Нийслэлийн 2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 09-нд эхэлнэ
2014/05/06
Нийслэлийн цэрэг татлагын товчооны ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлыг Нийслэлийн цэрэг татлагын товчооны дэд дарга НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар удирдсан бөгөөд 2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын бэлтгэл хангагдсан талаар мэдээлэл сонсож, дүүргийн цэргийн товчоодод үүрэг өглөө.
Нийслэлийн Засаг даргын “2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/259 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажлыг 05 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулсан. Харин цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг 05 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
НЗДТГ-ын Цэргийн штабын дэд дарга Ц.Анхбаярын мэдээлснээр “Ээлжит цэрэг татлагын ажлыг эрхлэн явуулах “Цэрэг татлагын товчоо”-г дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга удирдаж байна. Өнөөдрийн байдлаар цэрэг татлагын ажлыг явуулах бэлтгэл хангагдсан бөгөөд хуваарийн дагуу 05 дугаар сарын 08-нд дүүргүүдийн цэрэг татлага явуулах байр бэлэн болно. Харин зарлан дуудах хуудас тараах ажил 93,1 хувьтай байна”.
Цэргийн албан тэнцүүлэх зааврын дагуу шалгуур хангасан иргэдийг 05 дугаар 09-ний 19 цагт Ховд, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн цэргийн ангируу, 10-нд Орхон, Зүүнбаяны цэргийн ангируу тээвэрлэнэ.
Нийслэлийн цэрэг татлагын товчооны дэд дарга Ж.Болдбаатар “Нийслэлийн 2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан цэргийн албанд тэнцүүлэх зааврын дагуу иргэдийг тэнцүүлж, хуулийн хүрээнд зохион байгуулах, техникийн аюулгүй байдлыг хангах, зам засвар, шинэчлэлтийн ажил эхэлсэнтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг тооцож заасан хугацаанд иргэдийг тээвэрлэхэд анхаарч ажиллахыг дүүргүүдийн цэргийн товчооны дарга нарт үүрэг болголоо” гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.