Ярьснаасаа эсрэг кноп дарагчид ичиг ичиг
2014/05/01
Таны харж байгаа эдгээр гишүүд давхар дээлийг тайлах ёстой гэсэн байр суурьтай байсан. Харин өчигдөр хэлснээсээ эсрэг үйлдэл гаргаж олон хүний гайхшралыг төрүүллээ.
Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэв. 76 гишүүнээс 74 нь чуулганд сууж идэвхитэй оролцов. Харин санал дөрвөн гишүүний саналаар зөрж, давхар дээл тайлахааргүй болсон. Тэгвэл хэлснээсээ эсрэг үйлдэл хийж, Н.Алтанхуягийн Засгийн газарт үйлчилсэн байж болох үйлдлийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Уянга, Ц.Оюунбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар гаргасан.
Тэдний юу гэж хэлж байсныг хамтдаа эргэн санацгаая.
УИХ-ын гишүүн Г.Уянга: “Энэ асуудал л нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа учраас санал хураалтад оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн юм. Тэгтэл өчигдөр хэлснээ мартаад санал хураалтад АН-ынхантай “дөрөө харшууланхан” кноп дарсан байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн болон Х.Болорчулуун нарын хувьд даваа гараг бүрт мэдээлэл хийдэг бөгөөд энэ үеэрээ:” Ерөнхий сайдаас бусад нь давхар дээл өмсөхгүй байвал яасан юм. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтөө ярьсан нь дээр байх. Толгой улстөрчид нь булган дээл давхарлаж өмсдөг болсноо юу гэж үзээд байгаа юм” хэмээн ярьж байсан ч эсрэг кноп дарсан. Тэднийг Ерөнхий сайдтай уулзсан гэх яриа байгаа .
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Эрх баригчид эх орон чухал уу, албан тушаал чухал уу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй.
Өнөөдөр манай намаас Д.Тэрбишдагва, ИЗНН-аас С.Оюун, АН-аас Н.Алтанхуяг нар хоёр биш гурван давхар дээлтэй сууж байна шүү дээ. Энэ хүмүүс гурван давхар дээл давхарлаж өмсчихөөд яасан халууцдаггүй юм бэ. “Давхар дээл”-ийг хурдан тайлах ёстой
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: “Шударга ёс” эвслийг Засгийн газарт байгаа гээд дуугүй хараад сууж чадахгүй. Өнөөдөр эрүүл мэнд, хууль зүйн салбар уналтад орчихлоо. Нэг эмнэлгийн дарга томилж чадахгүй хэдэн ч сар болдог юм. Хаа саагүй хүнд суртал, бухимдал байна. Эмнэлгийн нэг хаалгаар ороод л үүнийг мэдэрнэ. Валютын ханшны зөрүү гаарч, ард түмний худалдан авах чадвар доройтож байгааг дуугүй хараад сууж чадахгүй шүү. Эдийн засгийн нөхцөл байдал ингэж хүндрэхийг Засгийг газар урьдчилан харах ёстой. Би чуулганы нэгдсэн хуралдаан дээр хүртэл Ерөнхий сайдад хандаж “Ард түмний амьдрал ямар байгааг бодитоор нь хараач” гэж удаа дараа анхааруулж байлаа. Эдийн засаг хүндэрч, ард иргэдийн амьдрал доройтож байхад “Манай Засгийн газрыг дэмжиж санал өг” гэсэн утга агуулгатай зүйл хэлж байна лээ хэмээн тэрбээр мэдэгдэж байсан удаатай.
Хэдийгээр таван хүний сонголтын асуудал мэт харагдаж байгаа ч тэд хэслнээсээ эсрэг үйлдэл гаргасан нь ямар учир байв? Тэдэнд бялуу хүртээх, албан тушаал, мөнгө төгрөг амласан гэх хардлага олон нийтэд байгаа.
Улс төрч хүн туйлбартай, асуудалд нухацтай хандах ёстой. Тэгтэл хэлснээсээ эсрэг үйлдэл хийсэн нь тэдний нэр хүнд асар ихээр унах нэг шалтгаан боллоо. Ичиг ичиг!!!
А.Баярмаа