Төсвөө шавхаад Монголбанкаа “мод бариулах” аянд мордов уу
2021/03/16
ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР Р.ДАВААДОРЖ
Засгийн газраас хэрэгжүүлэх хямралын эсрэг арга хэмжээнүүдийг төсвөөс биш Монголбанкны эх үүсвэрээр санхүүжүүлэх юм байна.
Монголбанкинд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулахаар шийдсэн талаар Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгч нар удаа дараа мэдээлэл хийв. Өнгөрсөн оны аравдугаар сард Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2021 оны үндсэн чиглэлийг УИХ-аас батлахдаа ийм хэмжээний мөнгийг зах зээлд оруулах талаар огт хөндөөгүй.
2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ч ийм асуудал байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд “Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг” заасан байдаг. Тухайлбал, “Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг уялдуулан батална” гэс эн заалт бий. Мөн хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдвол УИХ онц байдал зарлах ёстой ажээ.
УИХ -ын дээр дурдсан бүрэн эрхийг үл харгалзан 2020 оны 4 сарын 4-ний өдөр Засгийн газраас өргөн барьсан “Коронавируст халдвар / КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг УИХ баталлаа. УИХ 2021 оны төсвийг 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар баталсан .Гэтэл өнгөрсөн оны наймдугаар сард 2020 оны төсвийн тодотголыг хийхдээ 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар хуульчилсан. Ийнхүү 2020, 2021 онуудад нийт долоон их наяд төгрөгний өр үйлдвэрлэхээр боллоо . Ийм хэмжээний санхүүжилтээр буюу долоон их наяд төгрөгөөр 200 мянган өрхийг шинээр байранд оруулж болно. Нэг бог малыг 150 мянган төгрөгөөр тооцвол Монгол улсын нийт малын 65 хувь буюу 46 сая толгой бог малтай дүйцэх хэмжээний хөрөнгийг хоёрхон жилийн хугацаанд үрж байгаа нь хайран биш гэж үү.Төсвийн алдагдал бол өр болно. Тиймээс Монгол Улсын нийт өр болон Засгийн газрын өр маш богинохон хугацаанд асар ихээр нэмэгдэж олон улсын санхүүгийн байгууллагын анхааралд ороод байгаа билээ. Засгийн газрын нийт өр 2020 онд 27.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 4.0 их наяд 2016 оны II улирлаас хойш ( Монгол банкны статистик мэдээллээр 2016 оны 2 улиралд Засгийн газрын нийт өр 16 их наяд 612 тэрбум төгрөг) дөрвөн жилд 11.3 их наяд төгрөгөөр өссөн байна.
Үнэхээр онц ноцтой асуудал. Харин Монгол улсын нийт гадаад өрийн хэмжээг(Хүснэгт 2) монгол үндэсний валют болох төгрөгт шилжүүлбэл 91.7 их наяд төгрөг буюу нэг монгол хүнд 27.8 сая төгрөгийн өр ногдох хэмжээнд иржээ.Монгол Улсын гадаад өр олон улсын дундаж, зохистой хэмжээтэй харьцуулахад тав дахин өндөр байгааг Олон улсын валютын сан анхааруулж байгаа. Саяхан Дэлхийн банк “Монгол Улс хойч үедээ өр өвлүүлж байна” хэмээн дүгнэсэн. Ийм их хэмжээний өрийг өмнө нь аль ч УИХ, Засгийн газар үйлдвэрлэж байсангүй. Монгол улсын гадаад өр улс орны эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгүй байдалд аюул занал учруулах хэмжээнд аль хэдийн ирчихээд байна. Монголбанканд гэнэт хаанаас найман их наяд төгрөгийн нөөц гараад ирэв? Энэ бол зарим дарга нарын яриад байгаа шиг Монголбанкны өөрийнх нь чөлөөт эх үүсвэр биш. У. Хүрэлсүхийн Засгийн газрын Коронавирусын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн олон шийдвэр “бай”-гаа оноогүйн улмаас Монгол улсын эдийн засаг 2020 оны эхний улирлаас эхлэн гурван улирал дараалан агшсан юм. Хямралын дохиог анх анзаарсан нь арилжааны банкууд. Тэд бизнесийн зээл гаргавал эрсдэлд орно гэдгээ мэдэрмэгц Монгол банкны үнэт цаас буюу Төв банкны үнэт цаас(ТБҮЦ) худалдаж авахаас өөр аргагүй болсон юм. Ийнхүү Монголбанканд арилжааны банкнуудын найман их наяд төгрөгийн эх үүсвэр хуримтлагджээ. Засгийн газар энэхүү эх үүсвэрийг эдийн засгийн эргэлтэд оруулж хямралаас ангижрах шийдэл хайж байгаа ажээ .
Эдийн засгийн хямралаас гарахад ийм арга ашиглаж болох уу гэвэл болно. Дэлхийн улс орнуудад төдийгүй манайд ч хэрэгжүүлж байсан тохиодол бий. 2012 - 16 оны хямралын жилүүдэд ийм аргыг Монголд хэрэглэсэн юм Монголын экспортын орлогын 90 гаруй хувийг уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлнэ.Тэр дундаа нийт э к спортын / гаднын хатуу валют олдог/ 80 гаруй хувийг зэс, нүүрс дангаараа эзэлдэг. Тиймээс Монгол улсын эдийн засгийн өсөлт бууралтад зэс болон нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ ханш чухал нөлөө үзүүлдэг. 2011 он бол Хятадын эдийн засгийн ид эрч хүчээ авсан үе. Энэ үед коксожсон нүүрсний хэрэглээ огцом өсчээ. Гэтэл Хятадын импортын нүүрсний дийлэнх хувийг хангадаг Австралид асар хүчтэй үер бууж, Индонезод нийт уурхайчдын ажил хаялт давхцсан билээ. Энэ үеэр нүүрсний хэрэглээ үнэ дэлхийн зах зээл дээр огцом нэмэгдэж улмаар манай улсын эдийн засаг 17,3 хувь хүртлээ өссөн юм. 2012 оноос дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хөөсрөлт хагарч, эдийн засгийн өсөлт саарч эхэлжээ. Зэсийн төдийгүй нүүрсний ханш гурваас дөрөв дахин уналаа. Манай улсын хувьд 2011 онд 2 тэрбум 273 сая ам. долларт хүрч байсан нүүрсний борлуулалт 2015 онд ердөө 556 сая ам.доллар болж бараг зургаа дахин буурлаа.
Ийнхүү экспортын орлогын хомстол үүсэхэд Монгол улсын эдийн засаг огцом агшиж, ДНБний өсөлт унах, ажилгүйдэл эрс нэмэгдэж 180 мянган ажлын байр алдагдах зэргээр санхүүгийн тогтворгүй байдал үүсэв. Ийм хүнд нөхцөлд өрхийн орлогод нөлөөлөх ачааллыг багасгах, ажлын байрыг хамгаалж үлдээх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх зорилготой “ Гол нэрийн барааны үнэ тогтворжуулах”, “найман хувийн ипотек” зэрэг хөтөлбөрүүдийг Монгол банк, Засгийн газартай хамтарч хэрэгжүүлжээ. Гурван жил үргэлжилсэн ипотекийн хөтөлбөрт Монголбанк 3 их наяд 29 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргажээ. Нийт 86 221 өрх тус зээлд хамрагдаж шинээр орон сууцтай болсон байв. Хөтөлбөр үргэлжилж байх үеэр буюу 2016 оны 6 сард УИХ-ын ээлжит сонгууль болов.
Энэ сонгуульд үнэмлэхүй олонх болсон МАН шинэ Засгийн газраа байгууллаа. Хөтөлбөртэй холбоотой улс төржсөн нийтлэл, ярилцлага хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд эрч хүчээ авч эхэллээ. УИХ-ын индэрээс хөтөлбөр хэрэгжүүлэгчдийг “мөнгө хэвлэгчид”, “салхинд мөнгө хийсгэгчид” гэх мэт нэр хоч зүүн элдэвлэх боллоо.2012-16 онуудад түүхий эдийн ханшийн уналтаас шалтгаалсан эдийн засгийн хямралыг амжилттай даван туулсан бодлогын авторууд төдийгүй гардан хэрэгжүүлэгчдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах ажил ид өрнөсөн юм. Уул нь тус хөтөлбөрт зарцуулсан Монголбанкны эх үүсвэр огт үрэгдээгүй харин арвижиж цаашид хөтөлбөр бие даан хэрэгжих суурь тавигдсан байсан юм. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс таван мянган орон сууцыг жил бүр дахин олгох боломж бүрдсэн байв.
УИХ дээр Монголбанкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг гарч, их наядаар мөнгө хийсгэсэн гэх сүржин дүгнэлт хийж олон нийтэд танилцууллаа. Түүгээр ч үл барам, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв банк / Монголбанк/-ны тухай хуулинд өөрчлөлт оруулж, Төв банк төсвийн ямар ч үйл ажиллагаанд оролцох ёсгүй, дахин ийм шийдвэр гаргуулахгүй байх бат бэх “хаалт” хийцгээв. Тус хуулийн 25 дугаар зүйлд “ Засгийн газраас аливаа хэлбэрээр Монголбанканд чиглэл өгөх, хуульд зааснаас бусад асуудлаар гэрээ, хэлцэл байгуулахыг хориглоно ” , “Монголбанк Засгийн газарт шууд болон шууд бусаар зээл олгох, Засгийн газрын урт, богино хугацаат үнэт цаасыг анхдагч, эсвэл хоёрдогч захаас болон шууд худалдан авахыг хориглоно” гэх мэтээр хэд хэдэн заалтыг нэмсэн юм.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН