Авлигатай тэмцэх газар энэ оны нэгдүгээр улиралд гэмт хэргийн шинжтэй 87 гомдол, мэдээллийг иргэд, албан байгууллагын хүсэлтээр хянажээ. Үүнээс 11-т нь эрүүгийн хэрэг үүсгэж, 32-ыг нь хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзсэн байна.

Иргэдийн мэдээллийн дийлэнх нь төрийн захиргааны албан тушаалтантай холбоотой байсан агаад хамгийн сүүлд гэхэд “Цагаан хас” эх оронч бүлгэмийнхэн УИХ-ын дэд дарга С.Баярцогтын Швейцарийн банкин дахь хууль бус хөрөнгийг нь хурааж, хариуцлага тооцох хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлжээ. Харин тус газрынхан үүнийг УИХ- ын Ёс зүйн хороо шийдэх учиртай хэмээн тайлбарлав.

   “Хэдийгээр иргэдийн гомдлын дагуу шалгалт явуулах чиг үүрэгтэй ч төрийн өндөр албан тушаалтныг а огцруулах эсэхийг манайх шийдэхгүй” гэв. Энэ оны нэгдүгээр улиралд АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс олны анхаарлыг татсан хэд хэдэн хэргийг шалгасан билээ. Үүний нэг бол яах аргагүй Үндэсний татварын ерөнхий газрын Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх нарт холбогдох хэрэг юм. Хэргийн явцын талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатаас тодруулахад “Ч.Гансүхийн бага хүүгийн дансанд 16 тэрбум төгрөг, Америкт амьдардаг том хүүгийнх нь дансанд нэг сая ам.доллар гаднаас байршуулсан байсан. Ч.Гансүхийн аав Чимэдийн хувийн дансанд 1.2 сая ам.доллар байсан гэдгийг албаныхан тогтоосон. Үүгээр ч зогсохгүй Ч.Энхбатын дансанд хэнээс хаанаас орсон нь мэдэгдэхгүй их хэмжээний орлого байсан. Үүнийгээ өөрөө ч тайлбарлаж чадахгүй байгаа” гэв.

     Түүнчлэн ҮТЕГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүхийн хэрэгтэй холбогдуулан Хятадын “ZTE” компанийг шалгаж эхэлсэн юм байна. Учир нь “Ч.Гансүхийг энэ компаниас хахууль авч байсан байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа. Тиймээс тус компанийн Хятад удирдлагуудыг АТГ-т шалгаж эхэлсэн нь баттай мэдээлэл” хэмээн Э.Амарбат хэлэв. Уг хэрэгт УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат нарыг холбоотой гэх мэдээлэл цахим хуудсуудаар цацагдаад байсан юм. Энэ талаар албаныхан “одоохондоо тэднийг шалгаж эхлээгүй байгаа” гэх хариулт өглөө. Мөн тус газраас шалгаж буй төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргийн нэг ЗХЖШ-ын удирдлагууд болон Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэгтэй холбоотой. Энэ хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа агаад одоогоор тэрбээр 1.5 сая ам.долларын тал хувийг нь нөхөн барагдуулсан юм байна. Хэрэв генерал хохирлоо бүрэн барагдуулбал ялыг нь хөнгөрүүлэх юм байна. Гэхдээ энэ нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй гэнэ.
 

Ц.ТУНГАА