МАН антагонист тэмцлээ Ерөнхийлөгчийн зүг эргүүллээ
2021/02/19
Ард Монголын антагонист тэмцэл
Марксист-ленинист үзэл пролетариуд /тэдний томъёоллоор хөл нүцгэн ажилчид, ядуус/ хөрөнгөтөн, газрын эздийн хооронд ангийн тэмцэл явагдах бөгөөд тэр нь антагонист буюу эвлэршгүй хатуу ширүүн тэмцэл байдаг тухай номлодог. Энэ номлолыг хэрэгжүүлсэн Орос, Монгол, Хятад, Европын зарим оронд цус урсаж, нулимс асгарсан билээ.
Харин ХХI зууны эрх чөлөөт, ардчилсан Монгол оронд энэхүү антагонист эвлэршгүй зөрчил тэмцэл улс төрийн намуудын хооронд дүрэлзэж байна. Үүний яруу тод жишээ бол 2008 оны 7 дугаар сарын 1-ний хэрэг явдал юм. Хэдийгээр сонгуулийн луйвраас үүдэлтэй байсан авч мөн чанар нь намуудын хоорондын зөрчил антагонист харгис хатуу болсныг 5 залуугийн амь насаар зул өргөснөөс харагдсан. Хамгийн харамсалтай нь сонгуулийн луйвар хийж, засаг төрийг хууль бус аргаар булаах улс төрийн гэмт хэрэг өдөөсөн нам, түүнийг гардан гүйцэтгэсэн засаг төрийн эрх мэдэлтнүүд өнөөг хүртэл эрх ямба эдэлж, өндөр сэнтийд заларсаар байна. Энэ хэргийн төлөө даалгавар биелүүлсэн хэдэн цагдаа шорон гянданд хоригдох төдийгөөр тэгэс гээд өнгөрсөн.Түүнээс хойш харин МАН “Засгийн тэргүүнээс засангийн хүмүүжигч” хүртэл яаж холиодгыг бас харуулаад зогсоогүй харин ч ид бах аятай зүдүү ард түмэндээ зоосгүй жүжиг тавьж, дараагий драма бэлтгэн маадайж сууна. Тэдний оюун санаа архи, хар тамхинд төдийгүй эрх мэдлийн тунд хордож донтсон ажээ.
Тэгвэл энэ бүхэнд Монголын Засгийн эрхийг 30 жил барьсан, хуваасан улс төрийн нэр бүхий намууд дүгнэлт хийсэн үү гэвэл тун эргэлзээтэй.Ямар ч үнээр хамаагүй Монголын төрийн жолоог атгах гэсэн үг, үйлдэл бүр хэмжээ хязгаараа давсныг бид өнөөдөр бэлхнээ харж байна. Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн эзэнтэй эзэнгүй хэрэгсэлүүдээр өдөр тутам явж буй нэвтрүүлгүүдийг хар л даа. Цул үзэн ядалт, үнэн худлаа нь үл мэдэгдэх гүтгэлэг доромжлол л байна.
АН дотоод тэмцэлдээ идэгдэн туйлдан унах хооронд өрсөлдөгчгүй гэж эндүүрсэн Ард нам ангийн антагонист тэмцлээ ардчиллаар овоглосон Ерөнхийлөгчийнхөө зүг эргүүллээ. Хууль эрх зүйн талаасаа бол энэ мэт зүйл эрх чөлөө, ардчиллыг тунхагласан ямар ч оронд боломжгүй байдаг.
Дээр нь бүх ард түмнээс сонгогдож, намын харъяалалгүй болсон Ерөнхийлөгчтэйгөө дайн зарласан нь зөвхөн Монголд, тэр дундаа ангийн тэмцлийн онолыг түүхийнхээ туршид магнайдаа залсан МАН-д л боломжтой. 21 дүгээр зуунд өөр боломж байхгүй.
Дэлхий дахиныг чичрүүлсэн Ковид-19 цар тахлаас үүдэлтэй ядуурал гуйланчлалыг олон улсын жишиг, туршлагаар бага ч болов хөнгөвчлөх зорилгоор Ерөнхийлөгч Х.Баттулга удаа дараа санаачлага гаргав. Бүр ядаад оффшор бүсээс хууль бус гарсан мөнгийг хураан авчирч өрх бүрд олгох 1 саяыг санхүүжүүлье гэлээ. МАН бүр салаавч үзүүлэв.
Ерөнхийлөгчийн гаргасан санаачлага болгоныг МАН жадлан эсэргүүцэж, бүр сүүлдээ түүндээ халууран Баттулгын эсрэг л бол түүний Ерөнхийлөгчийн эрх мэдлийнхээ хүрээнд тавьсан ямар ч хуулийн хоригийг хүлээж авахаа болив. Шүүхийн тухай хууль, АТГ-ын тухай хууль гээд захаас аван дурдаж болно. МАНы антагонист төрмөл ужиг тэмцэл хууль эрх зүйн хүрээнд нэвтрэн орлоо. Энэ бол тун аюултай. Улс орныг нэгэн махбодь гэж үзвэл түүний биед нэвтрэн орох титэм вирус бол энэ мөн. Энэ вирус улс орон оршин тогтнох эрх зүйн үндсийг бусниулан сүйтгэж, улс орны оршин тогтнол, аюулгүй байдалд хөнөөл учруулна.
Ингэхээр нөгөө бидний эх хэлээ /үүгээр үндэс угсаагаа гэж ойлгож болно/ хамгаалахын төлөө өмнөд их хөрштэйгөө ам муруйхад хүртэл ойртсон эх орон ч үзэл хаана байна аа? Хаана ч алга байна.
Эрх мэдлийн төлөө үхэн хатан тэмцэхдээ хэзээ ч эвлэршгүй антагонизмыг МАН сонгосон нь мөн л 20 дугаар зуунд гаднаас Монголд түгээсэн тахал билээ. Цар тахлыг тогтоон барихад вакцин хэрэгтэй.
Тэгвэл антагонист тахлыг дарах сайн вакцин бол намууд биш, ард түмний АУГАА ИХ НЭГДЭЛ НЯГТРАЛ болохыг дэлхийд цөөхүүлээ монгол түмэн минь ухаарч сэтгэж, сэрж сэхээрэх болтугай хэмээн энэ хэлхээг тэрлэв.Миний санаа танд заавал таалагдах албагүй.Та үзэл бодлоо илэрхийлэх дархан эрхийг минь хүндэтгэж, хуваалцахгүй юм гэхэд харааж зүхэхгүй байхыг хүн ёсоор эрхэмлэн хүсье. Хонгил нүхээр чирэх гэдэг “хонгор анд нар аюултай монхорууд” байсаар байгаа цагт дахин тэдэнд олз болохгүйг хичээх болно. Өнгөрөгч орон нутгийн сонгуулийн компанит ажлын үеэр эрх баригч МАН-ын үзүүлсэн сүр хүч арай дэндсэн. Манай үндсэн хуулийн үзэл санаа ёсоор ард иргэд сонголтоо хэний ч нөлөөн дор бус өөрсдөө чөлөөтэй хийх ёстой юм. Гэтэл Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд, сайд дарга даамлууд бараг бүгдээрээ орон нутагт сүр хүч үзүүлсэн нь нэг ёсны ард иргэдийн чөлөөт сонголтод нөлөөлсөн үйлдэл мөн. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН сүр хүчээ бага үзүүлээсэй билээ. Сүр хүч чинь дэндэж, эцэстээ нэгэн цаг дор унан доройтох нигууртай шүү.
Монгол Улс бол НҮБ болон олон улсын бусад байгууллагын гишүүн. Ийм утгаар энэ дэлхийн үнэт зүйл ёс цадигт захирагдах ёстой. Эцэст нь тэмдэглэхэд 3 сая ард түмэн чинь хуваагдаж, антагонист тэмцэлд намаа даган автлаа шүү. Энэ явдал бол Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх аюултай.
Дипломат, ОББЭЭ Түндэвдоржийн ЗАЛАА-УУЛ
Oodoo · 2021/02/22
Batlaga l iim baidald oruulsan doo.
Зочин · 2021/02/19
Тэтгэвэрт гарсан хүмүүс захиалгаар ард түмнийг турхирсан зүйл бичиж болохгүй шүү. Тэтгэвэрээ аваад сайн сайхныг мөрөөдөөд залбираад байж байхад сайхан биш үү
g · 2021/02/19
erunhiilugch huch muutai het sul bna putin shig hun l heregtei bna
Бат · 2021/02/19
Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна