Эрүүл ахуйч, тархвар судлаачдын үндэсний II зөвлөлгөөн эхэллээ
2013/11/02
“Эрүүл мэнд – Аюулгүй байдал” сэдвийн хүрээнд Эрүүл ахуйч, тархвар судлаачдын үндэсний II зөвлөлгөөнийг 11 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Төрийн ордны их танхимд зохион байгуулж байна.
Зөвлөлгөөний нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал үг хэлэхдээ, “Хотжилт, бүтээн байгуулалт, ялангуяа уул уурхай, хөдөө аж ахуйн салбар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа боловч хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байгааг таслан зогсооход мэргэжлийн байгууллагуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан монгол улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны үр дүнтэй механизмыг бий болгоход үндэсний II зөвлөлгөөн анхаарал хандуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Зөвлөлгөөний хүрээнд өнөөдөр Монгол улсад эрүүл ахуй, халдвар судлалын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.
Тус эрдэм шинжилгээний бага хурал нь хүн амыг өвчин эмгэгээс хамгаалах, сэргийлэх асуудлын цаашдын чиг хандлагыг салбарын судлаачид, эмч, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор тодорхойлох зорилготой юм.
Түүнчлэн Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн салбарын тогтолцоо, хүн амьдрах, ажиллах, сурах, хөдөлмөрлөх орчноос хүний эрүүл мэндэд үзүүлж буй нөлөө, халдварт өвчний тархалт, тэдгээрийн үүсгэгчийн онцлогийн талаар хийж буй судалгааны үр дүнгээс мэдээлэл солилцох аж.
Эрдэм шинжилгээний хуралд нийгмийн эрүүл мэндийн удирдлага, хууль эрх зүй, хүрээлэн буй орчин (агаар, ус, хөрсний эрүүл ахуй), хүүхдийн ахуй, хүнсний эрүүл ахуй, халдварт болон халдварт бус өвчний тархвар судлал, нян судлал чиглэлээр эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид, эмч, мэргэжилтэн, улсын байцаагчид, оюутнуудын хийсэн судалгааны 100 гаруй илтгэл ирүүлснийг эмхэтгэн хэвлүүлж, 30 илтгэлийг сонгон хэлэлцүүлнэ.
Зөвлөлгөөнийг Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Улсын мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран зохион байгууллаа.
Хуралд Монгол улсын эрүүл ахуй, халдвар судлалын салбарт ажиллаж буй нийслэлийн болон орон нутгийн 500 гаруй төлөөлөгчид оролцож байна.