Анх хөл хорио тогтоож байснаас хамаагүй хүнд үед амьдарч байна
2020/12/23
Манай урд хөршийн Ухань хотод коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр Монгол Улс хилээ хааж, хөл хорио тогтоосон. Анхны энэ хөл хориог ард түмэн маш цочир хүлээн авч, нийтээрээ сүйд болж, дэлгүүрийн лангуу хоосолж, маскийг зуу зуугаар нь “дарж” хиймэл хомсдол үүсгэж сандралдсан билээ.
Үүн дээр нь ЭМЯ, ХӨСҮТ-ийн мэдээллийг уншиж танилцуулдаг хоёр эмэгтэй өглөө бүр 11 цагт мэдээлэл хийж нэмж айлгаж, зогсоо зайгүй л түгшицгээж байлаа. Цагаан сараар гэрээсээ цухуйхгүй үргэлжлүүлж хэдэн сарын турш хөл нь хориотой байсан хүмүүс сүүлдээ “Дотооддоо алдаагүй юм бол бидний ингэж айх чинь илүүц юм биш үү” гэцгээгээд налайж эхэлсэн. Энэ үеэс ЭМЯ, ХӨСҮТ-ийн тэр хоёр эмэгтэйн яриа худлаа ч юм шиг санагдаад, үнэгүйдсэн. Хүмүүс нэг ёсондоо тэр хоёрын үгэнд итгэхээ байсан гэсэн үг л дээ. Арга ч үгүй юм. “Чоно ирлээ” гэдэг үлгэр шиг л юм болсон дог. Оросын сонгодог зохиолч, ёгт үлгэрч И.А.Крыловын “Чоно ирлээ” ёгт үлгэрт хонь хариулж явсан хүү “Чоно ирлээ” хэмээн тоглоом шоглоом болгож хашгиртал тосгоныхон нь санд мэнд гүйлдэж, сандралдсаар ирэхэд өөдөөс нь хөвгүүн элгээ хөштөл инээж баясдаг. Хоёр дахь удаагаа мөн л “Чоно ирлээ!” гэж хашгирахад эхний удаад хууртагдсан тосгоныхон айхавтар анхаараагүй ч нэлээд хэдэн хүн очдог.
Тэгтэл мөн л худлаа дуудаж, тоглоом хийсэн байдаг. Гэтэл маргааш нь хүүг хонио хариулаад явж байтал чоно жинхэнээсээ ирж сүрэг рүү нь дайрч, хуйлруулахад хүү айж цочин уйлан хайлан “Чоно ирлээ” гэж хичнээн ч орилоод тосгоныхон ирдэггүй. Ингээд хүү хамаг хонио чононд бариулж буйгаар үлгэр төгсдөг. Яг л энэ шиг юм болсон. Үлгэрийн адил мэргэжлийн хүмүүсийн олон давтаж, анхааруулсан үгс худал мэт санагдаж, түүнээс болж, коронагаас айхаа ч мартаад ёстой задгайрцгаасан даа.Юу ч ярьсан тоохоо ч байсан. “Худлаа ярь” гээд л няцаана. Эсвэл “Өө, айгаад байх юм байхгүй юм билээ. Зүгээр л байх чинь билээ” гэцгээж, маскаа ч зүүхээ больсон.
Гэтэл энэ намар төмөр зам дагасан хариуцлагагүй, сул ажиллагаа, “Энхсаран” сувиллын хайхрамжгүй ажлаас болоод Монгол Улсад коронавирус голомтлон тарж эхэлсэн. Кластер гэдэг нь голомтлон тарж буйг хэлдгийг 11 цагийн мэдээгээр бид мэддэг болсон. Ингээд кластер гэж өглөө бүр мэдээллэдэг “Кластер” бүсгүйн хэлдгээр үнэхээр л голомтлон тарж эхэлсэн. Ингээд өнөө хоёр маань дахиад зэрэгцэж суучихаад л “Аймаар аймаар, аюултай аюултай” гэцгээгээд, төр засаг нь ч байнга шахуу анхааруулан хэлж санууллаа. Тэгтэл иргэд урьдын адил огт үнэмшээгүй. Хүчээр шахуу хатуу хөл хорионд оруулчихаар аргагүйн эрхэнд гэртээ сууцгаах нь суусаан. Гэсэн ч үнэмшээгүй хэвээр л “Энэ муу сайн юмнууд худлаа хийрхдэгээрээ хийрхэж байгаа биз” гэцгээгээд тоогоогүй. Хатуу хөл хорио тогтоочихсон байхад хүмүүс дэлгүүрээр яаж хэсч, овоорч байсныг бүгд харсан. Архийг нь хорьчихоод байхад л ухаанаа алдтал архидацгааж зуу зуугаараа эрүүлжүүлэхэд тэврэлдэж хоноцгоож байсан тоо баримт нь бий. Энэ сарын 20-ны шөнө л гэхэд 560 хүн эрүүлжүүлэхэд чихэлджээ.
Өнгөрсөн хавар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг огцом бууруулаагүй ч олон нийт зоргоороо явцгаасаар байгаад л дэглэм аяндаа суларсаар дундаа орцгоочихсон шүү дээ. Харин сая бол хатуу хөл хорионоос дэглэм бууруулахдаа “Тодорхой хэмжээнд хяналтдаа авч чадлаа. Гэсэн ч аюул хэвээрээ байгаа шүү” гэж албаныхан тайлбарласан ч ард түмэн ойлгохдоо ямар ч өвчингүй болчихсон юм шиг хөөрцгөөлөө. Үнэндээ өнөөдрийн нөхцөл байдал бол өнгөрсөн хаврын нөхцөл байдлыг хэд дахин нугалсан дайны аюултай, голомт дэгдчихсэн үе шүү дээ.
Дэглэмийг бууруулсан, бууруулаагүй бид өөрсдөө хариуцлагатай байх ёстой, хүмүүсээс зай барих ёстой, гэртээ байх ёстой, маскаа зүүх ёстой. Одоо бол маскаа зүүхээс өөр хамгаалж байгаа юм ер алга. Дэлгүүр дотор яг л хонь мал шигээ дүүрэн бэлчиж байгаад кассанд дөхөж ирэхээрээ сая нэг юм зай барьсан болж дүр эсгэж байна. Дэлгүүрээр хэсэхдээ шүргэлцэх нь бүү хэл нэг нь юм авч байхад нөгөөх нь хүзүүн дээр ирж амьсгаадаад л дээгүүр нь даваад юм шүүрээд авч байна. Харуй бүрийд, гэрэлтүүлэггүй, хяналт багатай газарт таарсан монголчууд гар бариад, тамхиа хувааж татацгаагаад, тэврэлдээд л байж байна.
Энд тэндхийн мухар гудам, булан тохойд машинтайгаа очоод дотор нь найрлаж, баардаж байна, эр эмийн ажил ч хийж байна. Хүн харж цагдаагүй л бол, хэн нэгэн хянаагүй л бол, дүрэмт хувцастай хүн харагдахгүй бол монголчууд таг нийлээстэй. Хүмүүс болж буй үйл явдлаас, коронавирусээс огт сургамж авсангүй, цар тахлын тухай бодох ч үгүй байна. Хүний нүд хариулдаг нь монголчуудын унаган зан л даа. Монголчууд нийтээрээ хүүхдүүдээ эрхлүүлж өсгөдөг. Эрх хүүхэд багш, найзууд, хөндлөнгийн хүний дэргэд гэмгүй, төв царай гаргаж, дүр эсгэдэг. Харин хүний нүднээс холдонгуутаа дураар задардаг. Өөрийнхөө хийнэ гэснээ, аль л болохгүй, бүтэхгүй, өөртөө гоё гэсэн юмаа хийдэг. Архи ууж үзнэ, тамхи татаж сонирхоно, бүхий л буруу юмыг хийдэг. Яагаад гэвэл тэр эрх хүүхдийг хориглох хүн байхгүй учраас. Хүний нүд хариулж, хүн хуураад байгаа мэт боловч тэр хүүхэд жинхэнэдээ өөрийгөө хуурч байгаагаа мэддэггүй. Монголчууд нийтээр яг ийм хүмүүжилтэй. Энэ буруу хүмүүжил нь цар тахлын энэ хүнд цаг үед асар их сөргөөр нөлөөлж байгаа юм. Ийм суурь хүмүүжлийн доголдлоос үүдэж цар тахал голомтлон тархсаар байна.
Өвчний тархалт өнгөрсөн хаврынхаас маш аюултай түвшинд хүрснийг дор бүрнээ анхаарч, бидэнд вакцин олдтол багаар бодоход жилийн зай байгаа гэдгийг ухаарч, энэ вирусээр өвчилбөл маш хурдан халдварладаг, халдварласан тохиолдолд үхдэг гэдгийг хүн бүр тарни мэт цээжилмээр байна.
Та хэн нэгнийг хуурч болно. Харин хүн өөрийгөө хуурч болдоггүй. Хэн нэгнийг харж дүр эсгэж байгаа чинь эцэстээ өөрөө өөрийгөө л хуурч байгаа явдал шүү. Бид өнгөрсөн нэгдүгээр сард анх хөл хорио тогтоосон тэр үеэсээ хамаагүй хүнд нөхцөл, хэцүү цаг үед амьдарч байгаа. Анхаар!. Бид ТАХАЛ дунд амьдарч байна.
Зочин · 2020/12/23
"мэдээллэдэг" гэж биш "мэдээлдэг" гэж зөв бич.