БГД-ийн 18 дугаар хороонд сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, таван иргэнийг ХӨСҮТ рүү тусгаарлалт, шинжилгээнд хамруулахаар авч явжээ. Тодруулбал, БГД дэх орон сууцанд өрөө түрээслэн амьдардаг дөрвөн хүнээс түргэвчилсэн оношлуураар коронавирусын халдвар илэрчээ. Хамт амьдардаггүй ч өрөөгөөр нь ороод гарсан нэг хүнийг мөн ХӨСҮТ-д хүргэсэн байна. 

Гурван өрөө орон сууцыг өрөө тус бүрээр нь түрээслүүлдэг байсан бөгөөд бусад өрөөнд амьдардаг байсан 14 иргэнийг өрөө өрөөнд нь тусгаарлажээ.

Тус байрны СӨХ-ны дарга С.Алтансувдын өгсөн мэдээллээр "Коронавирус илэрсэн МУБИС-ын оюутантай нэг ангийн охиноос илэрсэн байна лээ. Нэг цаг хамт лекцэнд суусан юм билээ. Өчигдөр ХӨСҮТ-д шинжилгээ хийгээд охиноос коронавирус илэрсэн учраас гэр бүлийн бусад хүмүүсийг өнөөдөр ХӨСҮТ рүү авч явсан байна" гэлээ. 

 

Харин энэ талаар албаны эх сурвалж мэдээлэл өгөхдөө, эмч нар айл өрхөөр явж тандалт, судалгаа хийж байгаа тул айж сандарч бухимдах хэрэггүй гэдгийг Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл санууллаа.

"Тандалт судалгаа хийж буй хүмүүс болон айл өрхийн зургийг авч, буруу ташаа мэдээлэл гаргахгүй байхыг хүсье"

Тэрбээр “Тандалт судалгаа үргэлжилж байгаа энэ үед эмч нар айл өрхөөр явж тандалт судалгаа хийж, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хавьтлуудыг тусгаарлах арга хэмжээ авч байгаа. Харин энэ байдалд иргэд айж сандарч, бухимдал үүсгэх хэрэггүй.

Мөн тандалт судалгаа хийж байгаа хүмүүс болон айл өрхийн хашаа, байшингийн зургийг авч олон нийтийн сүлжээнд цацаж "батлагдсан тохиолдол эндээс гарлаа" гэх мэтээр буруу ташаа мэдээлэл гаргаж бусдыг айдаст автуулж дархлааг нь унагаахгүй байхыг хүсэж байна" гэв.