АНУ-ын иргэн Жон Мартин Кинийн амь насыг хохироосон гэх Ч.Баттуулд шүүхээс 23 жилийн ял оноосон.

Гэвч түүний өмгөөлөгч болон ар гэрийнхэн  нь Дээд шүүхэд ханджээ. Түүнд холбогдох хэргийг өнөөдөр Дээд шүүхээр хэлэлцэнэ.

Уг хэргийг өнгөрөгч сарын 30-нд хэлэлцэх байсан ч шүүгдэгч Ч.Баттуулын өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хянан үзээд хүсэлтийг хүлээн авч, өнөөдрийг хүртэл хойшлуулсан билээ. Анхан шатны шүүхээс Ч.Баттуулд 23 жилийн ял оноож, тэрбээр Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байна.

Хэргийг эргэн сөхвөл, 2012 оны нэгдүгээр сарын 5-нд АНУ-ын иргэн Жон Мартин Кийн манай улсын хилээр нэвтэрсэн байдаг. Түүнийг Ч.Баттуул “Шүрэн гүүр” гэх зочид буудал ажиллуулж, бизнес хийе хэмээн авчирсан гэдэг. Харин түүний бизнес хийе хэмээх саналыг хүлээн авч Жон Мартин Кийн ээжээсээ 10 мянган ам.доллар зээлж Монголд иржээ. Гэвч тэрбээр ирсэн өдрийнхөө маргааш буюу 2012 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр тэрбээр Ч.Баттуулын гарт амиа алдсан аж. Хэрэг гардаг өдөр Ч.Баттуул нь Жон Мартин Кийнийг ан хийе хэмээн Цонжин болдог руу хамт явсан байна. Гэвч Цонжин болдогт очсон хойноо шунахайн сэдлээр Жон Мартин Кийнийг буудаж хөнөөн, улмаар цогцсыг нь шатааж булсан байсан аж. Ингэхдээ өөрийн найз Ж.Батчулуун, Д.Отгонбаяр нар руу “Би хүн алчихлаа, Туслаач” хэмээн утасджээ. Тиймээс найзууд нь очиж, цогцсыг нь хамт булалцсан байна. Хэрэг гарснаас хоёр сарын дараа УМБГ-аас Ч.Баттуулыг саатуулж мэдүүлэг авахад тэрбээр “Жон Мартин Кийнийг би хөнөөсөн” гэж мэдүүлжээ. Гэвч удалгүй мэдүүлгээсээ хэд хэдэн удаа буцаж, “Жон Мартин Кийнийг би хөнөөгөөгүй хэмээн мэдүүлгээ өөрчилсөн байдаг.

Х.Даваа