Өнгөрсөн оноос эхлэн ам.долларын ханш огцом чангарсан. Энэ нь эдийн засаг болоод иргэдийн амжиргаанд сөргөөр нөлөөлсөн.

Ам.долларын ханш огцом өссөн нь мөн бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж бүхий л зүйлсийн үнэ ханш тэнгэрт хадах болсон. Энэ нь иргэдийн хувьд хүндхэн байдлыг үүсгээд байгаа ба өнөөдрийг хүртэл энэхүү эдийн засгийн хямралын байдал үргэлжилдсээр байна. Үнэ ханш ам.долларын ханш тогтворжиход нэмэгдсэн хэвээр байсан нь хачирхалтай.

 

    Манай улсад нэгэнт нэмэгдсэн бараа бүтээгдэхүүний үнэ эргэн буурна гэдэг үлгэр болоод удаж байгаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч доривтой үр дүнд хүрэхгүй байгаа юм. Тиймээс энэхүү хөтөлбөрийг доривтой хэрэгжүүлж үнэ ханшийг тогтворжуулах хэрэгтэй. Дур мэдэн үнэ нэмж буй наймаачдад хяналт тавих нь чухал асуудал болоод байна. Түүнчлэн  өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас хойш тогтмол тав, арван төгрөгөөр өсч байсан ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 1785-1789 төгрөгтэй тэнцэж байна. Өнгөрсөн зун ам.долларын төгрөгтэй харьцах ханш хамгийн дээд цэгтээ буюу 1800 даваад байсан. Тэгвэл энэ оноос эхлэн бага зэрэг буурч 1780 орчим төгрөгтэй тэнцэж байгаа юм.

 

   Ам.долларын ханш ийнхүү өсөх шалтгаан нь мэдээж гадны хөрөнгө оруулалт буурсантай холбоотой. Манай улсын эдийн засгийн хөшүүрэг болсон уул уурхайн баялагт баримтлах төрийн бодлого, хууль эрхзүйн орчин тогтворгүйгээс үүдэн манайд орж ирэх хөрөнгө оруулалтууд зогссон. Түүнчлэн өнгөрсөн жил олон улсын зах зээл дээрх нүүрсний үнэ буурсантай холбоотойгоор манай эдийн засаг нэлээд хүндэрч, ам.долларын ханш өсөх шалтгаан болсон. Тодруулбал 2013 оны төсвийг батлахдаа нүүрсний үнийг хэт өндөр баталж тэр хэмжээндээ хүрч чадаагүй тул төсөвт тодотгол хүртэл хийсэн билээ. Үүнээс үүдээд манайд бараа бүтээгдэхүүний ханш өдөр өдрөөр өссөөр байна. Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ долоо хоног тутамдп өссөөр байгаа бөгөөд махны үнэ тэнгэрт хадаж 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7545 төгрөг, үхрийн /ястай/ мах 8230 төгрөг, үхрийн цул мах 10500 төгрөг, адууны мах 6550 төгрөг, ямааны мах 5565 төгрөгийн үнэтэй болоод байна.

 

   Түүнчлэн 180-250 төгрөгийн үнэтэй байсан өндөг өнөөдөр 400 төгрөг болсон ба жилийн өмнө 1600-1750 төгрөгтэй байсан сүү өнөөдөр 2400-2600 төгрөгт хүрсэн бөгөөд бусад бараа бүтээгдэхүүний үнэ дээрхтэй адил огцом өсөөд байгаа билээ. Ам.долларын ханшийн өсөлтөөс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлүүд гарсаар байгаа бөгөөд үнэ ханш энэ хэрээрээ үргэлжилвэл манай эдийн засаг элгээрээ мөлхөх нь энүүхэнд байна.  Өнөөдөр 1780 төгрөгтэй тэнцэж байгаа нэг ам.долларын ханш 1800 даваад байсныг бодвол буурсан мэт харагдаж байгаа боловч яг үнэндээ жилийн өмнө нэг ам.доллар 1440 орчим төгрөгтэй тэнцэж байсан. Тэгвэл ганцхан жилийн дотор ам.долларын ханш 340 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.

 

   Ханш цаашдаа ч өсөх магадлалтай байгаа ба бага багаар өссөөр байгаа нь бараа бүтээгдэхүүний үнэд хүчтэй нөлөөлж тэрхүү өндөр үнэтэй барааг худалдан авах иргэдийн тоо буурч байна. Иргэдийн худалдан авах чадамж буурч хэрэглээгээ танах болсон. Сарын цалин нь үнэ ханш өсч байгаа энэ үед хаанаа ч хүрэлцэхгүй байгаа юм. Тиймээс иргэдийнхээ амжиргааны түвшинг дээшлүүлэхийн тулд үнэ ханшийг тогтворжуулж өгөх ба энэхүү дур мэдэн үнэ ханшаа нэмж буй асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Мөн уул уурхайн салбар дахь асуудлуудыг шийдвэрлэж хүнд байдлаас гарах арга замыг яаралтай олон нь чухал асуудал болоод байна. Уул уурхайн салбараас ашиг авч улс орны хөгжил болоод эдийн засгийг сайжруулна хэмээх боловч өнөөдөр бодит байдал дээр тус салбар ашиг олох бус өр, алдагдалд орсоор байгаа юм. Ам.долларын ханш цаашид яах нь тодорхойгүй байгаа ч энэ маягаар бага багаар өссөөр байх юм бол эдийн засгийн хямрал бий болох аюултай.