Коронавирусний гарал үүслийг олж илрүүлэхээр Ухань хотыг зорьсон шинжээчдийн айлчлалын дүнд гаргасан тайланг ДЭМБ мягмар гарагт нийтэлжээ.

ДЭМБ-ын шинжээчид вирусний гарал үүслийн талаар нэгдсэн дүгнэлтэд хүрч чадсангүй.

Халдварт өвчин лабораторын нөхцөлд бий болсон гэж үзэх хувилбар үнэн байх магадлал тун бага гэж ДЭМБ-ын мэргэжилтнүүд үзэж байна. Вирус завсрын тээгчээр дамжин хүнд халдварласан гэдгийг илүү өндөр магадлалтай гэж үзжээ.

“COVID-19”-н анхны тээгч нь сарьсан багваахай байсан байж магадгүй бөгөөд цаашлаад бусад амьтдын биед мутацид орсон байж болзошгүй. Коронавирусний завсрын тээгч нь усны булга, панголин, туулай, загал элбэнх, гэрийн тэжээвэр муур, суусар, өмхий хүрэн зэрэг амьтан байж магадгүй.

Уханьд хөлдөөсөн бүтээгдэхүүний нийлүүлэлтээр дамжин коронавирус илэрсэн гэх хувилбарыг эрдэмтэд боломжтой гэж үзэж байна.

Хүмүүс яг аль хугацаанд коронавирусээр халдварлах болсныг мэргэжилтнүүд тогтоож чадаагүй байна. Тайланд дурдсанаар, 2019 оны 11 дүгээр сарын дунд үеэс 12 дугаар сарын эхэн хүртэлх хугацаанд тархсан байж болзошгүй аж.

Түүнчлэн зарим улсад Ухань хотоос өмнө коронавирус илэрсэн гэж үзэх хувилбарт мэргэжилтнүүд анхаарлаа хандуулжээ.

 

Э.Аянзаяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг