Боловсролын Яам болон Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо(МБШУҮЭХ) өнгөрсөн Баасан гарагт багш ажилтны үндсэн цалинг хэрхэн нэмэгдүүлэх талаарх хэлэлцээрт гарын үсэг зурцгаасан талаар мэдээлсэн. 

Уг хэлэлцээрийг Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам(ГБХНХЯ)-наас бүртгэж, албажуулсны дараа л ажил хаялт зогсохыг МБШУҮЭХ-ноос мэдэгдээд буй. 

Харин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн шийдвэр гарвал бүртгэж авна гэсэн юм. Улмаар МАН-ын бүлэг өнөөдөр өглөө хуралдаж, дэмжээд байна. Иймд ГБХНХЯ дээрх хэлэлцээрийг бүртгэхээр болж буй.

МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэлээс байр суурийг нь тодруулахад "Хэлэлцээрийг бүртгэсэн тухай албан бичиг хүлээж байна. Хэрэв бүртгээд албан бичгээ бидэнд ирүүлбэл хэлэлцээрийн талаар хэвлэлийн хурал зохион байгуулна" гэлээ.

Боловсролын Яам болон Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэл хоорондын хэлэлцээрт багш ажилтны үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувь, 2026 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 26 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ. Энэ хувь хэмжээгээр нэмэгдүүлэхэд 1.2 их наяд төгрөг шаардагдах юм байна.