Ард коины ханшны өсөлт бодит өсөлт үү, хөөсрөл үү сэдвээр ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, доктор Г.Ганзоригтой ярилцлаа.

-Та хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаагаа явуулж буй компани тэр дунд ард койны ханшид мониторинг хийсэн гэлээ.Судалгааныхаа талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-Юуны өмнө миний бие ард коин худалдан авсан байгаа тул гарчиг дээрх асуултад хариулсан миний хариулт бол сонирхлын зөрчилтэй хариулт байх болно. Би хөрөнгийн зах зээл, крипто валютын зах зээл болон эдгээр зах зээл дээрх хөрөнгийн үнэ судлаач биш. Мөн Ард санхүүгийн нэгдлийн 21 компанийн алинд нь ч ямар нэгэн байдлаар ажиллаж байгаагүй. Гэрээт ажил гүйцэтгэж байгаагүй болохыг уншигч та бүхэн тунгаан бодно уу гэж хэлмээр байна. Би өнгөрсөн сарын 13-наас эхэлж судалгаанд ашиглах зорилгоор ард коины үнэ, эрэлт, нийлүүлэлт, улс оронд өрнөсөн үйл явдал, Ард санхүүгийн нэгдлээс гаргасан мэдэгдэл, ард коинтой холбоотой фэйсбүүкийн группүүд дээрх постууд, коментуудыг судалж байна. Өөрийн цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн ард коины өнөөгийн ханшийн өсөлт нь бодит өсөлт үү, хөөсрөл үү гэдэг дээр өөрийн үзэл бодол, баримт нотолгоогоо хуваалцъя. Хамгийн эхэнд  “Үнийн хөөс” гэж юуг хэлэх вэ гэдгийн тайлбарлая. “Үнийн хөөс” буюу “Price bubble” гэдэг нь тухайн хөрөнгийн зах зээл дээрх үнэ (market value) нь “үндсэн үнэ цэнэ” (fundamental value)-ээс их хэмжээгээр давсан үнийг хэлнэ. Энд зах зээлийн үнэ гэдэг нь зах зээл дээр тухайн хөрөнгийг худалдан авах, зарах үнэ, харин үндсэн үнэ гэдэг нь тухайн хөрөнгийг үйлдвэрлэх, бий болгоход зарцуулсан зардлыг хэлнэ.  Нэг ширхэг ард коины үндсэн үнэ цэнэ нь хэдэн төгрөг вэ гэдгийг тооцох боломж хомс байна. Ард коиныг бүтээхийн тулд Ард санхүүгийн нэгдэл нь гар утасны ард аппликейшн хийх, түүндээ Дакс (DAX) буюу дижитал хөрөнгийн бирж бүтээх ажилд олон жилийн турш хүн хүч, хөрөнгө зарцуулсан. Тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Бид хэдэн тэрбум төгрөгийг энэ аппликейшн, Даксыг бүтээхэд зарцуулсан” гэж саяхны лайв дээрээ дурдаж байсан. Мөн тэрээр одоогийн зах зээл дээрх үнэ бол үндсэн үнэдээ хүрээгүй байгаа гэж хэд хэдэн удаагийн лайв дээрээ бас хэлж байсан. Гэхдээ үндсэн үнэ гэдэгтээ яг юуг оруулж тооцож байгаа нь тодорхойгүй, магадгүй тодорхойлох боломжгүй ч байж болно. Учир нь крипто валют нь өөрөө агаар дээрх хийсвэр зүйл, гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй, бодит бус учраас үүний үндсэн үнэ цэнийг тооцох боломжгүй. Үндсэн үнэ хэд болохыг нь тогтоох боломжгүй хөрөнгийн үнийн өсөлтийг хөөсрөл эсвэл биш гэж хэлэх боломжгүй. Нөгөө талаас крипто валютын үнийн хөөсрөлийг судлах шинжлэх ухааны үндэслэлтэй арга техник, статистик, эконометрик арга зүй 2013 оноос хойш хэд хэд гарсан байна. Гэтэл ард коины үнийн өсөлтийг хөөсрөл үү, бодит өсөлт үү гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалсан судалгаа одоогоор байхгүй байна. Тиймээс миний дор бичсэн зүйлс нь мөн шинжлэх ухааны үндэслэлгүй хариулт юм. Ч.Ганхуягийн хэлснээр ард коин нь “дэлхийд байхгүй крипто валют” өөрөөр хэлбэл, ард коин нь дэлхий дээр байгаа 4.501 крипто валютаас юугаараа ялгаатай вэ гэвэл Ард санхүүгийн нэгдлийн 21 компанийн 5.158.308 мянган ширхэг урамшууллын оноо юм. Яг л Петровисийн шатахуун худалдан авахад өгдөг “Рэд поинт”, Юнител компанийн “Юү пойнт”-той ижил. Хамгийн гол онцлог нь энэ урамшууллын оноог блокчэйн технологитой холбон хүмүүс хоорондоо наймаалцах боломжийг олгосон нь дэлхийд байхгүй финтек инноваци болоод байна. Өөрөөр хэлбэл, бусад крипто валютаас ялгагдах ялгаа нь энэ коиныг бүтээсэн эзэд нь Ард санхүүгийн нэгдэл бөгөөд ард коины үнийн түвшин нь “Ард санхүүгийн нэгдлийн итгэлийн индекс” буюу энэ компани өсөн дэвжихэд нэмэгдэх, уруудан доройтвол буурах магадлалтай крипто валют юм. Гэхдээ ард коин нь крипто валютын үндсэн хэв шинжийг олоод олон нийтэд танигдаад хэдэн сая хүн тус валютыг арилжаад эхэлбэл энэ компанийн үйл ажиллагаанаас үл хамааран үнэ нь тогтдог болох боломжтой. Энэ нь компанийн хувьцаанаас ялгарах гол ялгаа болно. Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн хүрээнд энэ коиныг гаргаж арилжаанд оруулсан нь онцлог болно. Учир нь крипто валютыг зохицуулах хууль, дүрэм журамтай улс цөөхөн. Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны А-45 дугаар тушаалаар “Цахим мөнгөний журам” баталсан. Энэ журам нь Монгол Улсад крипто валютын арилжааг зохицуулсан цорын ганц баримт бичиг болж байна. Уг журмын дагуу ард аппликейшн дэх харилцах дансанд дээд тал нь 50 сая төгрөг байлгах боломжтой. Үүнээс хэтрүүлэх боломжгүй, цаашилбал нэг удаагийн гүйлгээ нэг сая төгрөг, нэг өдрийн гүйлгээ  гурван сая төгрөгөөс хэтэрч болохгүй. Эдгээр зохицуулалт нь ард коины үнийг хэт савлуулахаас сэргийлсэн зохицуулалт гэж хэлж болохоор байна. Гэвч нөгөө талд арилжаанд оролцогчид 50-аас дээш сая төгрөгөөр арилжаанд оролцох сонирхлыг боомилсон гэж үзэж болохоор байна.

- Үнэ өссөн шалтгааныг та юу гэж тайлбарлах вэ?

-Ямар нэгэн гадны хийсвэр, хуурамч, луйврын шинжтэй хүчин зүйл нөлөөлөөгүй бол хөөсрөл биш бодит өсөлт гэж үзэх үндэслэлтэй. Тиймээс ард коины үнэ өсөх болсон шалтгааныг авч үзье. Үүнд 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд Монгол Улс бүх нийтийн бэлэн байдалд шилжиж хөл хорио тогтоосон. Энэ үеэс цахим худалдаа, цахим хичээл гэсэн цахимтай холбоотой үйлчилгээ ид хүчээ авч, хүмүүс цахимаар орлого олох аргыг хайж эхэлсэн. 2020 оны арванхоёрдугаар сарын 13-нд Монгол HD телевизээр “Аппрентис” шоу гарч эхэлсэн нь 2021 оны хоёрдугаар сарын 14-нд дууссан. Энэ шоуны ач гавьяа нь “Ард санхүүгийн нэгдэл”-ийн үнэт зүйл, зарчим, бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын иргэдэд тод томруунаар харуулж тус компанид итгэх итгэлийг эрс нэмэгдүүлсэн. Энэ шоу нь “Ард санхүүгийн нэгдэл”, “Ард кредит” ББСБ,” “Ард даатгал” ХХК-ийн гурван хувьцааны үнийн өсөлтөд хүчтэй нөлөөлсөн, мөн ард коины үнэ ч өссөн. Шоу дууссаны дараа хувьцаа болон ард коины үнэ унах хүлээлт байсан хэдий ч эрэлт их хэвээр байв. 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр “Дакс” ажилд орсон. Өөрөөр хэлбэл, ард коиныг гар утсан дээрээс авч, зарах боломж бүрдсэн. Энэ өдрийн нэг ард коинны ханш 218 төгрөг байсан бөгөөд 24 цагт 136.322. 950.40 төгрөгийн арилжаа хийсэн байна. Дакс ашиглалтад орсноор хөл хорионд байгаа иргэд арилжаанд идэвхтэй оролцож ард коин худалдан авах эрэлт нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл,  2020 оны арванхоёрдугаар сарын 14-нөөс энэ сарын 13-ны хооронд DAX дээр нийт 1.591.489.180 ширхэг ард коин зарагдаж, 41.324.797.054 төгрөгийн арилжаа хийсэн нь ард коины түүхэнд байгаагүй амжилт болсон байна. Мөн 2020 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 100 мянгаас дээш ард коинтой 420 хүн байсан бол 2021 оны энэ сарын 13-ны байдлаар 1.222 хүн болж бараг гурав  дахин өссөн байна. Түүнчлэн 2020 онд ард аппликейшн хэрэглэгчдийн тоо 450 мянга байсан бол энэ сарын  20-ны байдлаар 700 мянгад хүрсэн байна. Сүүлийн үед Дакс гацах асуудал их гарах болсон нь олны дургүйцлийг хүргэсэн. Гэхдээ үүний цаана ард коины арилжаанд оролцогчид, сонирхогчдын тоо их байгааг харуулж байна. Мөн энэ сарын 20-нд болсон Даксын дөрвөн хувилбарын нээлтийн лайваар нэг зэрэг 10 мянган хүн Дакс руу нэвтэрч байгаа. Өдөрт 8-10 мянган дуудлага нь ард санхүүгийн нэгдлийн 40 операторт ирдэг болсон гэсэн мэдээллээс харахад түүхэндээ байгаагүй олон тооны хүн энэ валютыг сонирхож, арилжаанд оролцож байгааг илтгэнэ. Энэ оны нэгдүгээр сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдал цуцлагдав. Энэ үед ард коины үнэ өссөн хэвээр байсан. Нэгдүгээр сарын 16-нд ард коины үнэ 13 төгрөг байснаа нэгдүгээр сарын 17-нд 30 төгрөгт хүрсэн нь өмнөх сартай харьцуулахад хамгийн өндөр өсөлт болсон. Энэ үеэс эхлээд ард коины үнийн үсрэлт хэд хэдэн удаа хийсэн. Энд ард коины үнэ өссөнөөр хямд авсан хүмүүс коиноо зарж COVID-19 цар тахлын хэцүү цагт гар утсан дээрээс мөнгө олж болдог гэдэг сэтгэлгээг авч эхэлсэн. Гэвч ард коины үнэ унаж нэгдүгээр сарын 17-ноос энэ  сарын 6-ныг хүртэл 22-23 төгрөгийн хооронд хэлбэлзэж байв.

-Мөн хувьцааны багц урамшуулал зарлаж худалдаж авсан хувьцааны тоогоор коин өгөх болсон нь ханшийн өсөлтийг нэмэгдүүлсэн байх?

- Өнгөрсөн  сарын 25-нд Ч.Ганхуяг Ард санхүүгийн нэгдлийн хувьцааг 3000 төгрөгөөр үнэлж нэг сая төгрөгт 333 ард хувьцаа, 3000 ширхэг ард коин өгөх урамшуулал зарлаж энэ сарын 6-нд хааж нийт 3.335 хүнээс 4.5 тэрбум төгрөг босгосон. Энэ мөнгөөр хоёр  арилжааны банкинд хөрөнгө оруулна гэж мэдэгдсэн. Энэ ажлаа үргэлжлүүлэн гадаадад мөн орон нутагт байгаа монголчуудад энэ боломжийг нээж 5.465 хүнээс гурван тэрбум төгрөг босгосон. Энэ ажлын хүрээнд энэ сарын 20-ны байдлаар 4-5 стратегийн хөрөнгө оруулагч нараас 11 тэрбум төгрөг босгосон. Цаашлаад долоон тэрбум төгрөг босгох хэлэлцээр хийж байгаа тухайгаа зарласан. Ард санхүүгийн нэгдлийн хувьцааны үнэ, ард коины үнэ өсөх нь “Банкинд хөрөнгө оруулах” компанит ажилтай уялдаатай гэж хэлж болно. Энэ сарын 6-нд Ард санхүүгийн нэгдлээс цагаан сарын бэлэг болгон банкинд хөрөнгө оруулахаар хувьцаа худалдаж авсан 3.335 хүнд 1-5 сая төгрөгийг эхний 45 хоногт хүүгүй зээлэх, энэ хүмүүст 10 сая коин тараах мөн хоёр орчим тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд тараахаа мэдэгдсэн. Энэ өдөр ард коины үнэ огцом өсч 25 төгрөгт хүрсэн. Энэ өдөр  арилжаалсан ард коины тоо 25.765.809.70 ширхэгт хүрсэн нь өмнөх өдрийн мөн үеэс 6.19 дахин өссөн. Өөрөөр хэлбэл, ард коин худалдан авагчдын тоо, худалдан авсан хэмжээ хурдацтай өссөн. Энэ өдөр болсон лайв дээр Ч.Ганхуяг “... урамшууллаар олгож буй мянга мянган ард коиныг бид зах зээл дээрээс худалдаж аваад та нарт өгч байгаа юм” гэж хэлсэн. Мөн энэ сарын 21-нд “Ард санхүүгийн нэгдэл”-ийн  хөрөнгө оруулалт хариуцсан захирал Э.Амарбаясгалан өөрийн фэйсбүүктээ “... олгосон коиныхоо талыг захаас буцаан худалдаж авдаг” гэж бичсэн.  Эндээс харвал тус нэгдэл нь ард коины зах зээл дээрх эрэлтийг бий болгох буюу зах зээл дээрээс энэ өдөр их хэмжээний коин худалдаж авснаар тухайн өдрийн ханш өссөн байх магадлалтай. Гэхдээ нөгөөтэйгүүр,  ард коиныг гаргасан компани нь өөрсдөө худалдан авч болохгүй гэсэн ямар нэгэн хууль, дүрэм, журам байхгүй. Тиймээс компани энэ зэргийн тоглолт хийхийг үгүйсгэхгүй. Худалдан авалт нэмэгдвэл үнэ өснө, харин ихээр буцааж зарвал үнэ буурна. “Үнийн хөөсрөл” нь үнэ огцом буурсны дараа л хөөсрөл байсан гэдгийг нь мэдэх боломжтой болдог. Одоогоор үнэ унах хандлага ажиглагдахгүй байгаа нь одоогийн үнийн өсөлт нь хөөсрөлт мөн эсэхийг хэлэх ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн Ард коины ханш 285 төгрөг байгаа нь маргааш хүрэх 2850 төгрөгтэй харьцуулахад өчүүхэн бага байх магадлалтай. Тиймээс өнөөдрийн 285 төгрөгийг хөөс гэж хэлэх боломжгүй. Харин маргаашийн ханш унаад 28 төгрөгт хүрвэл өнөөдрийн ханшийг хөөс байсан гэж хэлэх үндэслэлтэй болно.

 

Үргэлжлэл бий....

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин