"Крымын хямрал ба Монгол улс" хэлэлцүүлэг боллоо
2014/04/30
"Либерал Хаус” бодлогын судалгааны хүрээлэн, МУБИС-ийн Улс төр судлал, социологийн тэнхим, ШУТИС-ын Улс төр, олон нийтийн харилцааны профессорын баг, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Монголын улс төр судлаачдын нэгдсэн холбоо хамтран "Крымын хямрал ба Монгол улс" сэдэвт эрдэмтэн судлаачдын уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Улс төр, Эдийн засаг, Олон улсын харилцаа, Геополитикийн чиглэлийн судлаачид болон зарим телевизүүдийн олон улсын тоймч, экспертүүд оролцож санал бодлоо хуваалцсан байна.
Судлаачдын уулзалт хэлэлцүүлгээр, олон улсад өрнөж буй энэхүү хурцадмал үйл явдал нь Монгол Улсын гадаад харилцаа, аюулгүй байдал, эдийн засгийн хүрээнд хэрхэн нөлөөлөх, ирээдүйн төсөөлөлүүд гаргах, дээрх сэдвүүдээр олон нийтийн санаа бодолд хэвлэл мэдээллийн хандлага хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлохоор хэлэлцүүлэг өрнөсөн байна. Хэлэлцүүлэгийн өөр нэг зорилго нь судлаачдын дунд харилцан санал солилцдог баг бүрдүүлж шинэ соёл буй болгох, цаашид нэгдэж ажиллах уян хатан, хурдтай систем буй болгоход чиглэж байгааг ч Либерал хаус тинк танкын ерөнхий зохицуулагч О.Чулуунбилэг онцолжээ .
Хэлэлцүүлгийг зохион байгуулагчдын зүгээс, хэлэлцүүлгийн үр дүнд бодлогын зөвлөмж боловсруулж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, төрийн гурван өндөрлөг, чиглэлийн шийдвэр гаргах түвшний холбогдох байгууллагуудад уламжилахаа илэрхийллээ.
Дашрамд хэлэхэд "Либерал Хаус" бодлогын судалгааны хүрээлэнгээс соён гэгээрлийн хөтөлбөрүүд, тодорхой асуудлуудыг хөндсөн, эрдэмтэн судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэгийг цувралаар зохион байгуулах "Монголын Аргумент 50" төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа тухай мэдээллийг хэлэлцүүлгийн хаалт дээр Либерал хаусын сургалт, судалгаа хариуцсан байнгын хороон дарга Д.Батмөнх мэдээллээ.