Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорлоо. Тэрээр өөрийгөө цэргийн хүмүүжилтэй, хурандаа хүн гэдэг. Эр цэргийн тангараг өргөсөн, ямар ч аюул тулгарсан буцах эрхгүй цэрэг хүний ёсоор бүхнийг давж гарах амьдралын хатуу зарчимтай гэдгээ ард түмэндээ тунхаглаж ирсэн.

Цар тахлын энэ явцыг Ерөнхий сайдын хувьд дайнтай адилтгаж ярьдаг. “Энэ бол дэлхий нийтийг түгшээсэн бактерлогийн дайн, дайны талбараас надад ухрах эрх байхгүй” гэж хэлдэг. Мөн “Монголчууд бид бүслэлтэд байна, дайтаж байна” хэмээн зогсоо зайгүй мэдэгдээд сүүлийн үед “гардан тулаанд орлоо” гэж хэлэх болсон. Тэгвэл энэхүү эр цэргийн тангараг өргөсөн дайчин хурандаа маань жинхэнэ дайны талбарт фронтоо хаяад хар тавхайгаа гялалзуулан зугтаав аа. Ямар ч аюул тулгарсан буцах эрхгүй гэж байсан хүн маань ард түмнээ дайны талбарт хаяад зугтдаг юм байна. Түүний огцрохдоо хийсэн мэдэгдлийг сонсоод, үнэхээр сэтгэл нь өвдөөд хариуцлага үүрч огцорч байна гэдэгт өнөөдөр хэнбугай ч үнэмшихээргүй болсон.

Монголын ард түмэн сүүлийн 30 жил улстөрчдийн тавьж буй улс төрийн энтертайнмент жүжгийг үзсээр байгаад юунд ч хууртахааргүй, юунд ч үнэмшихээргүй хэрсүү болсон. Улстөрчдийн хэлж буй үг, хийж буй мэдэгдлийн цаана ямар жүжиг нуугдаж буйг, ямар зорилготойгоор ийм үг, ийм үйлдэл гаргав гэдгийг сайн мэдэх болсон. Тиймээс Хүрэлсүхийн энэ удаагийн улс төрийн жүжгийн цаадах утга санаа, мөн чанарыг мэдэж буйн хувьд ард түмэн үнэмшихийн аргагүй гэж хэлээд байна. Дөнгөж төрсөн нэг эмэгтэйг өрөвдөөд, нүд хальтрам, элэг эмтрэм, зүрх шимшрэм байдалтай авч явсанд улсын Ерөнхий сайдын хувьд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж, тэр эмэгтэйгээс, ард түмнээсээ уучлал хүсч, ёс зүйн хариуцлага хүлээн Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна гэсэн. Дөнгөж төрсөн бүсгүй хүнийг, улаан нялзрай үрийнх нь хамт, өвчтэй байна гэх шалтгаанаар идэр есийн хүйтэнд халаттай, таавчигтай ачаад явсан нь үнэхээр хүйтэн сэтгэлтэй үйл явдал болсон. “Би л өвчин тусахгүй байвал бусад нь яахав” гэдэг манайхны хүний мөсгүй адгийн зан тэр эмэгтэй дээр гарсан. Харин үүний төлөө Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорч байна гэх мэдэгдэл нь зүгээр тавилттай хий хоосон жүжиг гэдэг нь ганцхан хоногийн дотор мэдрэгдлээ.

Үнэхээр л тэр эмэгтэйг өрөвдөж, өр нь зүсэгдээд Монголын Засгийн газар цаашид ажиллах боломжгүй болоод, ёс зүйн хувьд хариуцлага хүлээгээд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа юм бол хэлсэн ярьсандаа үнэнчээр хариуцлагаа хүлээх хэрэгтэй байлаа. Гэтэл сонсоод байх нь ээ Хүрэлсүхээс бусад нь буцаж сайдын албандаа ирж байгаа гээ биз дээ. Хүрэлсүхийн өөрийнх нь хоёрдугаар Ерөнхий сайд гэж яригддаг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, бүх сайд нараа ерөнхийлөн захирдаг Л.Оюун-Эрдэнэ буцаад Ерөнхий сайдын суудалд очихоор ямар юмных нь огцорсон засаг байхав дээ. Ингэж ард түмнээ хууран мэхэлж байгаа юм шиг илтээс доромжилж болохгүй. Л.Оюун-Эрдэнийн хувьд огцорсон Засгийн газраас хамгийн түрүүнд хариуцлага үүрэх ёстой, Засгийн газрын гал тогоог барьж ирсэн нөхөр. Тэгтэл тэр хүн нь Ерөнхий сайд болчихоор чинь юун хариуцлага, юун ёс зүй, ард түмнээ харах нүүргүй боллоо, юун өнөө төрсөн хүүхнийг хараад элэг шимшрэх вэ. Ард түмэн, ялангуяа залуучууд улс төрийн хариуцлага үүрч огцор хэмээн төв талбай дээр жагсаж, зарим нэг нь хувцсаа хүртэл тайлж нүцгэнээр эсэргүүцэл үзүүлж байсан Эрүүл мэндийн сайд буцаад ажил албандаа томилогдож байгаа дуулдана.

“Би өөрөө цэргийн хүн, офицер хүн. Дайны галын шугаман дээр цэргүүдээ командлан орж ялбал ялж, ялагдвал тэндээ үхдэг ийм хувь заяатай. Би өөрийн Засгийн газрын кабинетаа байгуулахдаа элэг бүтэн явна гэж байгуулсан. Харамсалтай нь ийм зүйл болж чадсангүй. Миний энэ огцорч байгаа байдал Монголын улс төрд шинэ зүйл оруулж ирэхийг үгүйсгэхгүй. Хариуцлагыг хамтаараа үүрдэг энэ зоригийнхоо үүднээс, хүүхэд байхаасаа олж авсан цэргийн хүмүүжил философийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын өндөр албан тушаалаас огцорч байна” гэж мэдэгдсэн. Тэгвэл У.Хүрэлсүх одоо байгаагаас бүр том болох сураг сонсдож эхэллээ. Үндсэндээ өөрийн даргалдаг эрх баригч намын буюу Ардын намаас Ерөнхийлөгчид нэр дэвшиж орж ирэх юм гэнэ. Тийм бодол агуулсан учир төрсөн хүүхнээр далим гарган, залуусын жагсаал цуглаанаар гул барин хариуцлага хүлээж байна, тангараг өргөсөн цэргийн хүн ийм байдаг хэмээн ард түмнээр магтуулах гэж, мөн огцорлоо хэмээн өрөвдүүлэх гэж улс төрийн оноо авах гэж ийм арга ядсан мэдэгдэл хийсэн байна. Ерөнхийлөгч болох тэмцлээ эхлүүлж байгаа нь огцорсон мэдэгдэлтэйгээ залгуулаад одоогийн Ерөнхийлөгч рүү дайрсан нь үг үйлдлээс нь тодорхой байсан. “Миний итгэж найдаж хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон түмнийг үймээн самуунд турхирч хөрөнгө санхүүжилт хийж өөрийн итгэл үнэмшлээр цугласан иргэдийн жагсаалыг улстөржүүлсэн. Миний итгэл найдвар алдарлаа” гээд долдугаар сарын 1 бүү давтагдаасай, миний огцрох шийдвэр үүнтэй холбоотой гэж шууд илэрхийлсэн. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгад Үндсэн хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой гэдгийг эрх баригч намын даргын хувьд албан ёсоор хэлнэ лээ. Түүний энэ шийдвэрийг УИХ ч хүлээн авч Их хурлын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгчийн энэ үйлдэлд хариуцлага хүлээлгэх ёстойг төрийн өндөр индэрээс мэдэгдсэн. Б.Энхбаяр нарын Ардын намын гишүүд ч Ерөнхий сайдыг огцруулах чуулганы хуралдааны үеэр Ерөнхийлөгч рүү илт дайрч байсан.

Хүрэлсүх “Миний бие улс төрөөс ингээд явж байгаа юм биш. Би цаашдаа Монгол төрийнхөө төлөө урьдын адил хүчин зүтгэнэ. Шударга ёсны төлөө, шударга шүүхтэй байхын төлөө зүтгэнэ, АТГ болоод бусад хууль хүчний байгууллага нэг хүнээс хараат бус байхын төлөө зүтгэнэ. Хэн нэгэн дуудаж, хэн нэгэнд ял өгдөг, гэм зэмгүй хүмүүсийг шоронд хийдэг, гэсгээдэг, өөрийнхөө өрсөлдөгчийг улс төрийн зорилгоор, хууль хүчний байгууллагыг ашиглаж намнадаг, хуулийн байгууллагуудын дарга нарыг томилохдоо түрүүлж өргөдлийг нь авдаг, улстөрчдийг айлгадаг, ийм төрийн тэргүүн байх ёсгүй” гэж Х.Баттулга руу хандсан мэдэгдэл хийж ард түмэн, эрх баригч нам үүнийг анхааралдаа авч хариуцлага тооцно гэдэгт итгэлтэй байна хэмээн дахин дахин хэлсэн. Энэ бол ард түмнээ бодоод, ёс зүйн хариуцлага үүрээд огцорч буй Ерөнхий сайдын үг огт биш.

Харин энэ бол бүр их том суудалд сууж хэмжээ дамжаагүй эрхт ноён болохыг санаархсан, асар том өшөө хорслын үг байв. Долдугаар сарын 1 дахиж давтагдах ёсгүй гэж хэлж байгаа ч долдугаар сарын 1-нээс дор зүйл рүү эрх баригч намаа, энэ Их хурлыг, ард түмнийг турхирч, зөвхөн Ерөнхийлөгч л гэсэн суудал нүдэнд нь харагдаад, түүнд хүрэхийн төлөө ямар ч аргаар төрийн эргэлт хийхэд бэлэн байгаа шүд зуулт байлаа. Галын шугамд фронтоо хаяад хар тавхайгаа гялалзуулан зугтаасан хурандаа хэн ч үнэмшихээргүй ийм хөгийн жүжиг тавьж байгааг Монголын ард түмэн харж байна.

Д.БАТБОЛД