Сүүлийн үед төрийн одон, медаль үнэ цэнээ алдлаа залуучуудад арай эрт "Гавьяат" цолыг гардуулж байна. Хэт хавтгайруулж шагнал гардуулах боллоо гэх шүүмжлэл тасрахаа байсан. 

Тэгвэл төрийн дээд одон, медаль гавьяа шагнал, урамшууллыг зарлигаар олгох эрхтэй Төрийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “шагналын харилцааг зохицуулах тухай” хуулийг санаачилж УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна.

Энэхүү шинэ хууль нь батлагдан гарснаар "хуучин" хуулиар гавьяа, шагнал авсан хүмүүст ямар нэгэн өөрчлөлт гарахгүй бөгөөд цаашид шинээр олгох гавьяа шагналтай л холбоотой. Мөн "Төрийн шагнал"-ын тухай хуулийн төслийг боловсруулах хэд хэдэн шалтгаан байгааг Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар хэлсэн юм.

Тэрбээр "Монгол оронд 1990 онд ардчилсан хөдөлгөөн ялж, 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаар нийгэм солигдож, социализм, коммунизм байгуулах өмнөх нийгмийн зарчим үндсээрээ өөрчлөгдсөн боловч Төрийн шагнал олгох систем, хэлбэр хуучнаараа үлдсэн нь хуулийг шинэчлэх гол шалтгаан болсон байна. Өмнөх тогтолцоогоор хөдөлмөрийн үнэлгээ, он удаан жил ажилласан байдлыг харгалзан шагнал хүртээж байсан бол шинэ Үндсэн хуулиар гавьяа байгуулсан, нийгэмдээ сайн үйлс бүтээж, үлгэр дуурайлал үзүүлснийг нь үнэлж шагнал олгодог байх зарчим үйлчлэх болсон юм.

Шинээр хуулийн төсөл боловсруулах дараагийн нэг үндэслэл нь цол, төрийн одон, медаль  олгох шалгуур үзүүлэлт өнөөгийн нийгмийн шаардлагад нийцэхгүй болсон байна. Тухайлбал, “Ардын” гэсэн цолыг таван төрөл мэргэжлээр,“Гавьяат” цолыг 30 төрлөөр олгож ирсэн. Гэтэл өнөөдөр Монгол Улсад 7000 орчим төрлийн ажил, мэргэжил байгаа тул нийгмийн бүх салбарын ажил мэргэжлийг хамарч чадахгүй болсон гэж үзжээ. Одоо олгож байгаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг нь хуучин сүлдтэй, БНМАУ гэсэн бичээстэй хэвээр байгаа тул загварыг өөрчлөх  шаардлага үүсчээ.

Төрийн дээд одон, медалийн нэр нь улс төрийн намын болон ТББ, аймаг, орон нутгийн ИТХ-аас шийдвэр гарган олгож буй бусад одон, медалийн нэртэй давхцах болсон байна. Тухайлбал, төрөөс олгодог хамгийн нэр хүндтэй шагнал болох “Чингис хааны одон”-той АН-ын Чингисийн одон, П.Даваанямын тэргүүлдэг Чингис хааны академийн шагналын нэр давхацдаг нь олон нийтийг төөрөгдүүлж, шагнал хавтгайрсан мэт ойлголтод хүргэх болжээ. Төрийн дээд одон, медаль, шагналын нэр хүндийг өргөхийн тулд давхацсан нэртэй шагналыг цэгцлэх зарчмыг мөн хуулийн төсөлд тусгасан хэмээн онцоллоо.

Мөн Посткоммунист бусад орнууд шагналынхаа сисмемийг шинэчлээд олон жил өнгөрсөн байна. Польш улс 1992 онд, Казахстан 1995 онд, Украин 2000 онд, Беларусь 2004 онд тус тус Төрийн шагналын тухай хуулиа шинэчлэн баталжээ. Эдгээр шалтгаанаар Төрийн шагналын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах шаардлагатай болсон аж.  “Шударга ёсны хэмжүүр бол шагнал” гэсэн Францын нэрт сэтгэгч Монтеськегийн үгийг тэрбээр дурдаж, “Шагнал нэр хүндтэй, товч тодорхой, олонд нээлттэй, нүдээ олсон байх ёстой тул хуулийн зарчмыг энэ чиглэл рүү хандуулж байна. Шагналын системийг Үндсэн хуулийнхаа санаа, зарчимтай нийцүүлэх ёстой болжээ” гэв.

Түүнчлэн Чингэс хаан, Эрдэнийн Очир, Алтангадас, Цэргийн гавьяаны одон, эхийн алдар зэрэг таван одон, Цэргийн хүндэт медаль, хөдөлмөрийн хүндэт медаль, шударга журам медаль, найрамдал медаль гэсэн дөрвөн медаль олгож байхаар хууль санаачлагчид үзжээ. Ингэвэл Сүхбаатарын одон гэж байхгүй болох юм. Шагналын харилцааг зохицуулсан хууль батлагдснаар одон медальд нэг жилдээ зарцуулж байгаа төсөв хоёр дахин хэмнэгдэж УИХ-аас төсвийг баталдаг болох давуу талтай гэдгийг ч мөн дуулгалаа.

                

Харин дээрх хууль нь УИХ-ын босгоор тийм ч хурдан давчихгүй бололтой. Учир нь олон жилийн турш олгож ирсэн төрийн шагналд хөнгөн хандаж,  олон хүнд олгож ирсэн "Сүхбаатар"-ын одон байхгүй болгох нь өнгөрсөн үеийнхнийхээ гавьяаг үгүйсгэсэн алхам болно гэж үзэж магад. Хэрвээ энэ хуулийг УИХ дэмжихгүй бол Ерөнхийлөгчийн санаачилсан гуравдахь хууль буцна гэсэн үг. Өмнө санаачилсан “шилэн дансны тухай” болон "давхар дээлийг тайлах" хуулиудыг УИХ буцаагаад буй.

Хуулийн төсөлд Төрийн дээд шагналын төрөл, эрэмбийг дараах байдлаар ангилахаар тусгажээ.

Монгол Улсын цол:

-Монгол Улсын баатар цол

-Гавьяат зүтгэлтэн цол

Монгол Улсын одон:

-Чингис хаан одон

-Эрдэнийн очир одон

-Алтан гадас одон

-Цэргийн гавьяаны одон

-Эхийн алдар одон

Монгол Улсын медаль:

-Цэргийн хүндэт медаль

-Хөдөлмөрийн хүндэт медаль

-Шударга журам медаль

-Найрамдал медаль гэсэн төрөл, эрэмбэтэй байхаар төсөлд оруулсан байна.

Энэхүү "Төрийн шагналын тухай" хуулийн төслийг боловсруулахын тулд ажлын хэсгээс судалгааны хэсэг гаргаж ОХУ, Украин, Беларусь, Казахстан, Герман зэрэг арваад орны холбогдох хуулийг судалж үзжээ. Мөн УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвөөс уг асуудлаар улсын хэмжээнд судалгаа явуулж,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлогын зөвлөлийн хурлаар хуулийн төслийг хэлэлцсэнээс гадна нийгмийн толь болсон манлайлах хүмүүстэй зөвлөлдөж санал бодлыг нь сонссон юм.

Х.Даваа