Хонхор нууртай хил залгаж Туул гол руу цутгадаг Хөлийн гол гэж байжээ, манай нийслэлд. Хөлийн голын хөндий хэмээн өдгөө ч нэрлэгддэг Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт "Ургах наран" хорооллын урд талын авто зам болон төмөр замын хооронд 43 га газарт нэгэн хотхон сүндэрлэж байна.

 
Гаднаас нь харсан ямар ч сүүдэртэй бүхэн гайхаж цочмоор тус хотхон газар уснаа явагчдад л зориулагдав уу гэмээр хачин жигтэй юм аа, Үүл дарга аа. Зундаа бороошоод, өвөлдөө цас зудад нэрвэгдчихгээд байдаг нийслэлд "Жаргалтай хөндий" хотхон зохихгүй нь ээ.
 
 
Түүнийг буулгаач. Тодруулбал, Монгол, Хонг Конгийн хамтарсан "Люкс Нью Проперти Солюшн" гэх компани манай язгууртнуудад зориулан тэдний тав тухыг бүрэн хангах "Жаргалтай хөндий" хотхоны төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэнэ.
 
 
Тус төсөлд хөрөнгө оруулж буй "Люкс" групп нь 1987 оноос Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгүүлэн Хонг-Конг болон Вьетнамд үл хөдлөх хөрөнгийн төслүүдийг" явуулдаг бөгөөд "Люкс"групп нь Вьетнамын цементийн тэргүүлэгч үйлдвэрүүдийн нэг аж. Сонин юм.
 
 
Монголд бүү хэл дэлхийд данстай энэ компани дэлхийн тавцан, монголын хууль хоёрыг үхрийн бөөр шиг алагчилав гэж хардмаар байна. Учир нь хотхоноо барьж буй БЗД-ийн XI хороонд бүртгэлгүйгээс гадна үйл ажиллагаа явуулах газрын зөвшөөрөл ч аваагүйг тус хорооны Засаг дарга Н.Отгонханд хэллээ.
 
 
Мөн нийслэлийнхний хүлцлээ барж хүлээсэн дулааны V цахилгаан станц барих зориулалт бүхий газраас хэний ач ивээлээр ийн зоригтой хумслана вэ. Нэгэнт тус газарт станц барих тухай Засгийн газрын тогтоол гарчихсан.
 
 
Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Дээрх газарт дулааны цахилгаан станц барих зориулалтаар Эрчим хүчний яамд газар эзэмшүүлэх эрх олгох тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргаж баталгаажуулна.
 
 
Уг байршилд "Люкс Нью Проперти Солюшн" компани газар эзэмшиж байсныг нийслэлийн Засаг даргын 2010 оны 729 дүгээр захирамжаар хүчингүй болгосон. Мөн энэ байршлыг Улаанбаатар хотын ундны усны ус тэжээлийн дотоод мужийн хамгаалалтын бүсэд багтаж буй болон Улсын дархан цаазат богдхаан уулын ойролцоо байдаг тул төсөл хэрэгжүүлэхийн өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах шаардлагатай" гэсэн юм.
 
 
Угтаа бол тус газрыг 2009 оны НИТХ-ын тогтоолоор нийслэлийн ундны усны хамгаалалтын бүсэд оруулжээ. Улаанбаатарчуудын ундны усны эх үүсвэр болох ус татах худагууд бүгд тус дүүрэгт байдгаас гадна уух усны минь талбай дээр "Люкс Нью Проперти Солюшн" компанийн "Happy Valley" буюу "Жаргалтай хөндий" харш тун удахгүй захиалгаа авч эхлэхээр зэхэж байна.
 
 
Дахиад л гайхаш тасрав, эрх мэдэлтнүүд ээ. Тус хорооны Засаг даргын хэлсэнээр газрын зөвшөөрөл бүү хэл хороондоо ямар ч намтар түүхээ бүртгүүлээгүй энэ хотхоны захиалга эхэлнэ гэнэ.
 
 
Компанийн захиалга борлуулалтын албанаас лавлавал, "Манайх газрын болоод үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй, эхний ээлжинд 20 айлын хаусыг ашиглалтад өгнө. Сингл хаус болон таун хаус гэсэн хоёр хорооллоос бүрддэг.
 
 
Сингл хаус хэсгийнх нь байрны ашиглалтын талбай нь хамгийн бага буюу 244 ам.метр бол таун хаусынх нь ашигтай талбайн хэмжээ 363 ам.метр. Одоогоор барилгын ажил эхлэхээр бэлтгэл хангаж байна.
 
 
Хаус хэдэн төгрөгөөр борлуулагдах вэ гэдэг нь яригдаж байгаа. Эцсийн байдлаар үнээ тохироогүй байгаа учраас хаус ямар үнэтэйг хэлэх боломжгүй байна" гэлээ. Нийслэлийнхний усны талбай дээр сандайлсан уг компанийн "тансаг харш шүү" хэмээн иргэдийн хулхин дээр цэцэг ургуулах уг хотхоныг 40-50 хятад барьж байгаа бөгөөд ил задгай өтгөн шингэнээ гадагшлуулдаг гэдгийг ч хорооных нь Засаг дарга онцоллоо.
 
 
Хавар, зун, намартаа намгийн мэлхий шиг шавар, усан дээр "хөвж" өвөлдөө хөлдүү мөсөн дээр ажилчид нь байдгийг ч тэрбээр дурьдсан. Хөлийн голын ай сав болон нийслэлийнхний усны талбай дээр хаус барьчихаад иргэдэд түүнээ сурталчилах энэ “харь цустай” компанид бодоход ч бодол эвлэмгүй дархан эрхийг хэн, хэзээ олгочихов оо.
 
 
Уг нь бол БОНХЯ-ны дэргэд Туул голын ай, савыг хамгаалах газар гэх сүржин нэртэй агентлаг хаалгаа нээжээ. Гэсэн ч уг газрын далайсан гap усан дээрх вант улсад нөлөөлдөггүйгээс гадна зөвхөн тус бүсэд ногоо тарьж амь зуудаг ядуус дээр үргэлж шахуу хүчтэй буудаг нь ямар гээчийн ялгаварлалын хууль үйлчлээд байгааг нутгийнхан ойлгохгүй асууж байна.
 
 
Ер нь ч тэгээд ганц "Люкс Нью Проперти Солюшн" ч гэлтгүй амьдралын минь үнэт "алт" болсон гүний болон гадаргын усыг шавхах зүй тогтол бүхий үйл ажиллагаа явуулдаг компаниудыг сонирхвол сэтгэл түгшээсэн мэдээ хэлж болохоор байна.
 
 
Улаанбаатар хотын хэмжээнд Туул голын сав газарт үйлдвэр, ахуйн гаралтай хаягдал бохир ус цэвэрлэх томоохон гэгдэх нийт 27 бохир ус цэвэрлэх байгууламж байгаа боловч эдгээрийн 11 нь хэвийн ажиллагаатай, тав нь хэвийн бус ажиллагаатай, 11 нь ажилладаггүй юм байна.
 
 
Мөн нийслэлд технологи, үйл ажиллагаандаа 30 гаруй төрлийн химийн бодис хэрэглэдэг арьс шир боловсруулах 34 үйлдвэр, өлөн боловсруулах 21 үйлдвэр, төрөл бүрийн угаагч бодис хэрэглэдэг ноос ноолуур угаах 24 үйлдвэр тус тус ажилладаг бөгөөд хотын төв цэвэрлэх байгууламжийн ариутгах татуургын төв шугамд бохирдолтой усаа нийлүүлж улмаар Туул голын бохирдлын эх үүсвэрийн голомт болгож байгааг анхаарах цаг нэгэнт болжээ, БОНХЯ-ны сайд аа.
 
 
Туул голын гольдролын бүсэд баригдаж буй барилга, байгууламж барих үйл ажиллагаа явуулж буй обьектуудын томоохноос нь дурьдвал, Хан-Уул дүүргийн Яармагийн гүүрний баруун талд,
 
 
Туул голын эрэг дээр барилгын ажил явуулж буй "Пума инженеринг" компани, Маршалын гүүрний баруун талд баригдаж буй "Стандарт" групийн барьж буй орон сууцны барилга, Сонгины булан дахь "Туул ривер контри сайд" гольфийн талбай,
 
 
Хүрхрээгийн аман дахь "Скай резорт"-ын гольфийн талбай, Баянзүрх дүүрэг дэхь "Хөлийн гол" орон сууцны барилга зэрэг обьектууд байна. Эдгээр обьектуудын барилга байгууламжийг барьж буй аж ахуйн нэгж, байгууллагууд нь голын дагуух бургас модыг замбараагүй ашиглаж сүйтгэх, голын гольдролыг хааж өөрчлөх, хөрс шороог ухаж эвдэх, цэвэр усны уст цэгийн эх үүсвэрүүдийг ширгээж хатаах,
 
 
Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийг сайжруулах зориулалтаар баригдсан уст цэгүүдийг эвдэж гэмтээх, усыг нь багасгаж ширгээх, шинээр дур мэдэн уст цэгүүд гаргах зэрэг ноцтой дутагдлуудыг гаргаж байгааг ойр орчмын оршин суугчид болон албаныхан нь хэлж байна.
 
 
Тэгвэл "Хөлийн гол"-д хэн дээрх том толгойтой компанид "хөзөр тоглох" эрхийг олгов гэсэн асуулт гарч ирээд болдоггүй ээ. Тэгвэл "Люкс Нью Проперти Солюшн" компани нь 2007 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр байгуулагдсан.
 
 
Барилга, барилга угсралт, барилгын материал, тоног төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хөдөлмөрийн гэрээний дагуу боловсон хүчин оруулж ирдэг гэсэн мэдээлэл байна.
 
 
Мөн тус компани СБД-ийн Татварын хэлтсийн ногдуулалтын хяналтаар 2012 оны III улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, НӨАТ-ын тайлангаар борлуулалтын орлогоо зөрүүтэй тайлагнасан 640 аж ахуйн нэгжид багтаж байжээ. Нийт 700 айлын харш сүнлэрлэж буй уг "Жаргалтай хөндий" хотхоныг захиалагч нь "Люкс нью протерти солюшн" компани бол гүйцэтгэгч нь Green building компани.
 
 
Тус хотхоны зураг төслийг "Арт консракшн", "Мон кусбасс" компани хийжээ. Юутай ч Хөлийн голын жаварт өвөлдөө мөстөж, зундаа усан дээр дэнжигнэж мэдэх тус хотхонд монгол хүн тансаглаж тааваараа жаргах боломж хэдэн хувьтай байх вэ.
 
 
М.Хатанбүүвэй
 
Эх сурвалж: