Б.Дэлгэрмаа: 13 настай хүүхдийг дайрсан жолооч эпилепси өвчтэй байсан
2021/04/08
Эпилепси буюу уналт, таталт өвчтэй жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэж буй шалтгаан нөхцөлийг судалсан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор, доктор Б.Дэлгэрмаатай ярилцлаа.
-Таны судалгаанаас харахад унаж татах өвчтэй хүн жолоо барьж байгаа тохиолдол хэр байна вэ. Энэ талаар ойлголт дутмаг байдаг?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, осол, хохирлын байдалд замын хөдөлгөөнд оролцогчдын сэтгэцийн эрүүл мэндийн байдал ч нөлөөтэй. Сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг олон хүчин зүйлд хүрээлэн буй орчин, зуршил, тэр ч байтугай генетик орно. Уналт, таталт өвчтэй жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэж буй шалтгаан нөхцлийг судалсан.
Эпилепсиг сэтгэцийн эмгэг гэж ойлгосноос нуудаг. Уналт, таталт өгдөг гэхээр удамшлын өвчин гэж ойлгох нь бий. Уналт, таталт өгөх нь сэтгэцтэй холбоотой гэж үздэгээс гадуурхагдах, өвчнийхөө талаар мэдэхгүй, оношлуулаагүйгээс олон хүн тэр дундаа хүүхэд, залуучуудын дунд их тархмал байгааг мэргэжлийн эмч нар онцолж байна. Энэ өвчин нь эмээ тогтмол хэрэглээгүй, ядарсан үед сэдэрч өөрийн үйлдлийг жолоодох чадваргүй болтлоо ухаан нь балартаж, улмаар өөртөө болон бусдад аюул учруулж, хүний амь нас, эрүүл мэнд хохирч, эд хөрөнгийн хохирол учирч болно.
Эпилепси буюу унаж татах өвчин нь мэдрэлийн өвчлөлийн дотор нэг хувийг эзэлдэг, элбэг тохиолддог. Энэ өвчнөөр 0-80 насныхан өвчилдөг гэж үзэхэд наснаасаа хамаараад 20 хүртэл насанд төрөлт удаан явсан, бүтсэн, халууралт, удамшилтаас болдог. Харин 20-35 насанд гэмтэл бэртлээс шалтгаалдаг. Түүний дийлэнх нь зам тээврийн осол, хамгаалалтгүй мотоцикль унах зэрэг эзэлж байна. 35-50 насанд тархинд цус харвах, хавдар гэсэн голомтот өөрчлөлт нөлөөлж байна. Харин 60-аас дээш насанд даралт ихсэх, тархины цусан хангамжийн өөрчлөлтөөс болж дээрх өвчин илэрч байна. Энэ өвчин нь гэнэт эхэлдэг, богино хугацаатай үргэлжилдэг, үе үе давтагддаг, эхэлсэн шигээ гэнэт арилдаг, клиник шинж нь унаж татах, ухаан балартах шинжээр зонхилдог сэтгэцийн түр зуурын өөрчлөлтөөр илэрдэг. Түр зуурын ухаан балартсанаас ойгүйдэл үүсэх боломжтой. Өөрөөр хэлбэл, гэнэт ухаан алдах үедээ түрхэн зуурын болсон асуудлыг эргэн санахгүй байх боломжтой. Харин уналт өгөөгүй үедээ болсон зүйлийн талаар мэдүүлэг өгөх чадвартай, эрүүл хүнээс ялгагдахааргүй байдаг. Жолооч хэдийгээр өвчний учир тухайн агшинд ухаан алдаж, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан боловч хэрэг шалган, шийдвэрлэх үед хэрэг хариуцах чадвартай эсэхийг ч мөн шалгаж тогтоодог.
-Эпилепси өвчтэй хүн зам тээврийн осол үйлдсэн нөхцөл байдал ямар байна вэ?
-Практикт согтуурсан үедээ зам тээврийн осол, гэмт хэрэг үйлдэхээс гадна гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан тохиолдол цөөнгүй гарч байна.
Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ч согтуурах, мансуурах донтох эмгэгтэй болох нь тогтоогдвол түүнд ногдуулсан ял дээр нэмж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болдог. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байгаа тохиолдол нь эпилепси буюу унаж, татдаг өвчтэй хүмүүст зонхилж байна. Нийслэлийн хэмжээнд 2019 онд унаж, татдаг өвчтэй жолооч нар зам, тээврийн осол, гэмт хэрэгт холбогдож, хүний амь нас хохироосон гурван тохиолдол гарсан. Гэтэл энэ гурван тохиолдлын гурвууланд нь дээрх өвчний шинж тэмдэгтэй хүн эмнэлгийн хуудсыг зохих төлбөрөө төлж аваад, жолоочийн үнэмлэх авсан байдаг.
Хэргийг шалгах хугацаанд харъяа дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нараар дүгнэлт гаргуулан, эрүүл мэндээр тэнцэхгүй шалтгаанаар зарим жолоочийн эрхийг түдгэлзүүлсэн байна. Тухайлбал, нэг жолооч зам тээврийн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохироох хүртлээ замын хөдөлгөөнд байнга оролцож, уналт таталт түр зуурын ухаан баларталтын улмаас удаа дараа Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан ч, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдахгүй замын хөдөлгөөнд оролцож явсаар эцэст нь түр зуурын ухаан баларталтын улмаас явган хүний замаар явж байсан 13 настай зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон байна. Үүнээс харахад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байсан бол, магадгүй хүний амь нас хохироох хүртлээ замын хөдөлгөөнд оролцохгүй байж болох байсан уу. Ах дүү, төрөл садан, танил, найз нөхдөөс нь унаж, татдаг өвчтэй хүндээ автомашин жолоодохыг нь хориглож гэж хэлж, зөвлөж байсан байгаа юм. Гэтэл өөртөө хөнгөмсгөөр найдаж явсаар байгаад, өвчин нь гэнэт хөдөлж, осол үйлдэгдсэн байдаг.
-Унаж татдаг хүмүүст яагаад жолооны үнэмлэх олгоод байна вэ. Хуульд журамд хориглосон заалт байдаг уу?
-Жолоодох эрх олгоход эрүүл мэндийн хуудсыг үнэн, зөв шалгуулж, бөглүүлж байна уу гэдэг эргэлзээтэй байна. Эрүүл мэндийн тодорхойлолт нь тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн шаардлагыг тухайн хүн хангаж байгаа эсэхийг баталгаажуулах буюу батлан даах үйлчилгээ. Нотариат болон бусад баталгаажуулах үйлчилгээтэй адил эрх зүйн баримт бичиг.
Эрүүл мэндийн тодорхойлолтыг бодит бус гаргаснаас эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй хүн хуудсыг тэнцсэн мэт гаргуулах хүндрэлүүд гардаг тул уг хариуцлагыг хүлээх үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй.
Тиймээс эрүүл мэндийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлоход нэмэлт багажийн болон эхо, рентген, зүрхний бичлэг, сонсголын бичлэг, хараа шалгах, мэдрэлийн бичлэг, компьютер томограф, лаборатори шинжилгээ шаардлагатай. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцсэн хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгодог. Замын хөдөлгөөний дүрэм ч мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглодог.
-Ухаан балартсанаас 13 настай хүүхэд мөргөж амь насыг нь хохироосон гэлээ. Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэсэн бол?
-Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүйгээс гадна сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүн гэмт хэрэг үйлдсэн эсвэл гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн өвчнөөр өвчилснөөс хэрэг хариуцах чадваргүй болсон яллагдагч, шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаас гадна тусгай журмыг удирдлага болгох зохицуулалттай.
13 настай хүүхэд мөргөж, амь насыг хохироосон жолооч гэмт хэрэг үйлдэх үедээ /G40/ эпилепси, абсанс хэлбэрийн унаж татдаг өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй байсан. Өвчин нь сэдэрсэн үедээ аюул учруулах боломжтой нь шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч СЭМҮТ, Шүүх сэтгэц эмгэг судлалын тусгай тасагт нэг жилийн хугацаагаар хэрэглэх шийдвэр шүүхээс гаргасан. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд прокурор хяналт тавьж зогсоох, хугацааг сунгах, тухайн шүүгдэгч эдгэрсэн нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шүүхээр шийдвэрлүүлнэ. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцно.
-Эпилепси өвчтэй хүн жолоо барих эрхийг нь хязгаарлах зохицуулалтыг хэрхэн оновчтой болгох вэ?
-Эпилепси өвчтэй жолоочийн үйлдсэн зам тээврийн гэмт хэрэг, зөрчил сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй, хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулахуйц өвчтэй болон унаж, татдаг өвчний шинж тэмдэгтэй жолооч нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хэрхэн шийдвэрлэх, жолоодох эрх олгохдоо эмч нарын үзлэгээр бүрэн хамрагдаж, үнэн, зөв дүгнэлт тогтоож байгаа эсэх, зөв оношлох асуудлыг зохих шатанд нь хариуцлагажуулах шаардлагатай. Жишээлбэл, АНУ-ын автомашины ослын 5-10 хувийг эпилепситэй хүмүүс эзэлж байдаг. Эпилепситэй гэж оношлогдсон хүмүүсийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг бүс нутагтаа хорьдог ч ихэнх газарт эрүүл мэнд нь хэвийн болсон гэдгээ баталгаажуулбал хуульд нийцүүлэн зарим тохиолдолд жолоодох эрхийг олгодог байна. Жолоодох эрх олгох эмнэлгийн оношилгоонд оношийг тогтооход туслах нарийн шинжилгээ болох EEG (electroencephalogram) гэж нэрлэгддэг тархины долгионы хэв маягийн таталттай холбоотой өөрчлөлтийг хайж олох, цусны шинжилгээ, тархины тусгай рентген зураг, MRI зураг, нойрны тест, цаашлаад шинжилгээний байгууллагын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх хэрэгтэй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд олон талын оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлж хамтын ажиллагааг өргөжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээ олон улсын байгууллагаас баримталж байгаа бодлого, чиглэлтэй нийцүүлэх шаардлагатай. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглодогтой адил хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ч мөн хуулиар хориглодог.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
иргэн · 2021/04/12
эпилепси батлагдсан бол жолоо барих эрхгүй, яагаад жолоо бариад яваад байгаан, хүүхэд алчихаад өвчинөөр түрээ барих хэрэггүй
харамсалтай · 2021/04/10
ХЭН гэгч ийм өвчтэй хүнд жолооны үнэмлэх олгосон юм вэ? ЭНЭ өвчтэй нөхөр өвчтэйгээ мэдсээр байж ЖОЛОО барьсан учраас БҮР ХАТУУ шийтгэх ёстой шүү дээ. ЯАГААД багахан ЯЛ өгсөн юм вэ?
del · 2021/04/08
hudlaa onosh bishuu
Зочин · 2021/04/08
хамаатануу өвчтэй юм бол жолооч яаж болчуу бас арбн хаалга уу хүний хүүхэд алчаад өвчтэй гээд хуцаж суухаар тэтгэвэртээ гар
Зочин · 2021/04/08
Зочин · 2021/04/08
Лайтай хуцдаг юм бэ. Эмнэлгийн онош нтр яриад. Зүгээр л жолооны эрх өгөхөө боль олон юм нуршсан балай хөгшин зөнөг авгай
unur · 2021/04/08
T.avrga bas iim gadaad nertei uvchin n sedersen bj boloh ym sguu!! Doktur porkuroor sn hynaad ugnu uu???
Зочин · 2021/04/08
Хүнд юу ч тохиолдож болноо. Энэ өвчин ямар нэгэн шинж тэмдэггүй гэнэт таталтаар эхэлж болно. Магадгүй таньд ч тохиолдож болно.
Луяа · 2021/04/08
Ийм хүмүүсийг ад шоо үзэж байгаа юм биш ээ энэ болохгүй ээ цаана нь хүний амь шүү