Монгол төрийн Тэргүүнээр найман жил ажиллаж, ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг байсан Нацагийн Багабанди албан тушаалаасаа буугаад 15 жил болж буй ч улс төрийн тавцангаас хөндийрсөнгүй. Хөшигний ард ямар л тохироо явагдана, мань эрийн оролцоо байж л байдаг.

Тэр хэзээ ч өөртөө ашиггүй наймаа, нүүдэл хийж байсангүй. Аядуу намдуухнаар ашиг хонжоо олсон шигээ хүний амьдралын бүхэл бүтэн үеийг хэдийн өнгөрүүлчихжээ. Хамгийн хачин нь хэн ч түүнд энэ башир аргыг нь хэлж, “тэтгэвэр”-т нь гаргах шийдлийг хийсэнгүй. 

Одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг улс төрд ихээхэн дэмжиж, Зүүний хүчний холбоог бэхжүүлэхэд ил, далдаар Н.Багабанди оролцож байсан л гэдэг. Уг холбооноос төрөн гарсан залуус өнөөдөр улс төрд ачаа үүрч явна. Тиймдээ ч Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хувийн эрх ашиг хамгийн нэгдүгээрт эрэмблэгдсээр, тэр хэрээр төрийн шийдвэр гарсаар энэ цаг үетэй золгочихлоо. Улс төрд хөтөлж оруулсан залуус нь түүнд тийм их ач санаж явдаг уу, эсвэл тэр хар, хор бүхэнд оролцсоор нэр нөлөөгөө тогтоочихов уу

Тэр лав 2017 онд Шадар сайд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход ихээхэн дэмжлэг үзүүлж, хөшигний ард хамаг тохироо хийсэн гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригддаг. Үүнийхээ шанд өөрийн хүнээ албан тушаалд үлдээж чадсан. Өөрөө ч “Оюутолгой” ТУЗ-ын гишүүнээрээ ажилласаар хорхойд хоргүй амьтан мэт харагдах болсон. Гэвч тэр харагдаж буй шигээ хүн биш гэдэг нь “Оюу Толгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн гишүүдийг солих томилгооноос харагдлаа. Өмнө нь Монголын эрх ашгийн төлөө дуугараагүйгээс нь ч тод харагдаж байсныг энд дурдах ёстой.

Уг нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сүржин мэдэгдэл хийж, тус компанийн ТУЗ-ийн гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулж авахаа зарлаж асан цаг саяхан. Тэрбээр “Монгол Улс олон улсын түвшинд үнэлгээ хийлгээгүй явж ирсэн нь энэ гэрээтэй холбоотой маргаан үүсэх суурь нөхцөл болсон гэж бид үзсэн. Тиймээс ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ, илэрц болон металлтай холбоотой асуудлуудад нарийвчилсан ажлын хэсгүүд гараад ажиллаж байгаа. Шаардлагатай бол Байнгын хороо, эсвэл УИХ-ын чуулганаар Оюутолгойтой холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийхэд бэлэн байна.

Оюутолгойтой холбоотой хэргүүд шүүх дээр явж байгаа. Засгийн газар бүх боломжоо дайчилж, “Оюутолгой” төсөлд өмнө нь байгаагүй зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа” гэж байсан юм.
Энэ үгнийх нь бэх хатаж амжаагүй байхад тэрбээр “Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн Монголын талаас төлөөлөх гурван гишүүнийг сонгох шалгаруулахдаа хувийн ашиг сонирхлынхоо төлөө амаа үдүүлээд, дүлий дүмбэ оргиод суудаг Н.Багабанди мэтийн гишүүнээ “хөөж” явуулж чадсангүй. 

Түүний оронд өндөр боловсролтой, эх орон гэсэн эрх ашгаа нэгдүгээрт тавьсан, хувийн асуудлаа хойш орхисон шижигнэсэн залуусыг сонгох боломж түүнд бүрэн байсан. Гэтэл Н.Багабандийг үлдээгээд, өөрийн болон УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагтай бизнесийн хамаарал бүхий “гар, хөл”-ийг Монголыг талыг төлөөлөх гурван гишүүний хоёр болгож, томилчихлоо гэх хардлага, маргаан нийгэмд бий болчихлоо.

Ингэж үзэхээс ч аргагүй аж. Засгийн газрын аравдугаар сарын 28-ны ээлжит хуралдаанаар “Оюу Толгой” компанийн ТУЗ-д Монголыг төлөөлөх хоёр гишүүнийг томилохоор дэмжсэн нь З.Ган-Очир, Э.Баясгалан нар байв. З.Ган-Очир нь ШУТИС-ийг төгссөн. Канадын Break Water Resources, Монголын "Майн Инфо" компанид ажиллаж, 2005-2010 онд "Алтай гоулд", "Хөх тэнгэр капитал партнерс" компанийн захирлаар ажиллаж байсан бөгөөд "Аспайр майнинг" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Энэ компани УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн эзэмшлийнх. Тэрбээр тус компанийн 52.7 хувийг эзэмшдэг гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн байналээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагаас тодруулахад “З.Ган-Очир бид хоёр нэг компанийн хувьцаа эзэмшигчид учраас биенээ танина. Гэхдээ З.Ган-Очир компанид ажиллахаа болиод удаж байна. Хувьцаагаа зараад дуусаж байгаа гэсэн. Тэгэхээр хамааралгүй болох биз. Би “Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнийг сонгон шалгаруулах томилгоонд яаж нөлөөлөх билээ. Тэр хүн өмнө нь хаана ажиллаж байсан нь ямар хамаатай юм бэ” хэмээн уцаарлангуй тайлбар өгсөн. 

Энэ мэдээлэл үнэнээс хол зөрсөн гэвэл хилсдсэн болохгүй биз. Учир нь, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй. Өдгөө ТУЗ-ийн гишүүнээрээ үлдээд буй Ерөнхийлөгч асан Н.Баганбандитай хамааралтай гэх яриа ч бий. Нөгөө талдаа, Н.Багабанди, Ц.Цэрэнпунцагийг улс төрд “кнопчин” болгож оруулж ирсэн шиг Ц.Цэрэнпунцаг, З.Ган-Очирийг “Оюу Толгой”-н ТУЗ-д хувийн бизнестээ ашигтай байдлаар, эрх ашгаа хамгаалуулах гэж оруулж ирсэн байхыг ч үгүйсгэх арга үгүй.

Харин Э.Баясгалангийн хувьд Чикагогийн их сургуулийн Бизнесийн сургуульд магистр хамгаалсан, 2008-2013 онд "South Gobi sands"-т, 2015 оноос хойш "J.P Morgan"-нд ажиллаж байсан, өдгөө АНУ-д ажиллаж, амьдарч байгаа нэгэн. Түүнтэй ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цахимаар холбогдож, удаа дараагийн уулзалт хийснээр ийн сонгон шалгаруулсан гэх мэдээлэл байна. Томилгоонд Л.Оюун-Эрдэнэ сайдын нөлөө байсан гэдгийг ч учир мэдэх хүмүүс хэлж байгаа.

“Оюу Толгой” компанийн ТУЗ есөн гишүүнээс бүрддэгээс гурван гишүүнийг Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог. Эрх мэдлийн хүрээндээ халаа сэлгээ хийж байгаа ч нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийнх өөрчлөгдөхгүй нь ээ. Газрын дорх баялгаараа дэлхийд дээгүүрт жагсдаг энэ орд Монголын ард түмнийг хэдэн үеэр нь тэжээх нөөцтэй гэдэг ч хэдхэн хүний эрх ашиг, шунал, ард түмнээ боддоггүй харалган шийдвэрээс болж өгөөжөө өндөр хувиар хүртэж чадахгүй байгаа. Үүнээс улбаалж, гэрээнд өөрчлөлт оруулна гэж ярьдаг ч өнөө хэр маргаантай, зэсийн баяжмалаа түүхийгээр нь экспортод гаргаж, түүнээс орж ирэх мөнгийг Монголын банкуудаараа дамжуулж чадахгүй суугаа. Жижиг улсын зовлон энэ аж. Дарин дээр давс гэгчээр Монголын талыг төлөөлж суух гурван гишүүн нь үеийн үед нүдэн балай, чихэн дүлий сууж, дээрээс нь улстөрчдийн ашиг сонирхлын зөрчил, гаднынханд найр тавьж, дулдуйддаг байдал нь хэрээс хэтрэв.

Энэ төслийн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төсөл 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр батлагдсантай холбоотойгоор гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хангуулах үүрэг шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүдэд ногдож байна. Гэтэл өмнөх ТУЗ-ийн гишүүн Н.Баганбандийг улираан томилсон нь тэднээс их зүйл хүлээгээд нэмэргүйг батлаад өгчихлөө. Монгол төрийн тэргүүнээр ажиллаж, өндөр албан тушаал хашиж байсан түүнээс бид ёс зүйг нэхээд сууж байгаадаа ичиж байна. Хүнээр нэхүүлж, гуйлгахгүйгээр улс орноо гэсэн сэтгэл, итгэл түүнд хамгийн их, нэн тэргүүнд байх ёстой учраас ингэж улиглаад байгаа юм.

Дээр дурдсанчлан, найман жил Монгол төрийн тэргүүнээр ажиллачихаад, өдгөө гадаадын хөрөнгө оруулалттай компаниас цалин аваад, монголчуудын эрх ашигт нийцэхгүй шийдвэрт бүлх залгисан мэт дуугүй сууж байгаа нь өөрөө амин хувийн ашиг сонирхол, сувдаг, шунахай сэтгэл ямар их байгааг бэлхнээ харуулах байх. Товчхондоо, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн шийдвэрийг энэ гурван хүн гаргаж чадахгүй нь маш тодорхой харагдаж байна. Энэ томилгоогоо эргэж харна уу, Ерөнхий сайд аа.

Уг нь Засгийн газар “Оюу Толгой” компанийн нийт гаргасан хувьцааны 34 хувийг эзэмшдэг ухаантай юм шүү дээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН