Р.Амаржаргал: Хариуцлагагүй байдлаас болж эдийн засаг хүндэрсэн
2014/05/09
-Та Монголбанкны одоогийн явуулж буй мөнгөний бодлогыг бие даасан мөнгөний бодлого гэж үздэг үү. Нөгөөтэйгүүр өнөөдөр манайд Төвбанк хараат бус мөнгөний бодлого явуулах эрх зүйн орчин бүрдсэн үү?
-Эрхзүйн хувьд орчин нь бүрдсэн. Тиймээс бие даасан мөнгөний бодлого хэрэгжүүлэх учиртай. Гэхдээ Монголбанкны удирдлага хэн байхаас хараат бус байх нь ихээхэн хамаарч байна. Хоёрдугаарт, Монголбанкны зүгээс шинэ гарч ирсэн Засгийн газрыг, тэр тусмаа бодит эдийн засгийн секторыг дэмжих үүднээс хийж болох бүх л арга хэмжээг авсан гэж үзэж байгаа. Гэхдээ энд нэг том дутагдал байсан. Тэр нь эдийн засгаа дэмжих нэрээр олгож буй “тэтгэлэг” нь тогтвортой байх бололцоогүйд асуудал үүсч байгаа юм. Тогтвортой байна гэдэг хэрэгжүүлж буй зүйлээ тасралтгүй үргэлжлүүлнэ гэсэн үг. Гэтэл тийм чадамж нь алга. Өөрөөр хэлбэл, Монголбанк эдийн засагт байнга их хэмжээний мөнгө нийлүүлээд байх боломжгүй. Тиймээс эдийн засгийг дэмжих чанартай ажлууд нь нэг удаагийн төдийгүй богино хугацааны арга хэмжээ байх ёстой байсан. Гэтэл цаг хугацааны хувьд жил хагасын турш сунжруулсан нь алдаа.
-Таны хэлж байгаагаар Төвбанкны хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд цааш үргэлжлэх боломжгүй гэж ойлгож болох уу?
-Эдийн засгийн өнөөгийн байдал нэн тааламжгүй байна. Тэр тусмаа валютын ханш эдийн засаг болохгүй байгааг, одоогийн явуулж буй засгийн бодлогыг эргэж харах шаардлагатай гэдгийг хэлээд байна шүү дээ. Өөрөө хэлбэл, валютын ханш 30 хувиар хэлбэлзэнэ гэдэг төр засагт өгч буй том дохио. Жилийн дотор ханш ингэж хөдөлнө гэдэг хэрэгжүүлж буй бодлого дампуурч байгааг илэрхийлж байна гэсэн үг. Тиймээс нэн даруй арга хэмжээ аваарай гэж сануулж байгаа хэрэг. Суурь нөхцөл нь ийм ээдрээтэй үед өнгөрсөн онд хэрэгжүүлсэн Монголбанкны хөтөлбөрүүд цааш үргэлжлэх боломжгүй. Хэрэгжүүллээ гэхэд улам их зардал гарна. Шуудхан хэлэхэд өртөг өндөртэй, үр дүнгүй ажил болж мэдэх юм.
-Монголбанк алдаагаа залруулах боломж одоо байна уу?
-Өнөөдөр эдийн засаг, ялангуяа санхүүгийн салбар Монголбанкнаас хэтэрхий хараат болчихоод байна. Арилжааны банкуудын нийт активынх нь бараг 30 хүртэлх хувь Төвбанкны мэдэлд очиж байгаа. Ийм үед Монголбанкны “тэтгэлэг” зогсвол банкуудын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц эрсдэл байгааг үгүйсгэх аргагүй. Нэгэнт урт хугацаанд тасралтгүй дэмжиж, тэтгэж чадахгүй гэдгээ эрт олж харсан бол Төвбанк тухайн бодлогоо маш цэгцтэй, хяналттай, замбараатай хэрэгжүүлэх ёстой байсан. Үүнийг хэр сайн хангаж ажилласан гэдгээс алдааны их, багыг хэмжиж болох юм. Түүнээс залруулна гэвэл дахиад л их мөнгө, цаг хугацаа гарздах биз.
-Эдийн засаг тааруу байгаа ч эхний улиралд өсөлттэй гарлаа. Та хувьдаа эдийн засгийн өсөлтийг хэрхэн харж байна вэ?
-Нэгдүгээрт, ДНБ-ий өсөлтөд өнгөрсөн онд авч хэрэгжүүлсэн тогтворжуулах хөтөлбөр буюу амь тарианы бодлогын арга хэмжээ, түүний өмнөх оны энерци нөлөөлсөн байх. Хоёрдугаарт, 7.4 хувийн өсөлтийг хангахад манай уламжлалт мал аж ахуйн салбарын үүрэг оролцоо их байсан. Энэ хаврын хувьд одоогийн байдлаар 13 сая толгой төл хүлээн аваад байгаа гэсэн дүн мэдээ бий. Энэ нь эдийн засаг өсөлттэй гарахад түлхэц болсон үзүүлэлт. Монголын эдийн засгийг ядарсан, хүнд үед мал аж ахуйн салбар авч явж ирсэн. Тэр жишгээр өнөөдрийн эдийн засгийн өсөлт тодорхойлогдож байна. Бусад салбаруудад одоохондоо онцлоод хэлчих эерэг зүйл харагдахгүй байгаа.
-Олон улсын зэрэглэл тогтоогч “Standart and Poors” агентлаг өнгөрсөн сард гаргасан тайландаа манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг нэг шатаар бууруулсан. Тэдний зүгээс манай Төвбанкны мөнгөний бодлогыг УИХ нь тодорхойлж байгаа учраас хараат бус, бие даасан байдлыг алдагдуулж байна гэж дүгнэсэн. Нэг талаараа зээлжих зэрэглэл буурахад дээрх байдал сөрөг оноо авчирсан гэж үзэж болох уу?
-Зөвхөн Монголбанкны мөнгөний бодлого бус бусад салбарт ч улс төрийн эрсдэл байгаа. Тиймээс “Standart and Poors” агентлаг манай зээлжих зэрэглэлийг бууруулсан. Төвбанкны мөнгөний бодлогоос гадна төсвийн сахилга бат, өртэй холбоотой асуудлууд ч энд бий. Энэ бүхэн нийлээд Монгол Улсын зээлжих зэрэглэлд нөлөөлсөн. Хэдий чинээ манай рейтинг буурна төдий чинээ гадаадын хөрөнгө оруулалтыг татах зардал өснө. Тэр хэмжээгээр өрөнд орох магадлал улам нэмэгдээд байна гэсэн үг.
-Валютын ханшийг тогтворжуулахын тулд нэн түрүүнд юу хийх ёстой вэ?
-Тодорхой, тодорхой зүйлүүд байгаа. Хамгийн түрүүнд Монгол руу орж ирэх хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь биет болон биет бус хөрөнгө оруулалт. Тухайлбал, санхүүгийн зах зээлээр дамжиж орж ирдэг хөрөнгө оруулалтыг манайх татах чиглэлд анхаарах хэрэгтэй. Монголын аж ахуй нэгжийн хувьцааг худалдаж авах сонирхол хөрөнгө оруулагчдад байгааг үгүйсгэх аргагүй. Энэ нь санхүүгийн зах зээлд өрнөх шууд бус хөрөнгө оруулалтын нэг хэлбэр. Тиймээс шууд бус хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах. Энэ чиглэлд үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх ёстой. Жишээ нь Кастодиан банкны үйлчилгээг нэвтрүүлэх. Үүнийг хийгээгүй нөхцөлд хөрөнгө оруулалт орж ирнэ гэж мөрөөдөөд ч хэрэггүй.
-Эдийн засаг хүндэрсэн нь одоогийн Засгийн газрын үйл ажиллагаатай шууд холбоотой юу. Эсвэл өмнө нь хэрэгжиж байсан алдаатай бодлогын уршиг байв уу. Үүнээс гадна хөрөнгө оруулалт саарсан нь асуудлыг ингэж хүндрүүлсэн үү?
-Мэдээж хэрэг өмнө нь явуулж байсан бодлогын нөлөө орсон. Мөн гадаад, дотоодын орчны сөрөг хандлага ч үүнд нэрмээс болсныг дурьдах нь зүйтэй байх. Гэхдээ энд нэг зүйлийг анзаарах ёстой. Гадаад орчны нөхцөл муудсан гэж асуудлыг хэтэрхий нэг тийш нь түлхээд байх зохисгүй юм. Угаасаа л гадаад орчны эрсдэл байх ёстой өгөгдөхүүн. Харин өөрсдөөсөө хамаарсан зүйлээ бид бүрэн гүйцэд зөв хийсэн үү. Засгийн газрын хувьд өөрөөсөө хамаарах зүйлээ бүрэн хэмжээнд хийж чадаагүй. Үүний шалтгаан нь хариуцлагагүй байдал. Хоёрдугаарт, ажил хэргийн мэдлэг дэндүү дутмаг байсны үр дагавар гэж ойлгож байгаа. Тухайлбал, төсвийн тодотголын асуудлыг бүхэл бүтэн таван сарын дараа УИХ-д өргөн барьсан. Аль нэг, хоёрдугаар сард оруулж ирээд хэлэлцэх байсан зүйлийг одоо өргөн барьж байгаа нь хэтэрхий хариуцлагагүйг илтгэж байна.
Зочин · 2014/05/10
Сайн дугаар зүйл.