Н.Номтойбаяр: Ахмадуудаа нэмэлт орлогын эх үүсвэртэй болгох арга замыг эрэлхийлж байна
2014/04/27
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын санаачлан боловсруулан "Ахмад настны талаар төрөөс баримтлах бодлогын тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн өнөө үед энэхүү хямралд хамгийн түрүүнд тэтгэврээрээ амьдарч буй ахмад настнууд, ажилгүй иргэд өртөж байгаа. Тиймээс нийгмийн хамгааллын салбарт түлхүү анхаарах шаардлагатай гэж үзэж, энэ тогтоолын төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлэхээр болов. Энэхүү бодлогын баримт бичиг батлагдсанаар ахмад настнуудын эрүүл мэнд, орон сууц зэрэг нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх бололцоо нээгдэхийн зэрэгцээ тэтгэвэр авах хугацаандаа ахмадууд орлогын нэмэлт эх үүсвэртэй болох боломж нээгдэх ажээ. Өөрөөр хэлбэл, ахмадууд зөвхөн тэтгэвэр аваад суух бус орлогын өөр эх үүсвэртэй болгох арга замыг эрэлхийлж байна гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээллээ.
Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар болон ахмад настны талаар баримтлах бодлого, холбогдох хууль тогтоомжийг тухай бүр батлан гаргаж байсан ч тэдгээрийн хоорондын уялдаа холбоо муу, хэрэгжилт хангалтгүйгээс ахмад настны хөдөлмөр эрхлэлт, орон сууц, ахуйн нөхцөл, эрүүл мэнд, асаргаа сувилгаа, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж зэрэг нь өнөөгийн шаардлагаас хоцорсоор байгаа юм. Статистик тоо баримтаас харвал:
· Эдийн засгийн идэвхтэй хүн амын 8,4 хувийг ахмад настан эзэлж байгаа бөгөөд ахмад настнуудын 94,5 хувь нь зөвхөн тэтгэврийн орлогоороо амьдарч байна.
· Нийт ахмад настан тэргүүлэгчтэй өрхийн 61,9 хувь нь байшин сууцанд, 38,1 хувь нь гэрт амьдарч байгаа бөгөөд байшин сууцанд амьдардаг ахмад настан тэргүүлэгчтэй өрхийн 54,2 хувь нь ердийн галлагаатай байшинд амьдарч байна. Ахмад настан тэргүүлэгчтэй өрхийн 6,7 хувь нь өөрийн гэсэн сууцгүй байна.
· 2010 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 12,5 мянган ахмад настан байгаагийн 62,7 хувь нь хотод, 37,3 хувь нь хөдөөд, 40,0 хувь нь хөдөлгөөний, 24,0 хувь нь харааны, 18,0 хувь нь сонсгол, хэл ярианы, 6,3 хувь нь сэтгэцийн бэрхшээлтэй байна.
Ахмад настнууд улс орныхоо хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийнхээ төлөө төрөөс халамж хүртэхийн зэрэгцээ нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, хуримтлуулсан мэдлэг, туршлагаа залуу үедээ өвлүүлэн зөвхөн халамж хүртэгч биш, баялаг бүтээгч байх боломжийг бүрдүүлэх нь чухал байгааг Н.Номтойбаяр гишүүн онцлов.
Тогтоолын төсөлд тусгаснаар төрийн бодлого, хууль эрх зүйн хүрээг боловсронгуй болгох, ахмад настны орлогыг нэмэгдүүлэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эзэмшсэн мэдлэг, дадлага туршлагаа баяжуулж, залуу үедээ өвлүүлэн үлдээх, өөрөө хөгжих боломж олгох, ахмад настны эрүүл мэндийн болон асран сувилах үйлчилгээг өргөжүүлж, эрүүл насжихад нь дэмжлэг үзүүлэх, ахмад настны нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах, тав тухтай амьдрах орчин бүрдүүлэхийг зорьжээ.
Зочин · 2014/04/29
Тэтгэвэрийнхэн ТТ-н 1072 хувьцаагаа сая төгрөгөөр сольчихсон нь буруудах шиг боллоо. Номтойбаяр хүү минь, энэ 1072 -ийгоо ахмадууддаа буцаагаад өгчих аргыг бодоорой. Олон жил улсад ажилласан ахмадуудаа харж үзээрэй.