Монголчуудад бараг дасал болж байгаа нэгэн зүйл бол даргад мөргөж, даргын татаасаар албанд томилогдох. Шуудхан хэлэхэд даргын халаасанд орж, далайхад нь далд орж, даллахад нь ил гарна гэсэн үг. Харин ингэж чадвал тэр ямар ч алдаа гаргасан дарга нүдээ анин өнгөрүүлнэ. Тэр бүү хэл, бүүр мэдэн будилж, дэвшүүлэн зайлуулна…

Ийм нэгэн тасардаггүй хэлхээ Монголын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт бугшаад удсан. Эдүгээ дэд даргаар ажиллаж буй Д.Дамдинцэрэн хурандаа гэгч үүнд голлож оролцдог гэж болохоор байгаа юм.

Баримт1.

Цагдан хорих 461 дүгээр хорих ангид шүүгч эмэгтэй хорлосон ч тухайн үеийн ШШГЕГ-ын даргыг ажлаас нь өөрчилсөнөөр бүх зүйлийг нам гүм болгож чадсан. Уг нь дээрх хэрэгт буруутгагдах, хариуцлага хүлээх ёстой хүн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн байх ёстой ч эсрэгээрээ эргэсэн нь энэ. Харин ч тэр хариуцлага үүрч байна хэмээн дэвшиж газрын дарга болсон.

Баримт2.

Шүүгч хоригдож байхдаа нас барах үед 461 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Б.Түвшинтөгсөд ямар нэгэн хариуцлага тооцсон нь тодорхойгүй. Харин ч Өвөрхангай аймгийн Хархорингийн хорихын даргаар томилсон байдаг. Үнэндээ энэ томилгоо ямар ашиг сонирхолтой байсныг Д.Дамдинцэрэн дарга өөрөө л мэдэх байх. Учир нь Б.Түвшинтөгс хурандаа Хархорингийн хорихын дарга болсноос хойш 2020 оны арван сард гэхэд хоёр ч удаа хоригдол оргосон хэрэг гарсан. Нэг нь бүүр зам дээр ажиллаж байсан хоригдол оргосон байдаг. Энэ мэдээллийг нам дарж, асуудлыг олон нийтийн чихэнд хүргэхгүй гэж чармайн ажиллахаас хариуцлага нэхэх, тооцох бүүр ард хаягдсаны гэрч нь өнөөдрийг хүртэл хорихын даргад хэрхэн хариуцлага тооцсон нь тодорхойгүй байгаад юм.

Баримт3.

Хорих 401 дүгээр ангиас оргосон хоригдол уулын модонд өөрийгөө боомилж үхсэн хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан тус ангийн захирагч, хурандаа Д.Тулгын цолыг бууруулж, хариуцлага тооцсон байдаг. Гайхмаар нь 20 хоногийн дараа бууруулсан цолыг нь эргүүлж өгөөд Архангайн хорихын даргаар томилсон хүн бол Д.Дамдинцэрэн дарга. Хоригдолын амь ийм үнэ цэнэгүй, харин даргад ойр дарга нарын албан тушаал ийм чухал гэж үү. Энэ асуултад мөн л Д.Дамдинцэрэн дарга л хариулах учир ингээд орхиё.

Баримт4.

Монголын төрийн тусгай албанд танил тал, нутаг усаараа татагдаж албан тушаалд томилогдоогүй “хурган дарга” нар ховор. Энэ байдал ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ил бий. Тухайлбал, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Г.Оюунболд. Өөрийгөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын томилгоогоор ажиллаж байгаа хэмээн ярьдаг түүнийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ажилтан байхад нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Тэмүүжин ажиллаж байхдаа яамны газрын даргаар томилж, томоохон албан тушаалын “амтыг мэдрүүлсэн” гэгддэг. Гайгүй хуульч, гаргалгаатай яриатай тэрбээр тун чиг удалгүй улс төрийн томилгоонд орооцолдож, тэр бүү хэл Дотоодын цэргийн албанд ажиллаж байгаад халагдан одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын хүчин чармайлтаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга хэмээх албанд томилогдон ажиллаж буй…

Баримт5.

Хорих 417 дүгээр анги буюу Мөнгөнморьтын хорихын дарга, хурандаа н.Нямбаатар, хорих 461 дүгээр ангийн дарга Ж.Энхтайван, Хорих 429 дүгээр ангийн дарга Ж.Цэрэн-Отгон, Хорих 407 дугаар анги буюу Эмэгтэйчүүдийн хорих ангийн дарга Ц.Хишигбаяр нарыг хурандаа Д.Дамдинцэрэнгийн багийнх гэж салбарынхан дундаа “тусгаарлагддаг” нь өнөөдөх хэнд ч нууц биш болсон. Даргын багт ажилладаг хүмүүс бага, их гэхгүй алдаа гаргасан ч хариуцлага тооцсон нэрийдлээр албыг нь өсгөж томилохоос уруудаж томилуулахгүй тойрогт ордог гэлцэх. Энэ “буян”-г эдэлж яваа эдгээр хүмүүсийн тухай яриа ч хүрээгээ тэлэх болсон. Олны үг оргүй байдаггүй билээ.

Баримт6.

Д.Дамдинцэрэн хурандаа ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэлийн албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой хуулийн хэрэгжилт, ШШГЕГ-ын хэмжээн дэх шийдвэр гүйцэтгэлийн санхүү, мөнгө төгрөгтэй холбоотой бүхий л асуудлыг шийдэх эрх мэдэл бүхий эрхэм байв.
Түүнийг Хадгаламж зээлийн хоршоодын хураагдсан хөрөнгө, олон банк дараалан дампуурсан үеийн хураагдсан хөрөнгө… зэргээр олон факт яригддаг ч тэгсгээд чимээгүй болчихдог. Харин нэгэнт баримт дэлгэсэн дээрээ, заримаас нь сануулахад, “Жаст”-ын Ш.Батхүүгийн мэдэлд байсан Хадгаламж банкийг Төрийн банкинд.... 

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ