У.ОРГИЛМАА

Вакцин, вакцинжуулалтын асуудал үүссэн нөхцөл байдлын хувьд, шинжлэх ухаан талаасаа ч бидний сүүлчийн найдвар болоод байна. Хамгийн сүүлийн сайн байдлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 26-ны шөнө “ОХУ-аас нэг сая тун Спутник-V вакциныг манай улс худалдан авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Засгийн газрын уйгагүй хэлэлцээрийн үр дүн ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье” хэмээн цахим орчинд “хар ярианы хэлээр” мэдээлсэн. Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын албан ёсны хаягаас Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссийн даргын зүгээс ОХУын талд “Спутник-V вакциныг ойрын хугацаанд нийлүүлэх албан хүсэлт хүргүүлсний дагуу нэг сая тун нийлүүлэх болсон тухайгаа ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Анатольевич Цыб өчигдөр Шадар сайд С.Амарсайхантай цахимаар уулзах үеэрээ мэдэгдлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинд, Шадар сайд С.Амарсайхан Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал К.А.Дмитриев нарт тус тус захидал илгээсний дагуу энэхүү вакцин нийлүүлэх гэрээг байгуулжээ. ОХУ-аас худалдан авах гэрээний хүрээнд нэг сая тун вакцин нийлүүлэхээс гадна хүмүүнлэгийн тусламжаар 300 мянган тун “Спутник-V” вакциныг нэмж нийлүүлэхээр ажиллаж байгаа талаар ОХУын Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Анатольевич Цыб уулзалтын үеэр мэдэгдсэн. 

Хоёр орны Засгийн гарын зүгээс шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлсэн учраас ирэх сарын эхээр болон дундуур 1.3 сая тун вакциныг хоёр хувааж ирүүлэхээр боллоо” гэж мэдээлэв. Тэгэхээр эхлээд Гадаад харилцааны сайд худалдан авах гэрээний хүрээнд авах нэг сая тун вакцинаа мэдээлсэн аж. Харин “хүмүүнлэгийн тусламжаар нэмж авах” 300 мянган тун вакцины тухайд Шадар сайд С.Амарсайханаас Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал К.А.Дмитриевт илгээсэн захидал анхаарал татаж байгаа юм.

“Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс бичсэн түүний захидалд хүн амаа яаралтай вакцинжуулах шаардлагатай байгааг дурдаад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон Шадар сайдын хувьд эдгээр хэлэлцээрийг удирдан чиглүүлж байгаагийн хувьд эхний ээлжинд хамгийн эмзэг бүлгийн хүн амын аюулгүй байдлыг хангах үүднээс 300 мянган тун “Спутник-V” вакциныг худалдан авах “QSC” компанид итгэн батламжилж байгаагаа” энэ захианд илэрхийлжээ. Мөн “Спутник-V”-ийг үйлдвэрлэгчид болон COVID-19-ийн эсрэг вакцины дистрибьютерууд техникийн болон санхүүгийн холбогдох мэдээлэл өгөхийг хүсчээ. 

Уг захидалтай хамт “Quality steel corporation” /QSC/ компаниас мөн Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал К.А.Дмитриевт захидал илгээсэн байдаг. Үүнд “Засгийн газраас уг худалдан авалтыг удирдан зохион байгуулж байгааг дурдан баталгаа өгч байгааг болон “...Энэ төрлийн гүйлгээний чиглэлээр туршлагатай, уул уурхай, аж үйлдвэрийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж болохоо онцолж “Бидэнд тулгараад буй эгзэгтэй нөхцөл байдлын улмаас бизнесийн хэлэлцээрийг аль болох хурдан эхлүүлэхийг хүсч байна.Хамтран ажиллах саналыг хүлээн авсны дараа шаардлагатай бүх мэдээлэл, гарын үсгийг идэвхжүүлэхийн тулд Засгийн газартай ажиллах болно. Манай компани /AsC LLC/ амжилттай худалдан авалт хийхэд шаардлагатай хөрөнгөтэй гэдгийг бид баталж чадна. Гүйцэтгэх захирал Энхбаярын Шижир” гэжээ. Тэгэхээр “Спутник-V” вакцины 300 мянган тунг хүмүүнлэгийн чиглэлээр бус худалдан авах нь гэж ойлгогдож байгаа юм. Ямар шалгуураар гэдэг нь тодорхойгүйгээр уул уурхайн чиглэлийн “Quality steel corporation” /QSC/ компани төлбөрийг хийх бөгөөд УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын нэрийн өмнөөс баталгаа гаргаж өгч байгааг захидлаас харлаа. Харин Засгийн газар яагаад хүмүүнлэгийн тусламжаар ирж байгаа гэж мэдээлсэн юм бол? Нөгөөтэйгүүр үүний өмнө буюу 2021 оны хоёрдугаар сарын 27- ны өдөр Сөүлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 10 мянган хүнд хийх 20 мянган тун вакциныг “Монгол эм импекс концерн” буюу “МЭИК” ХХК оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн дүү Б.Болормаа доктор удирдах болсон тус компанийн “Спутник-V” вакциныг оруулж ирсэн гаалийн баримтаас харахад үнэд нэг тун нь 4.2 ам.доллар, хоёр тун нь 8.4 ам.доллар бөгөөд гаалийн татвараас таван хувь, НӨАТ-аас 10 хувь, нийт 50.4 сая чөлөөлөлт эдэлж татваргүй орж ирсэн бөгөөд одоо гадуур хийгдэж байгаа 120 мянган төгрөгөөр хийгдсэн. Монголбанкны өнөөдрийн ханшаар нэг хүн хоёр тус вакцин хийлгэхэд 23.931 төгрөг болж байна.Гэтэл 120 мянган төгрөгөөр хийлгэсэн гэсэн үг. Үүнд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн дүү Б.Болормаагийн “Монгол им импекс концерн” ХХК болон “Интермед” эмнэлгийн аль нь хэр хэмжээний ашиг орлого олсныг холбогдох байгууллага шалгах биз. Харин цар тахлын онцгой үед Засгийн газарт хүсэлтээ өгч вакцин оруулж ирэхдээ ашиг харах шаардлагатай гэж үү?

Тэгвэл энэ удаад ирэх “хүмүүнлэгийн” гэх боловч худалдан авалтаар ирэх “захиа” дагуулсан 300 мянган тун вакциныг ямар үнээр хийх бол. Засгийн газрын худалдан авах нэг сая тун вакциныг дахиад л “Монгол эм импекс концерн” компани оруулж ирэх үү? Өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа вирусийн халдвар түгшээж, байгаа бүхнээ хүн амаа вакцинж уулахад зориулахад бэлэн байгаа энэ үед ашиг харалгүй вакцинаар хангах хүч Засгийн газарт бий, тийм эрх мэдэл, хөрөнгө хүчийг ч хангалттай олгосон гэж найдаж байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН