"Улсын нэгдүгээр төв эмнэлгийн шинэ технологи – 2013” сэдэвт өдөрлөг өнөөдөр болж Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

 Ерөнхий сайд Н.Алтанхуяг өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Эрүүл мэндийн салбарын тогтолцооны хувьд үр дүн харагдах цаг үе хараахан болоогүй байгаа ч хэсэгчилсэн үр дүн, шинэчлэл ийнхүү гарч ирж байна. Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд цаг хугацаа шаардагдана. Өнөөдрийн үйл ажиллагаа бол эрүүл мэндийн салбарын төлөө Шинэчлэлийн Засгийн газар, Эрүүл мэндийн сайд анхаарч, тодорхой асуудлуудыг шийдвэрлэж эхэлснийг харуулж байна. Монголдоо өөрсдийгөө оношилдог, эмчилдэг болоход УНТЭ-ийн хамт олон тодорхой алхмуудыг хийсэн юм. Үүнийг хийж чадаж байгаа, эхлүүлж буй эмч, эмнэлгийн ажилтнууддаа, удирдлагууддаа, Н.Удвал сайдад халуун баяр хүргэе. Монголд, анагаах ухааны салбарт шинэ техник, технологийг нэвтрүүлж, түвшингээ ахиулж чадаж байгаа явдалд Нэгдүгээр эмнэлгийн эмч, ажилчиддаа дахин баяр хүргэж амжилт хүсье” гэв.

alt

 Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ, “Эрүүл мэндийн салбарт 2013 оны хөрөнгө оруулалтаар хийсэн үйл ажиллагаа, үр дүнгээ танилцуулахаар Нэгдүгээр төв эмнэлэг нь нээлттэй өдөрлөг зохион байгуулж, та бүхэнд танилцуулж байна. Энэ жил эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт нэлээд хийгдсэн. Ерөнхий сайдын багцаас л гэхэд 24 тэрбум төгрөгийг 11 аймгийн Оношилгооны төв байгуулахад зарцуулахаар болсон. Өнөөдөр Засгийн газраас 4,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гарган УНТЭ дээр дэлхийн түвшинд нийцсэн шинэ технологиудыг нэвтрүүлж байна. Тус эмнэлэг дээр үүнээс гадна, дурангийн иж бүрдлийг Япон улсын Засгийн газрын тусламжтайгаар иж бүрнээр нь сольсон. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд яаралтай тусламжийг яаж нэмэгдүүлэх тухай загварыг тус эмнэлэг гаргаж чадсан. Европ стандартын ариун цэврийн тусламж, үйлчилгээний нэгжийг байгуулсан. Ийнхүү тус эмнэлэг иргэдийн эрүүл мэндэд чанартай тусламж, үйлчилгээг үзүүлэх, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулахад томоохон үлгэр дуурайлал болж байна" гэв.

Түүнчлэн Сайд Нэгдүгээр эмнэлэг нь үйлчлэх хүрээнийхээ хувьд онцгой ач холбогдолтой, зөвхөн нэг өдөрт л гэхэд доод талдаа 1000 хүн ханддаг. Шинэчлэлийн бодлогын хүрээнд тус эмнэлэг тодорхой тусламж, үйлчилгээгээр улсын хэмжээний лавлагаа тусламж үзүүлж байгаа гуравдахь шатлалын эмнэлгийн стандартыг олон улсын түвшинд ойртуулахаар явж байгаа эмнэлгийн нэг гэдгийг цохон хэллээ.

alt

 Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж үүссэн хүндрэлтэй байдал, хоцрогдол, уналтаас гарах хэцүү давааг туулах зорилтоо хэрэгжүүлэхдээ бид “Өндөр техник технологи - нөлөөлөл, тусгал - уламжлалт дэг сургууль - тэмүүлэл, зүтгэл” гэсэн бодлого чиглэл баримтлан ажилласан нь цагаа мэдэрсэн, бүтээмж өндөртэй, биеллээ олсон зөв ажил болж буйд талархалтай байна. Өнөөдөр хөгжилтэй орны анагаах ухааны технологи, стандартыг тус эмнэлэг 14-15 чиглэлээр загвар болгон нэвтрүүлж чадсан гэдгийг онцлон хэллээ.

 Түүнчлэн манай улсад тулгамдсан асуудал болоод буй ходоодны дуран, бөөрний дуран, эхо, рентген оношилгоо, эмнэлгийн техникийн инженер, мэдээллийн технологийн чиглэл, тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэг бэрхшээлүүдийг богинохон хугацаанд шийдвэрлэж, хөгжсөн орнуудын эмнэлгийн түвшинд хүрсэн үйлчилгээ үзүүлэх боломж нөхцөл бүрдлээ. Эмч нарын хичээл зүтгэл, ур чадварт итгэл үзүүлэн 4,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хүн арддаа хүргэх эрүүл мэндийн тусламжийг сайжруулахад дэмжлэг үзүүлсэнд Шинэчлэлийн Засгийн газар болон Ерөнхий сайд Н.Алтанхуягт хамт олныхоо өмнөөс, үйлчлүүлэгч ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлэв.

alt

 Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь улсын хэмжээнд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, анагаах ухааны сургалт, судалгаа явуулах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, бүх шатлалын эмнэлгийн байгууллагад мэргэжил, арга зүйн гуравдахь шатны лавлагаа тусламж үзүүлдэг улсын ууган эмнэлэг юм. Тус эмнэлэг нь 20 гаруй төрөлжсөн мэргэжлээр оношилгоо, эмчилгээний тусламжийг үзүүлдэг ба төгсөлтийн дараах 22 төрлийн сургалтаар жил тутам 110-120 эмчийг мэргэшүүлэн хот, хөдөөгийн эмнэлгийн байгууллагад илгээдэг байна.

 Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын шууд дэмжлэг, ЭМЯ, УНТЭ-ийн удирдлагын шаргуу менежментын үр дүнд бодитойгоор хэрэгжсэн өндөр хөгжингүй орнуудын түвшинд ойртсон, өвчтөний болон эмнэлгийн аюулгүй байдлыг хангасан, мөн эрхтэн тогтолцооны орчин үеийн эмчилгээ, оношилгооны загвар болсон технологиудыг тус эмнэлгийн хамт олон танилцууллаа.

 

alt

 

alt

 УНТЭ-т шинээр нэвтэрсэн технологиуд:

 1. “Эмнэлгийн яаралтай тусламжийн иж бүрэн үйлчилгээ”

 Яаралтай тусламжийг дэлхийн эмнэлгийн удирдлагын шинжлэх ухаан дээд зэргээр анхаарч нэн тэргүүний асуудлаа болгодог. Бид өнөөдөр эмнэлгийн яаралтай тусламжийг Хүлээн авах гэж ойлгосоор алдаа хийж, үл ойшоосоор иржээ. Хэлж ирдэгггүй хийсч ирэх аюул эрсдэл бүхэн хүний биеийн эрүүл мэндэд заавал их бага хэмжээгээр нөлөөлсөн байдаг. Үүнийг эхнээс нь зөв аргаар, технологийн дагуу, цаг алдахгүй хүргэсэн нөхцөлд архагшихгүй, ужиграхгүй, хүндрэхгүй, нэмэлт өвчин халдвар авахгүй тогтвортой байдалд хүргэх, оношийн чигийг гаргах тогтоох дараагийн нарийн мэргэжлийн эмчийн тусламж үзүүлэх нь чухал юм. Үүнд зохион байгуулалт хүн хүч ажил үүргийн хуваарь тусламжийн технологийг иж бүрнээр шинэчилж шинэ хуучны холимог болсон үед нэг нь нөгөө салбараа өөрчлөн хөгжиж байна. Эмч, мэргэжилтнүүд Тайван, Солонгос, Сингапур улсад сургалтад хамрагдан шинэ технологийг хэрэгжүүлэн ажилласан. УНТЭ 2012 оны 7 дугаар сараас Эмнэлгийн яаралтай тусламжийг сонгодог загварт оруулан хөгжүүлэхээр үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. УНТЭ-ийн яаралтай тусламжийн тасаг байгуулагдан ажиллах 1 жилийн хугацаанд үйлчлүүлэгчид үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг шинэчлэн сайжруулав. Яаралтай тусламжийн эрэмбэлэн ялгалтын загварыг бий болгож эрэмбэлэн ялгалт, бүртгэлийн хэсгийг нээн ажиллуулсан. Үйлчлүүлэгчийн оношийг тодруулан асуудлыг шийдвэртэл ажиглалтын хэсэгт хэвтүүлэн эмнэлгийн тусламжийг үзүүлж байна. Яаралтай тусламжийн цогц үйлчилгээг нэвтрүүлснээс хойш УНТЭ-ийн ЯТТ-аар өдөрт ойролцоогоор 30 хүн үйлчлүүлдэг байсан бол 50-60 болж нэмэгдсэн.

  2. “Гемодиализын орчин үеийн стандарт-менежмент” хэрэгжсэн байдал

  Манай улсад анх гемодиализийг 1975 онд 2 аппаратаар жилд 600 сеанс хийж эхэлж байсан бол өнөөдөр 30 гаруй аппаратаар жилд 18 000 сеанс эмчилгээг 160 хүнд хүргэж, 12-16 жил идэвхтэй ажиллаж, амьдрах боломжийг бий болгож чадаж байгааг иргэд олон түмэн та бүхэндээ дуулгахад бахдалтай байна.

  3. “ICU-Эрчимт эмчилгээний үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тоног төхөөрөмж, зохион байгуулалтын цогц менежмент”

  Амь тэнссэн анагаах ухаан нь өөрийн гэсэн бие даасан шинжлэх ухааны салбар бөгөөд эмч, сувилагчийн хамтын зүтгэл, эмнэлгийн техникийн дэвшил, халдвар хамгаалал, аюулгүй тусгай орчин, харуулдан танадалт гэсэн цогц менежмент-ШИНЭ ТЕХНОЛОГИ нэвтэрч байна. ICU-Эрчимт эмчилгээний тасаг нь олон улсын INICC-Олон улсын эмнэлгээс шалтгаалах Халдварын тандалтын хороонд нэгдэн хөндлөнгийн хяналт үнэлгээ хийн өндөр технологитэй хөл нийлүүлэн хөгжиж байна.

  4. “Эд нийцэл, молекул генетик, гистологи, эмнэлзүйн бактериологийн лаборатори”

  УНТЭ –ийн Клиник лаборатори нь лабораторийн тусламж үйлчилгээг 24 цагийн турш өвөрмөц нарийн шинжилгээнүүдээр хүн амд хүртээмжтэй үйлчлэх, зорилго тавин жилд ойролцоогоор 145,000 хүнд 1,320,000 орчим шинжилгээг хийж байна. Тус лаборатори нь молекул, генийн түвшинд, өвөрмөц нарийн шинжилгээнүүд болох эд нийцлийн цогц шинжилгээ, эмийн түвшин тогтоох, ясны хэмийн цитологи, цитохимийн урвал, элэгний вирусыг тоолох, клиник молекул биологи, цусны бүлэгнэлтийн факторууд, D-dimer, өвөрмөц уургууд, хавдрын, цус багадалтын, зүрхний шигдээсийн, ясны маркериуд, төрөл бүрийн гормонууд зэрэг 300- аад нэр төрлийн өвөрмөц нарийн шинжилэгээг нэвтрүүлээд байна. Мөн элэг, бөөр, цус төлжүүлэх үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгааны өмнөх болон дараах хяналтын шинжилгээнүүдийг хийж байна.

  Asian Quality Assurance Survey Program /AQUAS/, Тайландын Цусны төв зэрэг байгууллагуудаар хөндлөнгийн хяналт хийлгэж, ур чадварын сорилуудаараа дэлхийн түвшинд хүрч, өндөр технологи нэвтэрсэн лабораториудтай эн зэрэгцэн хөгжиж байна.

  5. “Евростандартыг хангасан эмнэлгийн ариутгалын ваакуум өрөө, чиглэсэн урсгал бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан Ариутгалын тасгийн цогц шинэчлэл”

 Эмнэлгийн нэг чухал асуудал ариутгал тул сөрөг даралтат, тусгай зориулалтын орчинд GMP эмийн үйлдвэр төст орчин үеийн тоног төхөөрөмж плазм ариутгал анх удаа урсгал зохион байгуулалтыг цогцоор нь шийдсэн Герман улсын ЭССЭН эмнэлгийн загвараар Монголд анх удаа Евро стандартыг нэвтрүүлж ажиллаж байна.

  6. “Судсан доторх мэс ажилбарт радиологийн технологи”

 2013 оны 10 дугаар сараас эхлэн судсан дотуурх мэс ажилбарт, радиологийн нэгэн салбар бөгөөд, хүний бие махбодийн ямар ч эрхтэн системийн өвчин, эмгэг бүтцийг зүрх, тархи, хэвлий, доод, дээд мөчдийн цусны судсаар дамжуулан тусгай сэтгүүр хэрэглэн оношлон, эмчилгээ хийдэг орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж 40 гаруй тохиолдлыг амжилттай хийгээд байна.

  7. “Ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах ваакуум иж бүрдэл тоног төхөөрөмж бүхий шинэ төв”

 Цусны хавдрын орчин үеийн өндөр технологи ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг хийх эхний шатны ажил бэлэн болсон ба энэхүү өндөр технологийг материаллаг бааз, хүний нөөцийн чадвартаа суурилан үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлж эхлэх гэж байгаатай уялдуулан Олон улсын бүрэн вакумжсан ISO-14644 болон АНУ-ын FED-STD 202D стандартад нийцсэн өрөө тасалгааг үндэсний хэмжээнд анх бэлэн болголоо.

  8. “Түнх болон өвдөгний үе шилжүүлэн суулгах хагалгааны технологи”

  Үе мөч, нурууны эмгэгийг орчин үеийн эмчилгээний технологи 2011 оноос өндөр зэргэлэлээр иж бүрэн нутагшиж 400 гаруй үе шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийгээд байна.

 9. “Хэвлийн хөндийн дурангийн хагалгаанд /улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэс/ нэвтэрсэн дурангийн шинэ технологи”

 Дуран болон бага хүрцээр хэвлийн хагалгааг хийснээр ор хоног цөөрөх, зардал хэмнэх өвчтөний хөдөлмөрийн чадвар хурдан сэргэх боломж бүрдэж байна. Монгол улсад анх удаа 1994 оноос цөсний хагалгааг дурангаар хийж гараагаа эхэлж байсан бол өнөөдөр улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэсний хагалгааг дурангаар хийж, жилд 600 гаруйг хагалгаа хийгдэх боллоо.

  10. “Эрхтэн шилжүүлэн суулгах /элэг, бөөр/ мэс заслын технологи, хагалгааны дараах орчин үеийн ICU-н үйл ажиллагаа”

  Дэлхийн анагаах ухааны оргил болсон эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг анх 1996 онд бөөр шилжүүлэн суулгах хагалгаагаар эхэлж, түр зогсонги байдалд байж байгаад 2005 оноос дахин эхлэн орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан амжилттай хийж одоогоор 11 элэг, 73 бөөр шилжүүлэн суулгасан бөгөөд, хамгийн өндөр технологи болох цогцосноос донор эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийж Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаагаа итгэл төгс хэлж байна. Дэлхийн өндөр технологийг нэвтрүүлснээр бусад салбарууд нь дагаж хөгждөг ба бид дэлхийн хэмжээнд хэрэглэдэг өндөр технологийн бүх багаж тоног төхөөрөмжийг ашиглан, чадварлаг баг бүрэлдэж, өмнө нь хийж чаддаггүй байсан олон төрлийн хагалгааг амжилттай хийж байна.