Сүүлийн өдрүүдэд гал түймэр гарах нь ихэсч НОБГ-ын Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Сэдэдсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ойрын өдрүүдэд гал түймэр ихээр гарч байна. Ямар шалтгаанаар гал гарч байна вэ?
-Сүүлийн үед галын дуудлага огцом нэмэгдэж байгаа. Энэ нь иргэдийн хайхрамжгүй байдалтай шууд холбоотой юм. Гал гарах олон шалтгаан бий. Тухайлбал, иргэд гэртээ шатамхай бодис хадгалах, чанаргүй цахилгааны утас хэрэглэх, тээврийн хэрэгслийг байр сууцандаа хэтэрхий ойртуулж байрлуулах гэх мэт.

Мөн бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй орхисноос үүдэлтэй гал гарах нь ихэссэн. Эцэг эхийн хайхрамжгүйгээс болж хүүхэд галд өртөж, амь насаа алдаж байна. Бага насны хүүхдээ хяналтгүй орхисноос болж хүүхэд хохирч байна гэсэн үг. Манай байгууллагын зүгээс анхааруулга өгдөг хэдий ч иргэд хэрэгжүүлдэггүй. Өнгөрсөн долоо хоногт таван түймэр гарлаа. Бүгд ахуйн хүрээнд хариуцлага алдсанаас үүдэлтэй байсан.

-Хаврын улиралд ой хээрийн түймэр ихэсдэг. Үүнтэй холбогдуулан танай байгууллагын зүгээс ямар үйл ажиллагаа явуулж байна?
-Нийслэлийн Засаг даргын 01 тоот албан даалгавар гарсан. Үүний дагуу НОБГ-ын Урьдчилан сэргийлэх хяналтын хэлтэс дүүрэг бүрт чиг үүрэг өгч, урьдчилан сэргийлэх ажил хийж эхэлсэн байгаа. Одоогоор нийслэлд ногоон бүсийн түймэр гараагүй хэдий ч түймрээс сэргийлэх үйл ажиллагаа байнга хийж байна. Онцгой байдлын газраас гадна иргэд ч гэсэн энэ асуудалд хянуур хандах хэрэгтэй. Г ал түймэр гарсан дийлэнх шалтгаан нь шууд иргэдтэй холбоотой байдаг. Манайхан түлсэн галаа унтраадаггүй, ногоон бүсэд татсан тамхиа асаалттай нь хаядаг шүү дээ.

-Албан байгууллагуудад гал түймрээс сэргийлэх талаар ямар ажил хийдэг вэ?
-Шадар сайдын баталсан удирдамжийн хүрээнд манайх шалгалт хийсэн. Энэ сарын 10-ны өдөр шалгалтын биелэлт ямар байгаа талаар судалгаа хийж дуусгалаа. Гэвч илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн өгсөн заавар зөвлөгөөг зарим албан байгууллага хэрэгжүүлээгүй байсан. Тиймээс бид ажиллагааг хэсэгчлэн болон түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авсан. Энэ ажлын хүрээнд анх илэрсэн зөрчлүүд 50 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа.

Мөн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын төвтэй хамтран өчигдөр хараагүй иргэдийг аюулт үзэгдэл, техникийн ослоос хэрхэн авран хамгаалах талаар сургалт зохион байгууллаа. Цаашдаа ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гал түймэр, гамшиг ослын үер өөрийгөө хамгаалах талаар сургалт зохион байгуулна.

-Нийтлэг зөрчил, дутагдал нь юу байв?
-Байгууллагуудад илэрсэн нийтлэг зөрчил нь галын анхан шатны багаж, хэрэгсэл байхгүй байсан явдал юм. Тэр бүхнийг бүрдүүлэх тал дээр шаардлага тавьсан байгаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хийсэн сургалтын талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Нийслэлийн аврах ангийн Эрэн хайх аврах бүрэлдэхүүнтэй хамтран үзүүлэх сургалт хийлээ. Зорилго нь хараагүй иргэдийг гэнэтийн аюул ослоос өөрийгөө хамгаалахад туслах заавар зөвлөгөө өгөх, гал түймрээс хэрхэн хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулсан юм.

Мөн энэ хоёр байгууллагад галын анхан шатны багаж хангалттай байдаггүй учраас манайх хандивлагч байгууллагуудтай холбож өгсөн. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд аливаа ослоос өөрийгөө хамгаалах тал дээр муу мэдлэгтэй байдаг. Тиймээс эдгээр иргэдэд гал унтраагуур, анхан шатны багаж зэвсгийг хэрхэн ашиглах заавар зөвлөмжийг өгсөн юм.

Г.Баярцэцэг