Танилц: Монголтой агаарын хилээ харилцан нээсэн улсууд руу зорчих журам
2021/06/04
Монгол Улс зургадугаар сарын 01-ний өдрөөс хилээ албан ёсоор нээсэн.
Ингэснээр монголчууд хил нь нээлттэй байгаа Турк, АНУ, Арабын Нэгдсэн Эмират Улс, Грек, Тайланд, Индонези, Бразил, Египет, БНЭУ зэрэг 10 гаруй улсад зорчих боломж бүрдэж буй юм.
Харин эдгээр улс руу явах иргэд ямар бичиг баримт бүрдүүлсэн байх шаардлагатай тухай мэдээллийг ГХЯ-ны Консулын газраас өглөө.
ТУРК
Аялал жуулчлалыг дэмжих хүрээнд коронавирусийнн шинэ төрөл бүртгэгдсэн улсаас бусад улсын иргэд БНТУ-д ирэхээс 72 цагийн дотор PCR шинжилгээ өгч, хариу нь сөрөг байх ёстой.
ГРЕК
PCR шинжилгээний хариу сөрөг байх, эсхүл вакцины хоёр тунгаа хийлгэснээс хойш 14-өөс дээш хоног өнгөрсөн байх гэсэн нийтлэг шаардлагыг жуулчдад болон грек иргэдэд тавьж байна. Ямар ч төрлийн вакцинд хамрагдсан байж болно.
ЭНЭТХЭГ
Энэтхэг Улсад зорчихоос 72 цагийн өмнө www.newdelhiairport.in цахим хуудсаар бүртгүүлнэ. Мөн цахим хуудас, эсхүл агаарын тээврийн тухайн компаниар дамжуулан Энэтхэгийн Иргэний агаарын тээврийн яаманд хандаж эмнэлгийн болон гэрийн нөхцөлд 14 хоног тусгаарлагдана.
Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн Энэтхэг Улсад зорчихоос 72 цагийн өмнө www.newdelhiairport.in цахим хуудсаар өргөдөл ирүүлбэл Энэтхэгийн Засгийн газар тухайн зорчигчийн өргөдөлд үндэслэн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа хариу мэдэгдэнэ.
Харин нислэг эхлэхээс 72 цагийн өмнө PCR шинжилгээ хийлгэж сөрөг гарсан бол шинжилгээний бичгээ цахим хуудсаар урьдчилан илгээж, тусгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой. Хэрэв цахим бүртгэлийн асуумжид худал мэдүүлбэл эрүүгийн хариуцлага хүлээнэ. PCR шинжилгээ “сөрөг” хариу бүхий бичиггүй, 14 хоног тусгаарлагдахаас чөлөөлөгдөх хүсэлтэй зорчигч нисэх буудалд ирсэн үедээ PCR шинжилгээнд хамрагдах боломжтой.
Эмнэлгийн тусгаарлалтаас чөлөөлөгдсөн зорчигч гэрийн тусгаарлалтад байхдаа биеэ хянаж ажиглах үүрэг хүлээнэ. PCR шинжилгээгүй, нисэх буудалд оношлогоо хийлгэхээр урьдчилан захиалга өгөөгүй зорчигч эмнэлэгт болон гэрийн нөхцөлд 7+7 хоног тусгаарлагдана.
Ковид-19-ийн мутацид орсон хувилбар гарсан улсаас ирэх иргэдийг Энэтхэг улсын хилээр нэвтрүүлэхгүй байна.
КИРГИЗ
72 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд сөрөг хариутай бол тусгаарлах шаардлагагүй.
ТАЙЛАНД
Вакцины гэрчилгээний загвар баталсан. 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн вакцинд хамрагдсан болон хамрагдаагүй иргэдийг Тайланд Улсад нэвтрэхэд 14 хоногийн тусгаарлах журам баталсан. Тайландын ДТГ-ууд болон Консулын газруудаас тус улстай визгүй зорчих нөхцөлтэй улс орнуудын иргэдэд тус улсад нэвтрэх эрхийн гэрчилгээ буюу “Certificate of entry” олгож байгаа бөгөөд энэхүү гэрчилгээтэй бол хилээр нэвтрүүлнэ.
ИНДОНЕЗ
72 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд 5 хоног тусгаарлах байранд тусгаарлана. Гадаадын иргэд тусгаарлалтад байх хугацаандаа хийлгэх PCR шинжилгээний төлбөрийг хувиасаа төлнө. Хилээр нэвтрэх иргэд Google Play Store эсхүл App Store-оос цахим Health Alert Card (e-HAC)-ийг татаж авч бөглөсөн байх шаардлагатай.
АМЕРИК
PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байна. (2-оос дээш насны вакцинд хамрагдсан, хамрагдаагүй бүх зорчигч шинжилгээ өгсөн байна) Сүүлийн 3 сарын хугацаанд Ковид-19 вирусээр өвчилж эдгэсэн бол энэ тухайгаа эмчийн магадлагаатай байх ёстой. Вакцин хийлгэсэн байхыг шаардахгүй. Гадаадын зорчигчдыг тусгаарлахгүй бөгөөд АНУ-ын хил нээлттэй, хуваарьт нислэгүүд үйлдэж байна. Тус улсын виз олголт хэвийн горимд шилжээгүй бөгөөд зөвхөн онцгой шаардлагатай хүмүүст л олгож байгаа болно.
БРАЗИЛ
Агаарын тээврээр 90 хүртэл хоногийн хугацаагаар зорчиж буй гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлнэ. PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байх ёстой. Хил нэвтрэх бүх иргэдийг 14 хоног тусгаарлана. Эрүүл мэндийн мэдүүлэг бөглөнө.
ЭМИРАТ
PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байх ёстой. Бангладеш, Энэтхэг, Непал, Пакистан, Шри-Ланка, Нигериа, Өмнөд Африк зэрэг оронд сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг хилээр Эмиратийн нэвтрүүлэхгүй.
ЕГИПЕТ
72 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Жуулчны виз олгож байгаа бөгөөд хил нэвтрэх иргэдийг 14 хоног тусгаарлан хяналт тавьж ажиглана.
Зочин · 2021/06/05
Эмират шиг яг тэр улсаас хүн оруулахгүй баймаар бн.