Хуучин гэмтлийн эмнэлэг,  одоогийнхоор Түлэнхийн төв  57 жилийн өмнө Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа О.Дашийн нэрэмжит Арьсны түлэнхийн эмгэгийг нөхөн сэргээх эмнэлэг ашиглалтад орж байсан түүхтэй. Тэгвэл  Түлэнхийн төвийн барилгын  “хадан гэртээ” харих хугацаа нь болсон болохоор нурааж, суурин дээр нь   долоо найман давхар эмнэлэгийг барихаар болсон. Улмаар эмнэлэг барих төсвийг нь он дамжуулахаар болж  2014 оны төсвийн тухайн хуулинд суулгаж өгсөн ч хэзээ баригдах нь тодорхойгүй болчихлоо. Учир нь  энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх 700 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй 243 царцаасан обьект бий. Түүнд нь Түлэнхийн төвийн барилга орсон бөгөөд  энэ жилдээ барихгүй гэсэн юм яригдаж байна.  Тодруулбал  Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангадаар ахлуулсан ажлын хэсгийнхэн барилгыг энэ жилдээ барих хэрэггүй гэж үзэн санхүүжилтыг  зогсоогоод байна.   Учир нь Түлэнхийн төвийн барилгын төсөв нь нэмэгдсэн.  Нөгөө талаас долоон давхар барилгын зөвхөн нэг, хоёрдугаар давхарт нь  эмнэлэг байрлна. Бусад давхаруудад нь  хэн юу хийх нь тодорхойгүй гэсэн  тайлбар өгсөн.  

Өнөөдрийг хүртэл ачаалал ихтэй ч гэсэн эрвийх дэрвийхээрээ зүтгэж, иргэдэд  үйлчилж байгаа.  Түлэнхийн төв байхад тус төвөөр өдөртөө 30 гаруй хүн эмчлүүлдэг. Энэ бол улсын хэмжээнд ганцхан байдаг эмнэлэгт ахадсан тоо. Ийм хүнд  үед Түлэнхийн төвийнхөн  хувийн эмнэлгийн хоёр давхарт толгой хоргодож, түрээс төлөн  үйл ажиллагаагаа явуулж байна. Хэдийг төлж байгааг мэддэг нөхдүүд нь огт ярихгүй байна.  Хэний халаасийг хэдээр түнтүүлгэж байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл Түлэнхийн төвийн барилгыг барьчихбал  төрийн мөнгийг  хэн нэгний халаасыг зузаатгахгүй, хэмнэх боломжтой.  Хэмнэсэн мөнгөөрөө  хичнээн  өвчин намдаагч, боолт авах боломжтойг  эрх баригчид минь бодолцооч.

Түлэнхийн төвийн  барилгыг  барина, барихгүй гэж төр нь  иргэдээсээ мөнгө харамлаж байгаа энэ цаг үед Түлэнхийн төвийн газрыг эхнээс нь булаагаад эхэлсэн байх юм. Тодруулбал Түлэнхийн төвийн Арьсны нөхөн сэргээх тасгийн эрхлэгч О.Хишигсүрэн “Түлэнхийн төвийн зүүн талд барьсан орон сууцны барилгад эмнэлгийн хэсэг газар нь орчихсон. Бид өчнөөн удаа хэрэлдэж, тэмцээд дийлээгүй” гэдгийг учрилаж байсан.  Одоо эзэнгүй  байгаа энэ үед  хажууханд нь орон сууц бариад эхэлсэн байна лээ. Түлэнхийн төвийн газраас нь хумсалсан гэдгийг  эх сурвалжууд баталдаг.  

Эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих гэж байхад төр нь түмнээсээ харамламааргүй байна.  Идээд өнгөрөх биш,  та бидний үр хүүхдэд хэрэгтэй барилга гэдгийг бодолцмоор байна. Ингэж бодолцох ёстой барилгын нэг нь  Түлэнхийн төвийн барилга.  Төр нь  үл ойшоож  байгаа  ийм цаг үед ядаж  салбар хариуцсан сайд нь унхиагүй  царайлаад явж байгаа энэ байдлыг зогсоох цаг нь болсон л баймаар...

А.Баярмаа