Д.Мөнхбатад оногдуулсан торгуулийг шүүхээс хүчингүй болголоо
2021/06/04
“Энхсаран” сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсаны улмаас тэнд тусгаарлагдаж байсан хүмүүсийн дунд халдвар тархсан тухай нийтэд мэдээлсэн иргэн Д.Мөнхбатыг цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгасан. Улмаар 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.Мөнхбатад Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу /Гамшгаас хамгаалах хууль зөрчих/ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.
Иргэн Д.Мөнхбат эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдөр хянан хэлэлцээд: Д.Мөнхбатыг Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн төдийгүй Солонгос улсаас эрүүл ирээд Энхсаран сувилалд 21 хоногт тусгаарлалтад байх явцдаа короновирус / ковид19/ өвчнөөр өвчилж хохирсон тухайгаа өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлэл тавьсаныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнээд түүнд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.