Монголын төрд залгамж халаа жинхэнэ утгаараа байдаг бол өдийд парламентын соёл тогтчихсон, засаг төр тогтвортой байх сан.  Гэвч 30 жилийн түүхтэй парламентад албан тушаалын төлөөх өрсөлдөөн, урвалт шарвалт ихдэж, өнөөдрийг хүртэл манайд улс төрийн соёл тогтоогүй гэхэд үнэнээс хол зөрөхөөргүй байна. 

 

Залуухан улстөрчид эрх мэдэлд хүрчихсэн ах нарынхаа бөөрөнд наалдаж “цүнхийг барьж”, гүйсээр төрийн албанд ордог. Тэд удалгүй эрх мэдэлд хүрчихээд “эзнээсээ” урваж, дайсантай гар барилцдаг ужгирсан тогтолцоо манайд бий. Нэг үгээр хэлбэл, тэд эхийгээ залгидаг үр могойтой төстэй юм. Улс төрд хөтөлж оруулсан хүнийхээ мэддэг чаддаг хамаг шим шүүсийг шавхаж авчихаад эцэс сүүлд нь араар нь хор найруулж, өөрийнх нь орон зайг эзэлсэн жишээ Монголын төрд цөөнгүй бий. Тэд анх улс  төрд орохдоо хэнийг ч таньж мэдэхгүй, туршлагагүй  залуус орж, А-Я хүртэл бүхнийг заалгаад эцэс сүүлд нь “багшаа” хэнд ч хэрэггүй нэгэн болгодог нь харамсалтай. 

Ахыгаа нүд үзүүрлэсэн Т.Аюурсайхан

       "Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг" гэдгийн хамгийн тод жишээ нь УИХ-ын дэд Т.Аюурсайхан болсон. Тэрбээр улс төрд хөтлөн оруулсан хамгийн ойрын хүнээ ад үзэж, улс төрөөс гаргахын түүс болж байгаагаа илэрхийлж байв. Т.Аюурсайхан анх Н.Багабандийн туслахаас ажлын гараагаа эхлүүлж, УИХ-ын дэд дарга болтлоо томорсон. Гэтэл саяхан  “Улс орон, ард түмэн хохирсон байхад нэгэн үе төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн Оюутолгойгоос ашиг, орлого олоод явж байж таарахгүй. Оюутолгойн ТУЗ-өөс Н.Багабанди гуайг нэн даруй гаргах шаардлагатай” хэмээн хуурай ахыгаа  нүд үзүүрлээд амжив.

М.Энхболдыг унагаасан "Шударга тав"

       Үе үеийн Засгийн газар огцроход ч энэ урвалт голлох үүрэг гүйцэтгэдэг гээд хэлчихэд хол зөрөхгүй биз.  Угтаа бол Ерөнхий сайдынхаа хамгийн ойрын хүн нь дараагийн Ерөнхий сайд болчихдог жишгээс энэ асуудал бэлхнээ харагдаж байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд цагтаа МАН-ыг удирдаж, тус намын “эзэн” нь явсан М.Энхболдын Засгийн газрыг түүний хуурай дүү нар унагаасан гашуун түүхтэй. МАН-ын дарга М.Энхболд УИХ-д 65 гишүүнийг толгойлж, төрд “хаан” шиг хүндлэгдэж явсан нь саяхан. Харин өнөөдөр М.Энхболд гэдэг хүн улс төрд огт  байгаагүй аятай усанд хаясан чулуу шиг алга болжээ.

Угтаа бол түүнийг  улс төрд итгэж хүлээж авсан У.Хүрэлсүх дүү нь улс төрийн тоглоомоос бүр мөсөн гаргачихсан. МАН-ын гишүүн У.Хүрэлсүх УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, БНСУ-д хоёр жил орчим болсон. Улмаар хоёр жилийн дараа улс төрд карьергүй шахам болчихсон байхад нь М.Энхболд түүнийг түшиж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Шадар сайдаар томилсон удаатай.

Улмаар Шадар сайдаар ажиллаж байх үедээ дороо бойжуулсан залуу улстөрчдийг “удирдаж” Засгийн газраа унагаасан. Ингэхдээ нам дотроосоо 60 тэрбумын схемийг илчилж, Шударга таваар халхавч хийгээд М.Энхболдыг улс төрөөс түлхэн гаргачихсан юм. Харин өөрөө Ерөнхий сайдын суудалд очиж намаа гартаа авснаар өнөөдөр монголын төрийг тэр удирдаж байна. Харин М.Энхболдыг унагаасныхаа гавьяаг Шударга тав тавуулаа өөрт тохирсон шангаа хүртэж, өнөөдөр  тэднээс давсан эрх мэдэлтэй хүн алга. 

 “Элсний 13”

          Хуучин МАХН-ын гишүүн Ч.Улаан, Л.Пүрэвдорж, Т.Ганди, Д.Тэрбишдагва, Д.Арвин, Л.Одончимэд,  Д.Одбаяр, Ц.Шаравдорж, А.Цанжид, Ц.Мөнх-Оргил, Ч.Авдай, Р.Нямсүрэн нар “Элсний 13” гэх бүлэг байгуулж М.Энхболдын Засгийн газрыг унагаах гол тактикийг боловсруулсан гэдэг.  Тэд анх 2007 оны эхнээс улс төрийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж, “М.Энхболдтой Засгийн газар Монголыг хорлоно” гэх агуулгатай мэдээлэл тарааж байсан гэдэг. 

Оймстой ачигдсан Н.Энхбаяр

         Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө хууль хяналтын байгууллагын 300 орчим алба хаагч гэрээс нь баривчилсан. Тухайн үед  Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнээ гутлыг нь ч өмсүүлэлгүй оймстой ачаад явсан байдаг. Хэдий гол өрсөлдөгч Ардчилсан намынхан энэ ажлыг зохион байгуулсан. Гол эзэн нь Ц.Элбэгдорж байсан гэдэг ч хөшигний ард өрнөсөн үйл явдал нь нам доторх өрсөлдөөн байсан гэдэг. Иймдээ ч Н.Энхбаяр улс төрд буцаж ирэхдээ намынхаа гишүүдийг зууж, тэднээс “өшөө” авахаар ирсэн гэдэг. Нэгэн цагт одоогийн МАН тухайн үеийн МАХН-ханд эзэн сууж, монголын төрийг удирдаж байсан түүний тухайд олны анхаарлаас гараад удаж байна. Одоо харин улс төрөөс бүр мөсөн арчигдахгүй гэсэн дээ хуучин намынхаа дүү нартай гар барилцаад буй.

Тамгын газрын даргадаа "тонгоруулсан" Х.Баттулга

        Нөлөө бүхий улстөрчид хамгийн ойрын итгэлт хүндээ хууртагдсан буухианы эзнээр Ерөнхийлөгч Х.Баттулга ч тодроод байгаа юм.  Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчтэй хамгийн ойр ажиллаж байсан Тамгын газрын дарга асан З.Энхболд түүнийг улс төрийн тоглоом гаргах бүх тохироог нь бүрдүүлчихсэн гэдэг. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлын хамаг булхайг гардан хийсэн хүн нь З.Энхболд бөгөөд үүнээс болж, Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй болчихсон.

 

      Түүнчлэн Ц.Элбэгдоржийн улс төрд хөтлөж оруулсан хүмүүс ч түүнээс урваж, эрх мэдэлд хүрсэн даруйдаа нүүр буруулж байсан түүхтэй. Үүний нэг нь УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж гэдэг. Анх Ардчилсан намд Р.Гончигдоржийг хөтлөн оруулсан хүн нь Ц.Элбэгдорж хэдий ч одоо тэдний харилцаа сайнгүй гэгддэг. Энэ мэт жишээ Монголын улс төрд "үр могой"-нууд үүрлэсээр ирснийг, өдгөө ч төрж, өсөж буйг гэрчилнэ. 

 

Эх сурвалж https://ergelt.mn/news/44/single/9408