50 мянган долларын биткойн 270 тонн нүүрстөрөгч ялгаруулж байна
2021/04/02
Огцом өсөлтийг үзүүлж 60 мянган ам.долларт хүрээд байсан биткойны ханш энэ сарын 18-наас хойш тасралтгүй унаж өнгөрсөн долоо хоногийн сүүлээр 52 мянган ам.доллар орчимд арилжигдсан. Ханш нь ийнхүү унаж эхлэхэд байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөө, хэт их цахилгааны хэрэглээний талаарх шүүмжлэлүүд нөлөөлж байгааг “The Guardian” сэтгүүлд онцолжээ. Тухайлбал, “Bank of America” 50 мянган ам.долларын үнэтэй нэг биткойн худалдан авч байна гэдэг нь агаар мандалд 270 тонн нүүрстөрөгчийг ялгаруулж байгаатай ижил хэмээн шүүмжилжээ. Биткойныг гаргаж авахад ашигладаг цахилгааны зарцуулалт сүүлийн хоёр жилд 200 хувиар нэмэгдсэн байна.
ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 1.7 ИХ НАЯД ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ
Өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн програмист санааг нь анх гаргаж, загварыг нь боловсруулж, эх кодыг бичин, 2008 оны арваннэгдүгээр сарын 1-нд бий болгосон цахим мөнгө бол биткойн. Түүнээс хойш криптовалют, дижитал хөрөнгө, токен, койн зэрэг олон нэршлээр бидэнд танигдаад буй виртуал хөрөнгө дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар виртуал хөрөнгийн зах зээлийн хэмжээ 1.7 их наяд долларт хүрсэн.
Харин виртуал хөрөнгийг аливаа орны Төв банк, Засгийн газраас гаргаагүй, батлан даалтгүй бөгөөд тархмал бүртгэлийн системд суурилсан, блокчейн технологи ашиглаж байгаа тул тэр хэрээр эрсдэл өндөртэй. АНУ ба Европт олон зуун компани үйлчилгээний газрууд биткойныг албан ёсны төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрч үйлчилгээ хийдэг.
Манай улсын иргэд ч биткойнд хөрөнгө оруулах нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн бөгөөд үүнээс үүдэж гарах эрсдэлийг Төвбанкнаас зохицуулах ямар ч боломжгүй гэдгийг мэдэгдсээр ирсэн. Учир нь энэхүү виртуал хөрөнгө нь цахим мөнгөний шинжийг агуулдаггүй учир албан ёсны төлбөрийн хэрэгслээр батлан даах ямар ч боломжгүй юм.
Ихэнх улс орнуудын Засгийн газраас ч ийм бодлого баримталдаг. Ханшийн эрсдэлээс гадна биткойны байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл дээр хэлсэнчлэн хүчтэй яригдаж эхэллээ. Тухайлбал, 2021 оны эхээр ханш нь огцом өссөн биткойны олборлолт Лондоны ялгаруулдаг агаарын бохирдлын хэмжээтэй дүйцэхүйц нүүрстөрөгч ялгаруулж байгааг “The Guardian”-д онцолсон байна.
БИТКОЙНЫ ЗАРДЛЫН 60 ХУВЬ НЬ ЦАХИЛГААНЫХ
Голландын эдийн засагч Алекс де Вриз Биткойны эрчим хүчний хэрэглээний индексийг анх удаа бүтээсэн нь эрчим хүчний хэрэглээг нь тооцоход нэлээн тус болжээ. Түүний тооцоолсноор биткойн олборлох зардлын 60 орчим хувь нь цахилгааны зардалд явдаг аж. Тэгэхээр биткойноос их мөнгө авах тусам үйлдвэрлэл нэмэгдэж, үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр асар их нүүрстөрөгч ялгаруулж байгааг сануулжээ. Мөн биткойн олборлогчид цахилгаан эрчим хүч хэрэглэхээс гадна хүчирхэг компьютерууд, тэр дундаа уул уурхайд зориулагдсан тусгай чипс ашиглах шаардлагатай байдаг аж. Тиймээс улам өсөн нэмэгдэж болзошгүй байгаа энэ салбарын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хязгаарлахын тулд биткоин олборлогчдод шахалт үзүүлж байгаа улс орнуудыг дэмжих, туршлагыг нь дагах хэрэгтэй гэж судлаач Вриз онцолжээ. Тухайлбал, Канад, Иран зэрэг улсуудад биткойн олборлодог тоног төхөөрөмжүүдийг хүчээр хураах шийдвэрүүд гаргасан байдаг. Биткойны тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн сүлжээ нь цөөхөн хэдхэн компаниудад төвлөрдөг тул нэмэлт татвар ногдуулах, чип үйлдвэрлэх эрхийг нь хязгаарлах зэргээр арга хэмжээ авч болно гэж зөвлөжээ.
Б.Төгс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2021/04/02
Монголд бол ЦЭХ тэглэсэн болохоор сөйхан бн оо
Зочин · 2021/04/02
bitcoin bol odoo bayjih jaahan ch gesen mongojihod tus bolj bgaa zuil shuu deee.olon l zaluus mongojoo blgui deee jaahan bolgoomjtoi medremjtei ariljaand oroh hergtei.zah zeeliin huuli bugd ashig oloh albagui shuu dee.
Бат · 2021/04/02
Энэ одоохондоо том луйвар шүү