МАН, МАХН нэгдэх хэлэлцээ эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Хэлэлцээ амжилттай үргэлжилж, МАН, МАХН нэгдэх буюу эвсэл болохын аль нэг хэлбэрээр хамтран ажиллахаар үндсэндээ санал нэгдээд байна. Ингэхдээ МАХН-ын зүгээс эхэлж санаачилга гарган, МАН, МАХН-ын нийт гишүүдийн санал хураалтын дүнд шийдвэр гаргаж буй мэтээр нэгдэх үйл явцыг зохиомжлохоор төлөвлөжээ.

Харин УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар МАХН, МАН нэгдэх, эвсэхийг яагаад ч зөвшөөрөхгүй байгаа ажээ. Энэ нь ч өчигдөр ил болов. МАХН-аас өчигдөр буюу 2 сарын 28-нд Монголд улс төрийн нам байгуулагдсаны 100 жил, эх орончдын өдрийн баярын хурал гэгчийг зохион байгуулсан юм. Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, МАХН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Тулга, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, Баянзүрх дүүргийн МАХН-ын түмтын дарга Б.Золзаяа нар оролцов. Хурлыг нээж, МАХН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Тулга илтгэл тавихдаа: “Өнгөрүүлсэн 100 жилийн түүхийн сургамжийн ард, ирээдүйн 100 жилийн их түүхийн бүтээлийн өмнө МАН ба МАХН хэмээх хоёр улс төрийн намын салсан зам эргэн нийлэх цаг хугацаа, орон зайн нөхцөл байдал үүсэн бүрэлдэж байна. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх тэргүүтэй өнөөгийн удирдлагууд нь монголын талд ашигтай нөхцлөөр байгуулагдах ёстой байсан Оюутолгойн гэрээг засан сайжруулах,  монголчуудын эрх ашгийг уландаа гишгэж илт хууль бусаар байгуулсан Дубайн гэрээг цуцлаж, хүчингүй болгох, Монголын засгийн газарт давуу эрхээр ирэх ёстой байсан Эрдэнэт УБҮ-ийн 49%-ийн хувьцааг төрийн мөнгөөр хувьдаа завшсан гэмт үйлдлийг таслан зогсоож, Салхитын мөнгөний ордыг монголын ард түмний мэдэлд авч байгаа зэрэг олон эх оронч үйлдэл нь МАХН ба МАН хэмээн салсан гол зөрчлийг арилгах улс төрийн нөхцлийг бүрэлдүүлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газар нь МАХН-ын мөрийн хөтөлбөрийн цөм болсон зээлийн хүүг 3 хувь болтол бууруулах, монголын өрх бүрийн орон сууцтай болгох зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлхээр зарлаж, Коронавирусын улмаас доголдсон эдийн засгийг эргэн сэргээх 10 их наядын хөтөлбөрийг зарлаж байгаа зэрэг нь улс орныг удирдах, үндэсний эдийн засгийн шинэ бодлогыг хэрэгжүүлэх шинэлэг арга барил, сэтгэлгээ бүхий шинэ лидерүүд МАН-ын удирдлагад гарч ирсэнийг илтгэхийн зэрэгцээ эдгээр нь МАХН-аас зарлан, санал болгодог эдийн засгийн хувьсгал, үндэсний эдийн засгийн бодлого зэрэгтэй тун ойрхон, нийлэмжтэй байгааг дурдах нь зүйтэй болов уу. Нэгэнт түүхийнхээ нэгээхэн хэсэгт бий болсон улс төрийн шийдэл, гаргалгаанаас шалтгаалан зөрөлдсөн намуудын үзэл бодол, харилцаа хандлага нь 100 жилийнхээ түүхт ойн босгон дээр эргэн ойртож буй нь аль аль намын гишүүд дэмжигчдийн дундаас тухайлбал МАХН-ын гишүүд, Зуут, Мянгат, Түмтийн дарга нарын санал, санаачилга, шахалт шаардлагаар тус намын удирдах бүрэлдэхүүнд ирсээр байгаагаас тод илрэн харагдаж байна.” хэмээв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын илтгэлд ч: “МАХН, МАН-ын гишүүд, дэмжигчид хоёр намын түүхэн 100 жилийн ойг тохиолдулан, хамгийн гол нь Монгол Улс, Монголын ард түмний өмнө тулгамдсан томоохон асуудлуудыг цогцоор нь амжилттай шийдвэрлэхийн тулд хоёр намын үйл ажиллагааг ойртуулан нэгтгэх, ингэснээр Монгол Улсыг дэлхийн хөгжилтэй орнуудын тоонд оруулах томоохон зорилгыг богино хугацаанд хэрэгжүүлэх хүндхэн ачааг нэр төртэй үүрэх чадвартай томоохон, бүтэн нам болох саналыг өөрсдийн санаачилгаар гарган давалгаалуулвал хоёр намын удирдлага намын гишүүд, дэмжигчдийнхээ саналд тулгуурлан шийдвэрлэх нь ардчилсан зарчимд бүрэн нийцнэ хэмээн үзэж байгаагаа илэрхийлье.” хэмээсэн юм. Уг илтгэлүүдийн дараа хуралд оролцогсод баяр хүргэн алга таших үед УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар ганцаараа цаасаа барин, юм бодсоор сууж байв.

Улмаар энэ үеэр илтгэл тавьсан УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар: “МАХН Улстөрийн олонх болсон хүчинд ойр байх биш ард түмэндээ ойр байх ёстой МАН луйварчин улс төрчдөөсөө салаад МАХН дээр ирвэл би зөвшөөрнө.Ц.Нямдорж, Сү.Батболд, С.Баяр, Н.Багабанди нарыг МАН-ынхан хөөсөн байна гэж би сонсоогүй. МАХН өөрийн зарчим, байр суурин дээрээ хатуу зогсох ёстой. МАН, МАХН нэгдэх ёстой гэж ярьж буй хүмүүсээс асууя, өлсөж үхэх гээд байна уу? Эрх мэдлийг ард түмнээс авдаг болохоос эрх баригч хүчнээс гуйж авдаггүй юм” гэх нь тэр.

Үүний дараахан уг хурлыг шууд дамжуулсан “ТВ-9” телевиз өөрийнхөө цахим хуудастаа бичлэгээ яаран сандран устгав. Эх сурвалжуудын хэлж буйгаар МАХН-ынхан эх орончдын баярыг угтан, МАН, МАХН нэгдэх санаачилгыг өөрийн намаас анхлан эхлүүлж, ингэхдээ У.Хүрэлсүхийн ачаар МАН, МАХН салах үеийн зөрчил арилсан, Л.Оюун-Эрдэнийн ачаар МАН, МАХН-ын бодлого нэг болсон гэсэн мессежийг улс төрийн хүрээнд бөгөөд намынхаа гишүүдэд өгөхөөр уг арга хэмжээг зохион байгуулсан аж. Гэвч зөвхөн уул уурхай, баялгын үндэсний үзэлтэй холбоотой илтгэл л тавина хэмээн уг хуралд оролцсон УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар уг төлөвлөгөөг үгүй хийж, МАХН, МАН яагаад ч нэгдэж болохгүй гэсэн үгсийг хэлж орхижээ. Хурлын дараа Н.Энхбаяр, С.Ганбаатар нар үг зөрсөн бөгөөд С.Ганбаатар хэрэв МАХН, МАН ямар нэг байдлаар хамтран ажиллах шийдвэр гарвал намаа авч үлдэхийн төлөө тэмцэнэ гэдгээ эрс шулуун илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл МАХН ба С.Ганбаатарын зам салж буй нь тодорхой болсон байна.

Э.Мягмардорж