ЦЕГ: Биеэ үнэлэлт зохион байгуулсан нь үндэслэлтэй байна гэж үзсэн
2021/02/22
Цахим орчинд өнгөрсөн амралтын өдрөөр хууль, шүүхийн эрх мэдэл бүхий хэсэг хүмүүс PARKVIEW хотхоны 752-р байрны дугаар тоотод цугласан бичлэг цацагдан олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм.
Энэ бичлэгийн талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү мэдээлэл өгөхдөө: Бичлэг цацагдаад хоёр хонож байна. Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй зүйлүүд яригдаж байна. МУ-ын эрүүгийн хуулийн 12.6.1-д заасан биеэ үнэлэлтийг зохион байгуулсан гэдгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтай прокурорт хүргүүлсэн. Амралтын өдөр хойшлуулашгүй ажиллагаа явуулж, тухайн газар байсан хүмүүсээс тайлбар авч, материалжуулсан. Биеэ үнэлэлт зохион байгуулсан нь үндэслэлтэй байна гэж үзсэн. Нэр дурдагдсан хүмүүсээс ямартай ч мэдүүлэг, тайлбар авсан. Орон байрны бичлэг задарсныг мөн Цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Түүнчлэн тухайн бичлэгт байсан эмэгтэйчүүдийн дансаар мөнгө шилжүүлсэн гэх мэдээллийн талаар ярихдаа, шалгалтын явцад тиймэрхүү зүйлүүд илэрч байгаа. Эцэслэн хэрэг бүртгэлт нээгээд шалгаж тодруулах, мөрдөн шалгах үйл ажиллагааны талаар Прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгнө гэв.