Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Talon Petroleum” компани Монголын өмнөд хэсэгт нүүрсний хийн хайгуул хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Тус компани “Тэлмэн ресурс” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, “Гурвантэс 35” төслийн бүтээгдэхүүн хуваах гэрээнд 33 хувийг эзэмшихээр зорьж байгаа. Мөн хөрөнгө оруулагч нараас багадаа дөрвөн сая австрали долларын санхүүжилт татахаар болсныг “Эрдэнэс Тавантолгой” компанийн цахим хуудаснаа мэдээлжээ.

"Тэлмэн ресурс” компани төслийн талбайд эхний шатны хайгуулын хөтөлбөрөө хэрэгжүүлж дуусжээ. Мөн АМГТГ-тай яриа хэлэлцээ хийсэн бөгөөд ойрын саруудад бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж төлөвтэй байна. Хайгуулын талбайн хэмжээ 8400 км квадрат. Монгол Улс, БНХАУ-ын хилээс 20 км-ийн зайтай оршдог. “Elixir Energy”-ийн хайгуул амжилттай хийж байгаа “Номгон” метан хийн нүүрсний төслийн баруун хэсэгт холгүй байрладаг аж.

Австралийн Хөрөнгийн биржид “Talon Petroleum”-ийн нэгж хувьцааны ханш 0.01 австрали доллар байна.

Б.Оюундэлгэр

Эх сурвалж: Монцамэ агентлаг