Монгол Улс бурхны хишиг гэлтэй нүүрсний арвин их баялаг нөөцтэй нь гайхалтай. Тодруулбал, манай орны нутаг дэвсгэрт нүүрсний 12 сав газар, гурван талбайд батлагдсан 32.6 тэрбум тонн “хар алт”-ны нөөц байна.

Үүний дээр нарийвчлан судалж, хайгуул хийж, тогтоох боломжтой 150 тэрбум тонн нүүрсний нөөц байгаа гэж шинжлэх ухааны доктор Д.Бат-Эрдэнэ нарын эрдэмтэд таамагласан байдаг. Одоогоор Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар хүлээж авсан 32.6 тэрбум тонн нүүрсний нөөц нь 18 аймаг, нийслэлийн нутагт дэвсгэрт байдаг. Архангай, Өвөрхангай, ДарханУул зэрэг аймагт ганцхан нөөц газар байдаг бол говийн бүсийн аймгуудад хамгийн том уурхайнууд байрладаг байх юм. Тэдгээрийн дотор Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогтцэций сумын нутгийг дамнан орших Тавантолгойн нүүрсний бүлэг орд нь Цанхи, Бор тээг, Оорцог, Бортолгой, Онч хараат, Ухаахудаг гэсэн зургаан хэсгээс бүрдэх бөгөөд энд 5.4 тэрбум гаруй тонн нүүрс хадгалагдаж байна. Мөн Гурвантэс сумын нутаг дахь Гашуунсухайтын нүүрсний ордод нэг тэрбум гаруй тонн нөөц байдгийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэж, геологи хайгуулын үр дүнг баталгаажуулсан байдаг.  Дэлхий нийтэд “COVID-19” вирусийн халдвар тархсан энэ хүнд цаг үед Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Дисковери Монголиа” чуулга уулзалт 18 дахь удаагаа болж өнгөрсөн. Уг чуулга уулзалт дээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хийсэн мэдээллээс үзвэл манай улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт саарч, уул уурхайн экспорт 40 шахам хувиар буурсан ч оны эхний хагас жилийн байдлаар ДНБий 18, экспортын 94, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 90 гаруй хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлсэн байна. 

 

 

Эхний есөн сард улсын төсөвт 7.3 их наяд төгрөг төвлөрсний 20 хувийг дээрх салбараас оруулсан байжээ. Энэ нь улсын төсвийн бүрдүүлэлт, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад уул уурхайн салбар голлох нөлөөтэй хэвээр байгааг батлах үзүүлэлт юм. Гэвч өнөөдөр Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн, ашигт малтмал түүний дотор нүүрсний нөөц дундарч байна. Газар доорх байгалийн баялаг нь дахин ургаж төлждөггүй, өсөж үрждэггүй нь маргашгүй үнэн билээ.

 

 

Тиймээс таамаглал төдий байгаа байгалийн баялаг, нүүрс болон ашигт малтмалын бусад нөөцөө хайж илрүүлэх, тоо хэмжээг зөв тогтоох ажлыг шуурхайлах шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна. УИХ-аас 2014 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа, төрөөс тогтоож өгсөн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зохицуулсан ч энэ тоо ашиглалтынхаас нэг дахин буурсан дүн гарчээ. Үүнээс хойш Засгийн газраас таван удаа тогтоол гаргаж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулах эрдсийн хуримтлал бүхий талбайг баталсан байдаг. 2015 оны аравдугаар сараас хойших таван жилийн хугацаанд 45 удаагийн сонгон шалгаруулалтаар 2.4 сая га талбайд хайгуул хийхээр 171 тусгай зөвшөөрлийг олгосон байна. Олон улсын жишгээс харахад геологи хайгуулын салбар нь уул уурхайн ашиглалтаасаа 20-30 жилээр түрүүлж явах учиртайг Монголын ахмад геологичид ярьж сануулсаар байгаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ил тод, хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах замаар тогтвортой, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд геологийн салбарыг хөгжүүлэх зорилтыг бодит ажил хэрэг болгож, Үндэсний геологийн албыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн нь нэг томоохон алхам болж байна. Улмаар хайгуулын тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны зарчмаар олгох олон улсын туршлагаас судалж эхэлжээ. “Дисковери Монголиа”- ийн үеэр яригдсан нэг таатай мэдээлэл нь Тавантолгойн орд газраас олборлож буй экспортын нүүрсний хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх тээвэр ложистикийн асуудал байлаа. Учир нь, Тавантолгойн уурхайгаас Зүүнбаян, Гашуунсухайт чиглэлд тавьж буй төмөр замын бүтээн байгуулалт нэлээд эрчимтэй өрнөж байгаа төдийгүй нэг хэсэг нь ирэх онд, Гашуунсухайтынх 2022 оны эхний улиралд ашиглалтад орсноор жилдээ 50 сая тонн нүүрсийг урд хөрш рүү гаргах боломж нөхцөл бүрдэх юм. Энэ талаар “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал танилцуулахдаа “Одоо Монголын нутаг дэвсгэр дээр авто замаар тонн нүүрсийг 40 ам.доллараар тээвэрлэж байгаа бол Гашуунсухайт хүртэлх 200 гаруй км төмөр замыг ашиглалтад оруулснаар тээврийн зардал тав дахин буурах юм” гээд үүнтэй зэрэгцүүлэн авто зам барьж, өрсөлдөх чадваргүй төсөл хэрэгжүүлэх шаардлагагүйг хэлж байсан юм. Үүнд “Монгол нүүрс” ассоциацын гүйцэтгэх захирал Ж.Золжаргал санал бодлоо хуваалцаж, дан ганц нүүрсний экспортод түшиглэн дэд бүтэц барьж байгуулах нь оновчгүйг онцолж, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох хилийн гарц, боломжоо зөв тооцоолж, дэд бүтцийн төслүүдийг тодорхой эрэмбэ, дэс дараатай хэрэгжүүлэх хэрэгтэйг сануулж байлаа. Хэдийгээр нүүрсний хайгуул экспорт, тээвэр ложистикийн талаар салбарын мэргэжилтэн, оролцогч талууд ийм байр суурьтай байсан ч Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээллээр “COVID-19” вирусийн цар тахлын үеийн эдийн засагт уул уурхайн бүтээгдэхүүн голлох байр сууриа гүйцэтгэсээр байна.

 

 

Тодруулбал, оны эхний есөн сард гадаад худалдааны эргэлтэд экспорт 6.8 тэрбум ам.долларын жин дарж байгаагийн хоёр тэрбумыг нүүрсний экспортоос олжээ. Нүүрсний гадаад худалдаа 27 сая орчим тоннд хүрч, 22.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа нь дэлхий дахиныг хамарсан цар тахлын сөрөг нөлөөтэй шууд холбоотой юм.

 

 

Ялангуяа “COVID-19” вирусийн халдварыг дотооддоо алдсан үеэс нүүрсний экспорт буурсан байна. Арваннэгдүгээр сарын эхний 15 хоногт манай улс 2.1 сая тонн нүүрс экспортолсон ч сарын сүүлийн хагаст нэг сая тонн болж буурсан нь үүний баталгаа юм. Цаашид халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж, цар тахлын тархалтыг тогтоон барьж чадвал нүүрсний экспорт өсөх боломж бий. Үүнд Хятадын дотоодын нүүрсний хэрэглээ, эрэлт өсөж, тус улсын Засгийн газар Австралиас авах экспортын нүүрсэнд хориг тавиад байгаа зэрэг гадаад хүчин зүйл эергээр нөлөөлөх магадлалтай болж ирлээ.

 

Д.Мөнх

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин