Венад болсон халдлага нь террорист халдлага бөгөөд цагдаа нар халдлага үйлдсэн этгээдүүдийн эсрэг шийдэмгий арга хэмжээ авна гэж Австрийн канцлер Себастьян Курц мэдэгджээ.

“Цагдаа нар энэхүү аймшигт террорист халдлагыг үйлдсэн этгээдүүдийн эсрэг шийдэмгий арга хэмжээ авах болно. Тэд нэг хэрэгтнийг устгасанд би баяртай байна. Бид терроризмоос айхгүй бөгөөд иймэрхүү халдлагуудтай бүхий л хүчээ дайчлан тэмцэх болно” хэмээн тэрбээр мэдэгдэв.

Гэмт этгээдүүд ямар шалтгааны улмаас Венад халдлага үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байгааu Курц цохон дурдав. Семитийн эсрэг үзэл /Еврейн эсрэг үзэл/ халдлага үйлдэх шалтгаан болсон байж магадгүйг тэрбээр үгүйсгээгүй байна.

Австрийн нийслэл хотын төвд даваа гаргийн орой 6 газар буудалцаан болсны улмаас нэг хүн амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархаджээ. Халдлагыг хэд хэдэн зэвсэглэсэн этгээд үйлдсэн бөгөөд цагдаа нар гал нээсэн этгээдүүдийн нэгийг устгасан байна. Австрийн Гадаад хэргийн сайд Карл Нехаммер мөн Венад болсон халдлагыг террорист халдлага гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан иргэдийг олон нийтийн газар, нийтийн тээврийн хэрэгслүүдээр зорчихоос зайлсхийж, тусгай албаныхны явуулж буй ажиллагааг харуулсан гэрэл зураг, дүрс бичлэгийг олонд түгээхгүй байхыг эрх баригчид зөвлөжээ.

 

 

Э.Аянзаяа

Эх сурвалж: Монцамэ агентлаг