Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам олон бичлэг задарна
2021/02/22
С.БҮЖИН
Улстөрчид өрсөлдөгчөө харлуулж, нийгэмд муухай харагдуулан нэр хүндийг нь унагаж, түүнээсээ ашиг хонжоо олж авах ажиллагаандаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашигладаг болоод удчихлаа. Хэрсүү уншигч, сонсогч, үзэгч энэ цагт илүү олон болж байна. Буруу, зөв, хар, цагааныг дэнсэлдэг олон мянган уншигч, үзэгч, сонсогчоо эн тэргүүнд эрэмбэлж олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хэн нэгэн улстөрчөөс хараат бус байх шаардлага үүсээд удаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэр бүхий шүүгч болоод хууль хяналтын байгууллагын ажилтны дугаар байрны тоотоос гарч буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдав.
Тэрхүү бичлэгт З.Болдбаатар, Д.Отгонбаатар, Б.Баасанцогт, П.Чулуунбаатар, Х.Идэр нарын хүмүүс байсныг мэдээлэл ил болгосон эх сурвалж бичсэн байв. Тэдний дөрөв нь хууль хяналтын байгууллагын ажилтан аж. Хяналтын камерт харагдаж буй огноогоор уг дүрс бичлэг бүх нийтийн хөл хорио тогтоохоос өмнө уулзсан харагдаж байв. Тэднийг хөл хорионы үеэр охид бүсгүйчүүдтэй архидан согтуурсан гэсэн мессэж олон нийтийн сүлжээгээр тархаж, иргэд шүүмжилсэн бас өмөөрсөн байр суурийг илэрхийлэв. Өмөөрч байгаа дийлэнх хэсэг нь ажлын бус цагаар найз нөхдөөрөө уулзаж болно. Хүний эрх гэж байсан бол гэж шүүмжлэгсэд нь шууд дүгнэлт хийж, үзэл бодлоо илэрхийлж, нийгмийг талцуулж байлаа. Эндээс уг бичлэг хэн нэг улстөрчийн захиалгатай харагдаж буй юм. Учир нь, орон сууцны хяналтын камерын бичлэгийн яг тэр хэсгийг нь тасдаж аваад олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэх нь зорилготой үйлдэл. Тухайн орон сууцны хяналтын камер 24 цагийн бичлэг хийдэг, орж, гарч байгаа бүхий л хүний дүрс хадгалагддаг байж таарна. Тэр бүгдээс шүүж дээрх хүмүүсийн уулзсан өдөр, огноог яг таг гаргаж, тасдаж авсан нь зохион байгуулалттай улс төрийн ажиллагаа гэж хардахад хүргэлээ. Бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьж буй нь үүнийг гэрчлэх үйл явц болж байна. Утасны үзүүрийг хөөвөөс, бичлэгт байгаа хүмүүс дундаас нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр анхаарал татаж байна.
Түүний хувьд нийгмийн анхааралд байсан чамгүй олон хэргийг шүүсэн. Тиймдээ ч улстөрчдийн анхаарлын төвд орж, хэн нэг улстөрч, албан тушаалтан хэвлэлийн бага хурал хийхдээ түүнийг худалдагсан, хонгилын шүүгч гэх мэтээр цоллож байсан нь цөөнгүй. Энэ бичлэгийг гаргаж тавьснаараа Х.Идэрийг албан тушаалаас нь буулгах, ёс зүйн хариуцлага хүлээлгэх алхам болно гэж тэд үзсэн үү гэх асуулт эндээс гарч ирнэ. Цаг хугацааг ухраан харвал, УИХын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү Х.Идэр 2014 оны долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчээр томилогдож байжээ. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн үг л дээ. Уг шүүхээр нийгмийн анхааралд орсон олон хэргийг шийдвэрлэж байв. Жишээ татвал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авсан гэх маргаантай холбоотой асуудлаар цагдан хориод байсан нэр бүхий албан тушаалтнуудыг сулласан. Тодруулбал, ХХБны ТУЗийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан майнинг корпорэйшн” ХХКийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорьж, шалгах тухай Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хүсэлт, нийслэлийн хяналтын прокурорын шийдвэрийг хүлээж авалгүй, сулласан явдал юм. Энэ шийдвэрийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр гаргаж байв. Энэ үед өрнөсөн үйл явдлаас нэг зүйл анхаарал татаж буй.
2018 оны сүүлчээс 2019 оны хоёрдугаар сарын эхэн хүртэл өөрсдийгөө “Шударга тав” хэмээн нэрлэсэн тухайн үеийн УИХын гишүүн Л.ОюунЭрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Болд нар шүүгч Х.Идэрт хариуцлага тооцуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АТГын дарга Х.Энхжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт нарт хандаж байв. Гэсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй. Нэг ёсондоо хэн ч дорвитой хариу өгөөгүй гэсэн үг. Үүний дараа УИХын гишүүн Л.ОюунЭрдэнэ ЗГХЭГын дарга болж, “Эрдэнэт”ийн 49 хувийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар нэг хэсэг ажиллав. Тэрбээр тухайн үедээ хонгилын шүүгч Х.Идэр хэмээн нэг бус удаа хэвлэлийн хурлын үеэр зарлаж байсан юм. Гэвч төд удалгүй “Эрдэнэт”ийн 49 хувийг шалгах ажлын хэсгийн ахлагч өөрчлөгдөж, эл яриа нэг хэсэг намжаад байсан билээ. Одоо Ерөнхий сайд болж эрх мэдлийг авсан учраас дээрх ажлын хэсгийн ажлыг идэвхжүүлэхээр ярилцсан гэх мэдээлэл байна. Улстөрчид увайгүй үйлдэлдээ хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж, нийгмийг талцуулж байгааг нийтээрээ харлаа. Бичлэгт гарч буй охид бүсгүйчүүдийг биеэ үнэлэгч гэж тодотгож бичсэн байсан нь ийн хүний эрхийн зөрчилд хүргэв, бас талцуулав. Угтаа бол биеэ үнэлсэн эсэхийг нь хэн тогтоов гээд аваад үзэхээр “сонин”. Нийгэм бухимдалтай байгаагийн тод жишээ болов. Бидэнд ч ёс зүйтэй байх, зарчмаа мөрдөх ёстойг улам бүр сануулсан үйл явц байв.
npost.mn - ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Zochin · 2021/02/22
Huulch hun es zuich baih estoi