"Сovid 19"-ийн халдварын тохиолдол өдөртөө 200 давах болсон энэ хүнд цаг үед Нийслэлд буяны зан үйл эрхэлдэг Суварга буян ХХК нийгэмдээ гар сунгахаар шийджээ.

Тус компани ачааллаа дийлэхээ больсон Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 30 орчим хоногийн хугацаанд өөрсдийн мэдлийн бүрэн тоноглосон эмнэлгийн зориулалт бүхий машинаа жолоочийнхоо хамт дайчлахаар болсон байна. Суварга буян ХХК-ийн Үйлчилгээний ахлах менежер Б.Отгонбаяр ярихдаа "Цар тахал өдрөөс өдөрт газар авах болсон энэ үед юу байгаа түүгээрээ хувь хүн, байгууллагууд нийгэмдээ хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж боддог. Улсын онцгой комисс бидэнд хүсэлт тавьсны дагуу бид ийнхүү өөрсдийн эмнэлгийн машинаараа жолоочоо цалинжуулан УОК-т туслахаар шийдсэн" гэсэн юм. Дашрамд дурдахад, нийслэлд буяны зан үйл хийх зөвшөөрөлтэй 10 гаруй компани байдаг бөгөөд ардын уламжлалт зан үйлийг дэвшилтэт технологитой хослуулан засаж тохижуулсан, ногоон байгууламж, харуул хамгаалалт бүхий цэвэр орчинд буяны үйлчилгээг үзүүлдэг нь Суварга буян ХХК юм.