Сэтгүүлч Авиан Баатархуягтай ярилцлаа.

Сүүлийн үед өрнөж буй улс төрийн үйл явдлуудтай холбоотойгоор таны цахим  хуудастаа бичсэн "1. АН-ыг устгана 2. МАХН-ыг нэгтгээд Ерөнхийлөгчийн сонгуульд дангаараа орно 3. Бүх авилгачдыг суллана 4. Эрх мэдлийг төвлөрүүлнэ 5. МАН гэдэг ганцхан намтай болно 6. Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэнэ 7. Огцруулаад зохиомол хэрэг тохно 8. Болохгүй бол цэцийг худалдаж аваад дэвшүүлэхгүй 9. Хүүкээ Ерөнхийлөгч болгоно 10. Үндсэн хуулийг өөрчилж, Ерөнхийлөгчийн засаглал тогтооно..." гэсэн дүгнэлтийн хүрээнд ярилцья гэж бодлоо. Товчхон сошиал пост атлаа өнөөгийн улс төрд хийж буй анализ гэж санагдсан? 

 

Мэдээж миний хийсэн, хувь хүний л анализ. Гэхдээ та нар  нийгмийнхээ явж байгаа зам мөрийг харах хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд эргэлтийн шинжтэй явдал маш их боллоо. Бид ч маш их дуугарсан..Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдаж байхад л би хэлж байсан л даа. “Ерөнхийлөгч нь биш, канцлер нь хаан болдог. 1923 оны Ваймерын Бүгд Найрамдах Улсын Үндсэн хуулийг баталчихлаа шүү” гэж. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа юу болж буйг та бүхэн харж байна. Авлигатай Тэмцэх Газрыг, шүүхийг Ерөнхийлөгчийн эрх мэдлээс салгах хуулийн өөрчлөлтүүдийг УИХ баталчихлаа. 

Гэтэл өнөөгийн УИХ-ын эрх мэдэл нь хуучин УИХ-ын хажууд нохойн баас шиг болчихсон. Жишээ нь өнөөдөр маш олон хариуцлага алдаж байгаа сайд нар байна.  Жишээ нь: Х.Нямбаатар гээд эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй нөхөр байна, Эрүүл Мэндийн Сайд нь байнгын шүүмжлэл дунд үлгэн салган ажлаа хийсэн болж байх шиг. Сүхбаатарын талбай дээр хүн өөрийгөө шатаасан нь зохион байгуулалттайгаар байж магадгүй байхад л үүнтэй холбоотойгоор хэн нэг сайдад улс төрийн хариуцлага тооцох, огцруулах санал өргөн барих эрх ч УИХ-ын гишүүнд байхгүй.  УИХ-ын 19 гишүүн Ерөнхий Сайдыг огцруулах санал гаргах тогтолцоотой байсан нь үгүй болсон.

Тэгээд УИХ нь хууль баталдаг, үгүй бол Ерөнхийлөгчид байгаа эрх мэдлийг булааж авдаг бууны нохойны үүрэгтэй  “гахайн ферм” болчихсон байна. Ийм нөхцөлд эрх мэдлийн тэнцвэржилт Ерөнхий Сайд руу төвлөрдөг.

Ийм болсны эхний гайг нэг л жишээн дээр хэлье. Ерөнхийлөгч өрх болгонд нэг сая төгрөгийн ваучер өгье. Үүгээр дотоодын үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнийг иргэд авч, улмаар эдийн засгаа босгочихъё гэсэн. Нийт өртгийг нь тооцоод үзэхээр 981 тэрбум төгрөг л болох байсан. Монголд 981 мянган өрх бий. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн ноднин жилийн ашиг 650 тэрбум төгрөг. Харамсалтай нь өнөөх өвчтэй, сэлэм эргүүлдэг нөхөр гарч ирснээ “Би цахилгаан дулаан тэглэнэ” гээд хэлчихсэн.  Улмаар “Эрдэнэт” үйлдвэрийн ашиг 650 тэрбум төгрөгийг шатааж хаяад, нийт дулаан эрчим хүчний бүх балансыг алдагдуулсан. Бөөн дэд станц  шатаагаад, ямар ч үр дүнгүй зүйл хийчихлээ. Хүмүүс цахилгаан, дулаан тэглэсэн л гэж байна. Гэвч үүний эдийн засгийн үр дүнг нь хар. Бараа бүтээгдэхүүний үнэ хямдарсан юм уу? Хямдраагүй. Машины үйлчилгээний үнэ хямдарсан уу? Хямдраагүй. Түрээсийн төлбөр хямдарсан уу? Хямдраагүй. 

Зүй нь бол шийдвэр гарахаас өмнө олон талаас нь ярих ёстой байсан. Дэд станцууд  шатчихвал яах юм? Шугам  дэлбэрчихвэл яах юм? 650 тэрбумыг Орос руу гаргаад явуулчих юм уу? Дахиад илүү хэрэглээ үүсвэл тэрийг нь бид худалдаж авна,981 тэрбумыг нугалсан хохирол үзээд, араасаа эрчим хүчнийхээ системийг сүйтгэх  юм биш үү? гэж ярих ёстой байсан. Гэвч тэр нэг сүржин нөхөр, хэдэн зөвлөхүүд ч юм уу, булчин шөрмөсөнд нь тусалдаг хүмүүстэйгээ ярьж байгаад дур мэдэн улс төрийн шийдвэр гаргачихсан. Одоо Ерөнхийлөгчийн сонгууль дуусахаар манай эрчим хүчний салбар төлбөрөө нэмэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Засварын зардал байхгүй, маш олон хэсэгт аваарын байдалтай нойр хоолгүй ажиллаж байгаа. Хөл хорио тогтооно гээд өдөр шөнөгүй хэдэн цагдаа, эмч нараа гаргаж ажиллуулаад туйлдуулчихсан. Эмч, цагдаа, онцгойнхон ямар камиказа юу? торгуулийн суман уу? Үндсэндээ эрүүл мэнд, хууль сахиулах, эрчим хүчний салбаруудаа сүйтгэчихлээ. Тэнэг хүн Ерөнхий Сайдаар ажиллаж байсан учраас “Энэ улсыг чинь удирдаж чадахгүй нь,улс орон болохоо байлаа” гэж мэдэгдээд, 250 тэрбумыг улсаас хулгайлсан хэрэг Нью-Йоркийн шүүхээс дэлхий даяар цацагдаад Монгол улс шившиг болж байхад түүнийг нь болиулах шийдвэр гаргаад, өөрөө ичсэн хүн хүн ална гэдэг шиг Сү-гийнхээ баасан дээр халтираад уначихлаа.Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хамгийн эхний үр дүн. Өнөөдөр “Энэ улсын эзэн хэн юм бэ?”гэж асуувал Сү.Батболд гэж хариулахаар болчихож. Яагаап гэвэл тэр бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдаад авчихсан.  Уг нь бол чөлөөт хэвлэл Засгийн газар, эрх баригчидтай янаг амрагийн холбоотой байж болдоггүй юм л даа. Гэвч үнэндээ манай хэвлэлийнхэн Сү.Батболдод яг л “янхан шиг шаалгаж” байна. УИХ-ын 2020 оны сонгуулиар МАН буюу хуучин коммунист нам маань 62 суудал авчихсан. Ард түмэн яасан ч гэж тэдэнд саналаа өгдөг юм. Би үнэндээ ийм тэмцдэггүй ард түмэн удахгүй мөхнө гэж дүгнэдэг. Хэрвээ постон дээр гараад ядарч байгаа цагдаа нар байвал, жижиг дунд үйлдвэрлэлүүд чинь сүйрчихсэн бол, бизнес чинь байхгүй болчихсон бол, иргэн таны эрх  зөрчигдөж байгаа бол, “Та нарын хохь чинь байхгүй юу”. Та нарын л хийсэн сонголт биз дээ? 

Монголд нэг нам үнэмлэхүй ноёрхож, эрх мэдлийн төвлөрөл үүсгэчихсэн атлаа ахиад шүүх засаглалыг авахын тулд энэ шүүгчдийг яаж баллаж байна.Ер нь шүүгч нарыг дүүжилж байхад таарсан амьтад л даа.Гэхдээ тогтолцооны хувьд аваад үзвэл шүүх, Авлигатай Тэмцэх Газар гэдэг газрууд нэг гарт хэтэрхий төвлөрвөл дарангуйлал үүснэ. Зарчмын хувьд энэ бол буруу. Өнөөдөр Ардчилсан нам гэхэд л хоёр  хуваагдчихаж.С.Эрдэнэ Дарханы дэлбэрчихсэн элаваторыг 3,5 тэрбумаар засаад 16 тэрбумаар улсад “шахсан.” Түүнйг нь Авлигатай Тэмцэх Газар шалгахад улсад учруулсан хохирол нь 11,2 тэрбум төгрөг болсон. Гэтэл энэ хулгайч одоо хүртэл шоронд ороогүй, Ардчилсан Намыг хагалах ажлыг хийгээд л явж байна.

Авилгалын Загалмайлсан Эцэг Н.Энхбаяр ард түмний эрх ашиг яриал л Монголчуудыг бүгдийг нь орон сууцанд үнэгүй оруулна гээд байсан бас л худлаа болчихсон. Миний хүүг  УИХ-ын гишүүн болго гээд МАН-тай нийлчихлээ. Эрх мэдэл ингэж төвлөрөх нь туйлын аюултай .

ХҮН намынхныг харьцангуй залуу хүмүүс, илүү либерал байр суурьтай бодлого явуулах болов уу? татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг хөндөх болов уу? гээд итгэл найдвар тавиад харж байсан чинь улс төрийн хэрүүл хийгээд эхэлчихлээ.  Үндсэндээ энэ улсад найдвар байхгүй болчихлоо. ТэгэхээрХ.Баттулга гэдэг хүн бол үнэндээ муу хүн байж болно. Түүнтэй холбоотой янз бүрийн амьдрал, намтар түүх ярьдаг. Гэхдээ одоо энэ хүн ганцаараа арал дээр байгаа ёрдойсон мод шиг энэ бүх эрх мэдлийн төвлөрлийн эсрэг зогсоод үлдлээ. Энэ мод нурчихвал Монголд  дарангуйллын систем тогтоход бэлэн байна.

 

-Ардчилсан нам хоёр хуваагдаж байгаа нь тодорхой болчихлоо?

 

“УИХ-д байгаа дөрвөн нам дөрвүүлээ Сү.Батболдын халаасанд орлоо” гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар ярьж байна лээ. Өмнө нь Н.Энхбаярын үед МАН-ынхан УИХ-д 72 суудалтай, сөрөг хүчнээ нам унагаачихсан байсан. Тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Багабанди  өөрийнхөө нам болоод Засгийн Газартай зөрчилдөн, сөрөг хүчний үүргийг хийж байсан үе бий.

Одоогийн нөхцөл байдлыг харахад Х.Баттулга мөн л Ардчилсан намынх гэдгээсээ үл хамаараад сөрөг хүчний үүргийг институцийн хувьд ганцаараа гүйцэтгэж байна. Гэхдээ энэ институци чадал муутай л даа.  

УИХ-д ороод  үг хэлэхэд л  өөдөөс нь боловсролтой үгүй нь ч мэдэгдэхгүй, торгоны хээ ярьдаг, телевизийн диктор байсан, эсвэл нэг суман дээр байсан нөхдүүд сөргөөд унадаг. Ямар ч эрх мэдэл байхгүй шахуу ч эрхбиш төрийн субъект болохынхоо хувьд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд багтдаг. Тэр нөлөөллийнхөө хувьд л одоо оршин тогтнож байна.

 

-С.Эрдэнийг та “чонотой нийлсэн нохой” гэж дүгнэчихсэн байсан?

 

Хонинууд чононоос айж үргэдэг атлаа нохойноос айдаггүй юм байна л даа. Тэгэнгүүт өнөөх чонотой нийлсэн нохой малын хотонд ороод хядчихаад яваад өгдөг. Ийм учраас “Чонотой нийлсэн нохой чононоосоо дор” шүү гэж хэлдэг хуучны  Монгол үг гарсан байдаг.  С.Эрдэнэ УИХ-ын сонгуулийн дараа “Би ажлаа хүлээлгэн өглөө, хариуцлагаа хүлээлээ” гээд явчихсанаа гэнэт буцаж  ирээд тамгаа булаацалдаад эхэлсэн. Ёстой нөгөө У.Хүрэлсүхийг хэлдэгээр “Юу ч болоод байгаа юм бүү мэд”. Энд тэнд намын даргын сонгууль, хоёр тамга гэх мэтээр сөрөг хүчнийг самарчихаж байгаа юм. Ингээд самарчихаар МАН-ын буруутай үйлдэл болгоныг харж, хянах ямар ч нүд байхгүй болж байна гэсэн үг. Хуучны үгэнд “Аньсан нүдний дэргэд, харсан нүд байвал амгалангийн дээд оршмуй” гэдэг. Өөрөөр хэлбэл зөвхөн бясалгаад юм уу? Эрдэм хөөгөөд явбал худлаа. Үүний хажуугаар сэрэмжлүүлгийг хардаг байх ёстой. Гэтэл тэрхүү харсан нүдийг нь сохолж дууслаа. С.Эрдэнэ гэдэг хүний амиа хоохойлох, намыг яах тухайд би үүнийг тийм ч их том асуудал биш гэж харж байгаа. Тэртээ тэргүй ардчилсан хувьсгалыг хийсэн хүмүүс энэ хувьсгалаа зарж идсээр байгаад, одоо хамгийн сүүлчийн өвдөл цөвдлийг нь арилжиж мэрээд дуусч байх шиг байна. 30 жилийн өмнө хийсэн хувьсгалын үр дүн, ардчиллын үр шимийг үзсэнгүй гэж ард түмэн  итгэл алдраад эхэлчихсэн. Энэ бол ардчилал гэдэг тогтолцооны буруу гэж үзэхээс илүүтэй үүнийг зарж идсэн тэр хүмүүсийн л буруу. Жишээлбэл: Ардчилсан хувьсгалын хоёрдугаар эгнээнд байсан С.Эрдэнэ гэдэг хүн яаж зарж идэж байгааг одоо харж байна.

Ц.Элбэгдорж гэж ардчиллын лидер байлаа, одоо гэмт хэрэгтэн болчихсон. Э.Бат-Үүл бас л ардчилсан хувьсгалын манлайлагч. Үнэхээр энэ шинэ нийгмийг авчралцсан энэ хүн өнөөдөр яаж байна? Бас л хулгайч л болчихсон байгаа байхгүй юу. 

Ардчиллын үнэт зүйл, нийгмийн үнэт зүйлд зорьж байгаа бүхнийг эдгээр хүмүүс сүүдэртүүлж, ардчиллыг өөрсдөө устгаад байхаар эцэст нь дарангуйлал л тогтож үлдэнэ. Би ардчиллын үнэт зүйл, мөн чанар, хүмүүсийн идэвхи, ирээдүйдээ итгэх итгэл, эрх чөлөөний мэдрэмжид нь харамсаад байгаа болохоос С.Эрдэнэ, Э.Бат-Үүл зэрэг хүмүүст харамссан юм алга. Угаасаа тийм адгийн шаарууд жаран дамнаж наслахгүй үхэх л байлгүй. Гэхдээ энэ хувьсгалаа үгүй болгож болохгүй шүү дээ. Хэрвээ бүх эрх мэдэл нэг талд ороод, ард түмэнд туйлын сэтгэл ханамжгүй, жижиг дунд үйлдвэрүүд сүйрчихсэн, цаашдаа амьдрах аргагүй болвол ард түмэн хоёр дахь хувьсгалаа хийнэ. Хоёр дахь хувьсгал хийгчдийн илдний ирэнд хамгийн түрүүнд нэг дэх хувьсгал хийсэн хүмүүс орж дүүжлүүлнэ. Түүний дараа энэ тогтолцоог бий болгосон нам нь дүүжлүүлдэг. 

 

-Өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийж, Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын гишүүдэд хандан, "эрхэм журмын нөхдөө" гэсэн үг хэллэгтэй уриалга гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл, нэн даруй огцрох хэрэгтэй гэж ярьсан. Үнэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч хүн аль нэг намын гишүүдэд хандан уриалга гаргах нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл үү?

 

Би хуульч биш болохоор сайн мэдэхгүй байна. Нийгэмд санаа дэвшүүлдэг болохоор улс төрчид юу ч ярьж болдог л доо. Иймээс ч Авилгалын Загалмайлсан эцэг хочтой нэг нөхөр хашхирангуут түүнийг нь эрх баригч нам нь шүүрч аваад, Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудал болгон хувиргаж мэднэ. Уг нь энэ удаад Н.Энхбаяр өөрөө  нэр дэвшсэн бол бараг Ерөнхийлөгч болчих байсан. Гэтэл Н.Энхбаяр ахиад л Сү-гийн шавхруу руу очоод хутгалдчихлаа. Одоо яах вэ дээ, өөрийнх нь сонголт л юм даа.

 

-Үндсэн хуулийг өөрчилж, Ерөнхийлөгчийн засаглал тогтоохоор МАН-ынхан төлөвлөж буй талаар улс төрийн хүрээнд ярих боллоо?

 

Ер нь тийм дэглэм рүү явж байна. Эдийн засгийн боломж бага ийм нөхцөлд хүмүүс  эмх цэгц, хатуу чанга гар хүсдэг. Гэтэл “чанга гар” нь энэ нөхцлөөс гаргадаггүй, харин эдийн засгийн чөлөөт байдал гаргадаг. Өөрөөр хэлбэл худалдаагаа дэмж, гадаад худалдаагаа хий, тэгээд шударга бай. Монголын том олигарх гээд байгаа, үндсэндээ 30-аад гэр бүл байна гэж дөрвөн жилийн өмнө ярьж байлаа. Анзаарсан бол нилээн олон хүн торны цаана суучихсан байгаа. Одоогоор 10 гаран гэр бүл л үлдчихсэн. Нөгөө талаар шүүгчдийг би түрүүн нилээн муухай хэлсэн ч гэсэн эдгээр олигархиудыг торны цаана хийх ажлыг шүүгчид гардсан. Гэтэл одоо тэр шүүгчдийг буцаагаад торны цаана хийх гэж байна. Аймшигтай шинэ, хуучны тэмцэл болж байгаа биз? Яг ийм нөхцөл дээр эрх баригчид  улам чангалах тухай яриад эхэлбэл дарангуйлал руу явна.

Энэ байдлаараа Ерөнхийлөгч юм уу, Ерөнхий Сайд хоёрын нэг нь л үлдэх хувилбар харагдаж байна. Одоогийн Үндсэн Хуулиар Ерөнхий Сайд бол хаан. Парламентад үүрэг өгөөд, “Ерөнхийлөгчөөс тэр юмыг хулгайлаад ир” гэхэд л энэ УИХ-ын гишүүн- нөхдүүд чинь нохой шиг гүйж байгаа биз дээ.Ойлгож байгаа ч юм байхгүй галзуу ноход шиг л дайрч байна. 

Ухаандаа хэн нэг хулгайч, луйварчин эргэцүүлэхдээ : “Би УИХ-ын гишүүн болж гэмээн халдашгүй бүрэн эрхээр хамгаалагдаж байгаа. Үүнээс уначих юм бол би хэн ч биш болно, миний дархан эрх байхгүй болно. Тиймээс тэнд надад өстэй нэг нөхөр бий, амьдралын уртад юу эс  тохиолдохов, муудалцлаа гэвэл намайг бариад хийчихгүйн тулд, ядаж 76 дээрээ эрх мэдлээ аваад үлдэх юмсан” гэж бодно.

Ингээд Ерөнхий Сайдын эрх мэдэл явж байснаа яваандаа үүнийгээ өөрчлөөд Ерөнхийлөгчийн засаглалтай болох байх. Улмаар Ерөнхийлөгч нь Засгийн Газраа томилдог, хажууд нь парламент нь хуулиа баталдаг, одоогийнх шиг ийм үлбэгэр систем рүү орчих туйлын магадлалтай байна.

Сөрөг хүчин байхгүй ийм нөхцөлд, одоогийн Ерөнхийлөгчийг авч хаяад, бүх хулгайч нарыг шоронгоос гаргаад, бүгдийнх нь дэмжлэгээр ард түмний тархийг угааж, юу санаснаа хийхэд бэлэн болчихсон ийм л нөхцөл бүрдчихлээ. Үүнийг багахан улс төрийн мэдлэгтэй,  бараг 7 дугаар ангийн нийгэм судлалын хичээл үзсэн хүн ч ойлгоно. Харамсалтай нь ийм нөхцөлд нийгэм тогтвортой байдлыг биш, хямралыг хүсэж эхэлдэг.

 

-Ийм нөхцөл байдал нэгэнт үүсчихжээ. Одоо яах вэ?

 

Миний өгүүлсэн зүйлс ерөнхийдөө субъектив дүгнэлт шүү дээ. УИХ Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх шийдвэр гаргачихаасай гэж би бодож байгаа. Хэрвээ тэгвэл ард түмэн энэ адгийн шаарнууд руу нийтээрээ нус цэрээ хаяна гэдэгт итгэлтэй байна. 

10-аад жилийн өмнө биднийг тэмцэж байхад нийгэм ойлгоогүй, сэрээгүй. 7 сарын 1-нд 5 хүн алуулсан, олон мянган хүн хоригдсон. Одоо түүнээс үүдэлтэй айдас байхгүй болж, ард түмэн нь ч  тэмцэхэд бэлэн болчихож. Гэхдээ удирдан зохион байгуулах хүчин үнэхээр алга. Ийм л зөрүү гарчихаад байгаа. Хэрвээ ард түмэн хүсвэл  ийм хүчин гарч ирэх бололцоо бий. Хамгийн хурдан энэ хямралаас гарах арга зам бол хувьсгалын л зам. “Манай эдийн засаг сэхэхэд хэцүү болчихлоо. Үүнийг хийсэн Ч.Хүрэлбаатарыг зайлуулаад өгөөч” гэхэд хазгай муруй хэлтэй юмнууд өмөөрөөд л байсан. Ер нь “Ч.Хүрэлбаатар л Сангийн сайд болж болохгүй шүү” гэдэг чинь л өөрөө үг байхгүй юу. Гэтэл Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаас авч хаянгуут, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл Сангийн Яамаа хянадаг байнгын хорооны дарга нь болчихсон.Энэ нэг нөхөр ямар шуналтай, ямар их гадны захиалгатай, дэмжлэгтэй, ардын дайсан болоод  төсвийн  сүйтгэлээс салгахгүй дагаад байна гэдгийг манай ард түмэн харахгүй байгаа нь тэнэг хэрэг. Би хувьсгалын өдөөгч нь Ерөнхийлөгч болчихоосой гэж бодоод байгаа. Ерөнхийлөгчийг  УИХ, УИХ ч гэж дээ МАН-ынхан огцруулаад, намынхаа хурлыг хийж, сайхан алгаа ташаад босох үетэй зэрэгцээд ард түмэн байшинг нь шатаана биз. 

Монголынхоо гурван сая  иргэнд нэг л юм хэлмээр байна. “Та нар ганцхан Сү.Батболдыг  дийлэхгүй байна шүү дээ. Ийм арчаагүй байж, ирээдүйн төлөвлөгөө, ард түмэн босно, эдийн засаг сайжирна, жаргал цэнгэлийн манлайд хүрнэ гэж найдаад хэрэггүй.”

 

-Энэ сэдвийн хүрээнд миний асуугаагүй, магадгүй таны  хэлж амжаагүй зүйл юу байна?

 

Одоо Монголд ганцхан сөрөг хүчин байна.  Тэр нь Ерөнхийлөгчийн институци. Үүнийг л л дарчихвал Монголд үндсэндээ сөрөг хүчин гэж байхгүй болно. Сая одон медаль тарааж байхад, хүн аваачаад шатаачихаж байгаа юм. Яагаад ингэж хэлж байна вэ? гэвэл бичлэгийг үзвэл араас нь дөрвөн 4 хүн юм бариад явж байна лээ. 

Гал асмагц хажуугаар нь явж байсан залуучууд куртикээ тайлаад бүтээгээд авахад л тэр залуу өнгөрчихсөн байсан. Үүний шалтгааныг юу гэж үзэж байгаа вэ гэхээр тэр залуугийн зоригийг нь чангалах гээд архи өгчихсөн юм биш биз дээ? Тэгээд л дуусаа шүү дээ. Тийм нөхцөлд араас нь хүмүүс дагасан. Гэтэл Цагдаагийн Ерөнхий Газар, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар үүнийг яагаад шалгахгүй байгаа юм бэ? Энэ бол “хүний амь” шүү. Бид өнөөдөр улсынхаа бүх төсвөөр “нэг ч хүн” хийж чадахгүй шүү.  Тэгэхээр хүн гэдэг хамгийн үнэтэй. 

 

 

Ярилцсан Н.Энхдэлгэр