Соёл Урлагийн Их Сургуулийн Соёл Иргэншлийн Сургуулийн Соёл судлалын профессорын багаас жил бүр уламжлал болгон “Соёл судлалын их семинар”-ыг зохион байгуулдаг билээ. Энэ жил тус семинарыг “Монголын соёлын аялал жуулчлалын өнөөгийн байдал ” сэдэвтэй эрдэм шинжилгээний хурал болгон зохион байгуулж байна. Дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн хандлага болон Зүүн Азийн аялал жуулчлалын хэтийн төлөв нь Монгол улсын соёлын аялал жуулчлалд үр өгөөжтэй байх шинж ажиглагдаж байгаа билээ.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Монголын аялал жуулчлалын эн тэргүүний чиглэлийг нүүдэлчний соёл болохыг тодорхойлсон. Тиймээс тус эрдэм шинжилгээний хурлын үндсэн зорилго нь: Соёлын аялал жуулчлалын сургалт, судалгааг хөгжүүлж, Монголын соёлын аялал жуулчлалын хөгжлийн төлөвийг тодорхойлоход оршиж байгааг зоахион байгуулагчид хэлсэн.

Эрдэм шинжилгээний хуралд дараах үндсэн илтгэлүүд тавигдах юм байна.

·         Монголын соёлын аялал жуулчлалын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, төрийн бодлого Монголын онцлогтой аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн бий болгох боломж, төрөл зүйл

·         Соёлын аялал жуулчлалын салбарын хүний нөөц: өнөө, маргааш

·         Соёлын аялал жуулчлалын салбарын мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр, агуулга, шаардлага, онцлог

·         Монголын соёлын аялал жуулчлалын нөөцийн судалгаа

“Монголын соёлын аялал жуулчлалын өнөөгийн байдал ” сэдэвтэй эрдэм шинжилгээний хурал 2014 оны 5 дугаар сарын 8-ны 09 цагт СУИС-ийн СИСургууль дээр эхэлнэ. Та бүхэн хүрэлцэн ирж соёлын аялал жуулчлалын чухал сэдвүүдийг хөндсөн илтгэлүүдийг сонсож, хэлэлцүүлэгт оролцох боломжтой ажээ.