Энэ удаад өнгөрсөн долоо хоногийн таваарын зах зээлийн мэдээллийг онцолж байна.

 

ГАНГИЙН ИМПОРТЫГ ДЭМЖИЖ, ЭКСПОРТЫГ ХЯЗГААРЛАЖ ЭХЛЭВ

 

БНХАУ-ын Төмрийн хүдэр болон Гангийн холбооны мэдээлснээр тус улсын голлох ган үйлдвэрлэгчид 2021 оны нэгдүгээр улиралд жилийн өмнөх үеэс 159.94 хувиар буюу 100.4 тэрбум юанийн өндөр ашигтай ажилласан байна. Холбооны гишүүн байгууллагуудын  борлуулалтын орлого жилийн өмнөх үеэс 52.28 хувиар өсөж 1.54 их наяд юаньд хүрчээ. Тус улсын ган үйлдвэрлэгчид өндөр ашигтай ажилласан шалтгаан нь цар тахлын нөхцөл байдал харьцангуй тогтвортой байгаа нь нөлөөлжээ.Мөн төмрийн хүдэр, кокс, коксжих нүүрсний ханш хэдийн өндөр түвшинд хүрсэн ч цаашид өсөх төлөвтэй байна гэж мэдэгджээ.

БНХАУ-д барилгын салбарын улирал эхэлсэн, ногоон хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор дотоодын гангийн нийлүүлэлтийг тогтвортой барих бодлогыг хэрэгжүүлж байна.Тухайлбал, Гаалийн ерөнхий газраас өнгөрсөн сарын сүүлээр ширэм, түүхий ган, хаягдал гангийн импортын татварыг тэглэжээ. Мөн гангийн салбарын экспортын 146 төрлийн бүтээгдэхүүнд олгосон НӨАТ-ын 13 хувийн татварын хөнгөлөлтийг зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. Ингэснээр экспорт буурч импорт өссөнөөр дотоодын нийлүүлэлт сайжрах төлөвтөй байна.

 

ЗЭСИЙН КОМПАНИУД ӨНДӨР АШИГ ХИЙЖ БАЙНА

 

Канадын олон төрөлт эрдэс материал олборлогч хамгийн том компани болох Teck Resources (TSX:TECKA|TECK.B)(NYSE:TCK) зэсийн ханшийн өсөлтөөс 2021 оны нэгдүгээр улиралд өндөр ашиг хийжээ. Харин БНХАУ-ын хамгийн том зэс олборлогч “Jiangxi Copper Co” компанийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс бараг тав дахин өссөн буюу 2014 оноос хойш олоогүй өндөр ашигтай ажиллажээ. Зэсийн ханш дахин өндөр өсөлтийг үзүүлсээр тонн нь 10 мянган ам.долларт ойртлоо.Тодруулбал, NewYork-ын Comex биржид зэсийн ханш паунд нь 4.5 ам.доллар буюу тонн нь 9940 ам.долларт хүрсэн байна. Зэсийн ханш өсөхөд Covid19 цар тахлын дараах эдийн засгийг дэмжих өндөр дүнтэй хөтөлбөрүүд, дэд бүтцийг дэмжих хөтөлбөр, агаарын бохирдлыг бууруулах зорилготой ногоон хөгжлийн зорилтуудын хэрэгжилт зэрэг зэсийн эрэлтийг өсөж байгааг шинжээчид хэлж байна. Зэсийн ханш цаашид ч өснө гэсэн хүлээлттэй байна.

 

АНУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ ГАЗРЫН ТОСНЫ ХАНШИЙГ ӨСГӨВ

 

Өнгөрсөн долоо хоногт газрын тосны ханш өсөхөд дараах хүчин зүйлс нөлөөлөв. Дэлхий даяар цар тахлаас шалтгаалж удааширсан эдийн засаг сэргэж байгааг илтгэх мэдээллүүд гарлаа. Эдийн засаг урьдны хэвэндээ орж газрын тосны эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлтийн дагуу ханш өслөө. АНУ-ын хувьд хамгийн чухал мэдээллүүд буюу ДНБ нь 2021 оны нэгдүгээр улиралд таамаглаж байсан 6.1 хувийн өсөлтөөс давж 6.4 хувьд хүрлээ. Тус үзүүлэлт 2020 оны дөрөвдүгээр улиралд 4.3 хувьтай байсан юм. ДНБ таамаглалаас өндөр гарсан нь эдийн засаг маш хурдацтай сэргэж байгааг илтгэж газрын тосны эрэлт, ханшийг дэмжив. Өнгөрсөн долоо хоногт газрын тосны хэрэглээ шинжээчдийн таамаглалаас илүү гарч, үлдэгдэл таамаглал 0.659-ээс 0.090 болж буурлаа. Газрын тосны ханшид зах зээлд эрэлт хэвийн хэмжээнд хүрнэ гэсэн хүлээлт, вакцинжуулалтын явц зэрэг үйл явдлууд нөлөөлж байна.

 

 

Б.Төгс

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин