2012 оны УИХ-ын сонгууль хуулийн дагуу сонгуулийн холимог тогтолцоогоор явагдаж, үүний үр дүнд улс төрийн намуудаас жагсаалтаар УИХ-ын гишүүдийн цөөнгүй хэсэг нь листээр сонгогдсон. Эдгээрийн зарим нэг ч төгрөгний зардал гаргалгүй, хуруугаач хөдөлгөлгүйгээр намын листэнд жагсаж байгаад УИХ-ын гишүүнийн “зөөлөн сэнтий”-д заларсан нь хүмүүсийн атаархалыг төрүүлж байсан удаатай. Тэдний нэг болох МАХН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон О.Баасанхүүг намын дарга Н.Энхбаярын өмгөөлөгчийг хийж байсан нь түүнд өөрт нь давуу тал болж УИХ-ын гишүүн боллоо, аз нь шовойсон аавын хүү, азтай залуу юм аа гэж үзэх хүмүүс цөөнгүй байлаа.

Одоо УИХ-ын бүрэн эрхийн хугацаа талдаа орлоо. Олон хүмүүсийн анхаарлын төвд гэнэт орж ирсэн О.Баасанхүү гишүүн одоо жирийн, сул гишүүдийн нэг биш болжээ. Магадгүй О.Баасанхүү гишүүнийг одоогын Их хуралд суугаа МАХН-ын гишүүдээс хамгийн идэвхтэй, шударга ёс, үнэнд нийцтэй зөв зүйлийн төлөө зоригтой дуугарч чаддаг хүн гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. Үүнийг нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний ёс зүйгүй үйлдлийн эсрэг дуугарч чадсан ганц гишүүн гэдгээр нь дүгнэж болох мэт. Хуульч хүний баримтлах хамгийн чухал зүйл бол шударга үнэний төлөө дуугарч, шударга ёсыг хамгаалж, хариуцлага алдсан бол түүнийг нь үүрүүлэх явдал байдаг. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин шударга ёсыг нийгэмд тотоохын сайн ажилласан байж болно, гэхдээ тэр алдаа гаргасан. Алдаа гаргасан л бол сайд нь ч бай гишүүн нь ч бай хэнд ч л гэсэн хариуцлагаа үүрэх механизм тэгш үйлчлэх учиртай. Энэ бол ардчилалын, бас шударга ёсны ойлгомжтой ил тод зарчим байх ёстой. Хууль зүйн сайдын өөртөө хэтэрхий итгэсэн, эрдсэн алдаатай бодлогын эсрэг тэр зоригтой дуугараад зогсохгүй түүнд хариуцлага тооцуулах, огцоруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан ба энэ асуудал өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэгдэж 15 гишүүнээс 12 нь дэмжснээр Х.Тэмүүжинг Засгийн газрын гишүүн Хууль зүйн сайдаас огцруулах асуудал УИХ-ын нэгдсэн чуулганаар орж хэлэлцэгдэхээр болоод байна. Асуудал энд эцэслэгдэн шийдвэрлэгдэнэ. Х.Тэмүүжин, О.Баасанхүү нар бол МУИС-ийн ХЗС-ийн нэгэн үеийн оюутнууд, үе тэнгийн хуульчид.

 

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү