд гарах юм байна.
Санах ойн багтаамж нь 64GB, 128GB, 256GB сонголтуудтай.
iPhone 12 Pro ба iPhone 12 Pro Max
iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max хувилбарууд нь 6.1 ба 6.7 инчийн том дэлгэцтэй үйлдвэрлэгдсэн байна. Харьцуулбал өнгөрсөн онд гарсан iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max хувилбарууд 5.8 ба 6.5 инчийн дэлгэцтэй байсан юм.
Pro Max хувилбарын хувьд өмнө нь гарч байгаагүй хамгийн том дэлгэцтэй iPhone болж байгаагаараа онцлог.
Pro хувилбарууд нөгөө хоёр хувилбар шигээ хөнгөн цагаан биш, ган хүрээтэй. Өнгөний хувьд саарал, металл (stainless steel), алтлаг, хөх гэсэн дөрвөн сонголттой болжээ.
5G сүлжээ, A14 Bionic процессор, OLED дэлгэц, MagSafe соронзон тогтоогч зэрэг үзүүлэлтүүдээрээ бусад хувилбаруудтайгаа адилхан. Харин LiDAR лазер сканнерыг Pro хувилбаруудад тусгайлан суулгаж өгчээ.
Ингэснээр камерны гэрэл багатай орчинд зураг авах чадварыг 87 хувиар сайжруулж, AR (Augmented Reality) технологитой ажиллах боломжийг нэмэгдүүлсэн байна.
Pro хувилбарууд нь ар талдаа өргөн өнцгийн, алсын, хэт өргөн өнцгийн гэсэн гурван 12 MP камерны системтэй. Дүрсийг 5 дахин татаж ойртуулах оптик дурантай болжээ.
Санах ойн багтаамж нь 128GB, 256GB, 512GB гэсэн гурван сонголттой.
iPhone 12 Pro хувилбар $999-ээс эхлэх үнээр аравдугаар сарын 23-наас зарагдаж эхлэнэ. Харин iPhone 12 Pro Max хувилбар нь арваннэгдүгээр сарын 13-наас $1,099-ээс эхлэх үнээр худалдаанд гарах ажээ.