Т.БАЯРАА

АЛТАН АРГАМЖАА ХУРААСАН НЬ

Урьд цагт Чингис хаан алтан аргамжаа тасдуулж, элч төлөөлөгчөө алагдсанд ихэд хилэгнэж Сартуул улсыг дайлаар мордож байсан түүх бий. Одоо цагт монголчууд бид алтан аргамжаа өөрсдөө хурааж, элч төлөөлөгчөө хар гэрт хорьдог хонзонгийн улс төртэй болжээ. Үүний жишээ гэвэл, Монгол Улсын хэд хэдэн Ерөнхий сайд асан эрхмүүдийг Элчин сайдаас буцаан шоронд дуудсан явдал юм. Тэдний нэг нь Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд асан орчин цагийн анхны улс төрийн хоригдол гэгдэх М.Энхсайхан юм. Түүнд анхан болон давж заалдах шатны шүүх 4 жил 6 сарын хорих ял өгсөн бөгөөд Улсын Дээд шүүх ичихдээ зарим үйлдэл нь завдалт байна гээд зургаан сарын хугацааг хасч “гийгүүлсэн” байдаг.

 

М.ЭНХСАЙХАНЫ ҮЙЛДСЭН ГЭХ ГЭМТ ХЭРЭГ ЮУ БАЙВ?

Ерөнхий сайд асан М.Энхсайханы үйлдсэн гэх хэрэг нь албандаа автомашин худалдан авсан болон УИХ-ын шийдвэрийн дагуу гадаадын хөрөнгө оруулагчдыг урьсан гэх явдал байв. Таван толгойн цахилгаан станцын төслийн захирлаар ажиллаж байхдаа 2013 онд албандаа машин авсан гэх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг хүчээр яллахын тулд 2015 онд Таван толгойн гэрээний төсөл боловсруулахад сайдын ажил үүргийн дагуу оролцсон явдлыг гэмт хэрэг гээд яллачихсан. Амьхандаа албан тушаалын хэргээ үргэлжлүүлэн үйлдсэн гэж хүчээр яллаж байгаа ухаантай. Таван толгойд гадаадын хөрөнгө оруулалт татах оролдлогыг Монгол Улс 2011, 2014, 2016 онд хэрэгжүүлэх гээд чадаагүй. 

Уул нь УИХ, Засгийн газрын удаа дараагийн шийдвэр гарсны дагуу энэ мега төслийг хэрэгжүүлэхийг бид хичээсэн боловч эцэст нь ажлаа хийж явсан төрийн албан хаагчид буруудаж шоронд орсноор бүрмөсөн намжсан байдаг. Ямартай ч М.Энхсайхан Таван толгойн хөрөнгө оруулагчдаас авлига авсан, хувьдаа хөрөнгө завшсан гэж дуулдаагүй.

ЗӨВХӨН “ХОХЬ ТАЙЖ” ХОХИРЧ ҮЛДЭХ ЁСТОЙ!

Алтан ургийнх атлаа хамжлагат албатгүй, ядуу тайжийг хохь тайж гэдэг байв. Одоогийнхоор бол яамгүй сайдтай төстэй бөгөөд тухайлбал, М.Энхсайхан нь Засгийн газрын гишүүн, сайдын статустай байсан. Таван толгойн гадаадын хөрөнгө оруулалтын сонгон шалгаруулалт хийх, гэрээний төсөл боловсруулах ажлын хэсэгт Сангийн сайд, Хууль зүйн сайд, Уул уурхайн сайд тэргүүтэй олон сайд дарга нар багтсан ч яагаад ч юм яамгүй сайд буюу өнөөх хохь тайж М.Энхсайхан ганцаараа буруудаад үлдсэн. Бодоод үз дээ, үндсэн болон дэд ажлын хэсэгт хамтын шийдвэр гаргаж байсан хэдэн арван төрийн албан хаагчдын хариуцлагыг ганц М.Энхсайханыг дангаар үүрэхийг тэгээд шударга ёс гэх үү. Засгийн газрын кабинтетын зарчмаар гаргасан хамтын шийдвэрийн дагуу УИХ-д танилцуулсан төсөлд яагаад нэг сайд ганцаараа буруутай байх ёстой гэж.

 

ТҮҮНИЙГ МОНГОЛЫН ХОДОРКОВСКИЙ БОЛГОХООР ШИЙДСЭН ҮҮ?

Төр засгийн шийдвэрийг хэрэгжүүлсний төлөө өөрөөр хэлбэл, Таван толгойн гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулах гэрээний төсөл боловсруулахад о р о л ц с о н ы т ө л ө ө т ү ү н д Эрүүгийн хуульд заасан Хорлон сүйтгэх болон Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх ял тулгасан. Ингээд Хорлон сүйтгэх үйлдлийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж албан тушаалын гэх хэрэгт нь шүүхээс ял өгсөн. 

Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оноодог хуулийн зарчим хаачсан бэ? Түүнийг хорих мөртөө сэтгэл нь ханахгүй яг тэр үйлдлээр нь дахиж нэмж Хорлон сүйтгэх гэсэн зүйл ангиар ял өгөхөөр улайрч байгааг үзэхэд Оросын Ходорковскийд хэрэглэсэн “хорьж байгаад нэмж ялла” гэдэг хэлмэгдүүлэлтийн технологи нэвт үнэртдэг. Хүний эрх, хуулийн талаасаа шүүх, прокурорын үйлдлийг зөвтгөх нэг ч үндэслэл байхгүй. Нэг гэмт хэрэгт зөвхөн нэг удаа ял оноох зарчмыг арай энгийнээр тайлбарлах гээд үзье. Жишээ нь, дээрэм, хулгай нь өмчийн эсрэг гэмт хэрэг юм. Хэрэв нууцаар авсан бол хулгай, харин илээр хүч хэрэглэж авсан бол дээрэм болдог бөгөөд хэзээ ч нэгэн зэрэг дээрэм бөгөөд хулгай байх боломжгүй. Дээрмийн хэрэгт ял өгчихөөд хоригдох хугацаанд нь бас хулгай юм байна гэж шалгадаггүй. Яг үүнтэй адилаар М.Энхсайханд албан тушаалын хэргээр ял өгчихөөд дахиад түүнийгээ Хорлон сүйтгэх гэдэг зүйл ангиар шалгаад байгаа нь эрүүл ухаанаар ойлгомгүй явдал юм. Эрүүгийн хуульд “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гээд цагаан дээр хараар бичсэн тул шүүх, прокурорынхон хууль бус үйлдэлдээ эртхэн нэг тайлбар бодно байгаа.

 

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ УРЬСАН БҮТЭЭГҮЙ ОРОЛДОГО ГЭМТ ХЭРЭГ МӨН ҮҮ?

УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоолын дагуу Таван толгойн ордод хамтран ажиллах гадаадын хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулж, гэрээний төслийг эргээд УИХ-д танилцуулсан хэргээр М.Энхсайхан ял эдэлж байна. М онгол Улсын эрүүгийн шүүгч нар гэх эрдэм мэдлэг нь хэтийдсэн эрхмүүд сүүлийн үед гэрээ хэлцлийг, тэр ч бүү хэл байгуулагдаагүй гэрээний төслийг гэмт хэрэг гэж шүүдэг болсоор удлаа. Эрүүгийн шүүгч нар олон улсын мега төслийн хүрээнд байгуулагддаг эдийн засгийн томоохон төслийг сайн, муу гэж шүүх нь бүү хэл иргэд хоорондын гэрээ хэлцлийг ч сайн мэддэггүй юм, энэ нь тэдний буруу биш бөгөөд шүүх угаасаа эрүү, иргэн, захиргааны чиглэлээр дагнан төрөлжсөн. Харин манай шүүгч нар өөрийн мэдэхгүй эдийн засгийн гэрээ хэлцлээ шүүдэг нь дэлхийн аль ч улсад байхгүй жишээ юм.

Шүүх маань уламжлалт яллах аргаараа цагаатгах талын нотлох баримтыг ор тас мартаж, хохиролгүй гэмт хэрэгт ял өгөх зэргээр хэтэрхий яллах талаа илт баримталжээ. Угаасаа байгуулагдаагүй, хэрэгжээгүй гэрээний төсөлд ямар юмны хохирол байхав. Манай шүүхээс бас их марзан шийдвэрүүд гарна. Юу гэхээр, Таван толгойн төсөлд ийм ийм нөхцөлүүд тусгаагүй нь буруу байна, дутуу байна гээд өөрсдөө зохиогоод хадуураад нэмж хачирлаад явдгийг нь харахаар цаашдаа эрүүгийн шүүхээсээ санал авч байж томоохон төслүүдээ явуулах хэрэгтэй юм байна гэж бодогдтол авна. Шүүх байгууллага Үндсэн хууль зөрчсөн хуулиар ял өгч байгааг хуульчид дор бүрнээ хангалттай сануулсан ч нүдээ аниад алхаа тогшчихсон нь өнөөдөр үнэнд гүйцэгдэж буруудаж байх шиг байна. Хамгийн гол нь хуулиа илт зөрчсөн шүүгч нартаа хариуцлага хэзээ хүлээлгэх вэ?!

 

М.ЭНХСАЙХАНЫГ БУРУУТГАСАН УЛСТӨРЧИД ХЭН БАЙВ?

Уул нь Таван толгойн гэрээний төслийг яамгүй сайд М.Энхсайхан биш Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрыг төлөөлөн УИХ-д танилцуулсан юм. УИХ-ын дарга З.Энхболд чуулганы индрээс гэрээний төслийг хэлэлцэхгүй гээд буцаасан. Дараа нь Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр Улсын ерөнхий прокурорын ширээн дээр шалгахыг үүрэгдэж шидсэн. Тэгээд Х.Баттулгад шадарладаг улстөрчид болох А.Гансүх, Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат нар нь М.Энхсайханыг буруутгасан гэрчийн мэдүүлэг өгснөөр үйл явдал өрнөсөн байдаг. Өвөр зуураа өрсөлдөж байдаг улстөрчдийн хувийн байр суурийг гэрчийн мэдүүлгээр үнэлж ял өгөөд байвал гэмт хэрэг үйлдээгүй улстөрч үлдэх үү? Таван толгойн гэрээний төсөлд оролцсон мэргэжилтнүүдээс тайлбар авахгүй атлаа зөвхөн төслийг эсэргүүцэж улс төр хийдэг хэсэг нөхдийн үгийг нотлох баримт болгосон нь М.Энхсайханыг улс төрийн хоригдол гэж нэрлэх нэг шалтгаан болсон.

 

ТАВАН ТОЛГОЙН ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНИЙ ТӨСӨЛД ЮУ ТУССАН БЭ?

Хэрэв Таван толгойн мега төсөл Монгол Улсад хэрэгжсэн бол бид хоёр дахь Оюу толгойтой болох байв. Гэхдээ Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний алдаа, онооноос сургамж авч Монгол Улсын эрх ашигт илүү нийцсэн, сайжруулсан нөхцөлтэй гэрээ байгуулагдахаар дуншиж байжээ. Төсөл хэрэгжсэн бол нүүрсээ угааж баяжуулах үйлдвэртэй болж, нэмүү өртөг шингэсэн өндөр үнээр бүтээгдэхүүнээ борлуулах байв. Энэ гэрээгээр өнөөгийн нүүрсний ашигтай хэсгийг сорчлон олборлож хаягдал их гаргаж байгааг бүрмөсөн зогсоож, байгаль орчинд халтай автомашины тээвэрлэлтийг төмөр замаар сольж, овоолсон шороог хувийн хөрөнгө оруулалтаар төмөр зам болгон дуусгаж, Чалкогийн өрийг төлж барагдуулах зэргээр төр засагт дарамт үүсгэхгүйгээр хувийн хэвшилд түшиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтыг татах байв. Төслийн 51 хувь нь Монголын төрд тодорхой хугацааны дараа шилжих нөхцөлтэй байжээ.

Цаашлаад зөвхөн урд хөрш гэхгүйгээр олон улсад бүтээгдэхүүнээ худалдаалах нөхцөлтэй байв. Монгол Улсад уул уурхайн компанийн төлвөл зохих 13 төрлийн татвар хураамжийг төлж, эдийн засгийг 10 хувиар тэлэхийн зэрэгцээ хэдэн арван мянган иргэнийг ажлын байраар хангаж, мөн хэдэн зуун туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагуудыг орлоготой болгох байв. 

Харамсалтай нь, энэ бүхэн цаасан дээр үлдэж, ажил хэрэг болгохыг хичээсэн М.Энхсайхан шоронд хоригдож байна. Бусдад нь сургамж болгож байгаа гунигт дүр зураг.

 

 

ТӨРӨӨГҮЙ ГЭРЭЭНИЙ ТӨЛӨӨС БУЮУ М.ЭНХСАЙХАНЫ ЯЛ ЗАХИАЛГА ДЭЭРЭЭС ШИДСЭН ЧУЛУУ ЮУ?

 Таван толгойн гадаадын хөрөнгө оруулалтай зэрэгцэн хойд хөршөөс Якунины захидал гэх заавар ирлээ. Монголчуудын хэрэгжүүлэхээр зорьж байгаа нарийн царигтай төмөр зам барих Таван толгойн төсөл нь Оросын эрх ашигт нийцэхгүй байгааг цохон тэмдэглэж өргөн царигтай зүүн тийш чиглэсэн төмөр зам барихыг үүрэгдсэн даалгавар байв. Монгол Улсын эрх ашиг тэдэнд огт хамаагүй. Чухамдаа Оросын Эльга гэх коксжсон нүүрсний ордоос Хятад руу нүүрс экспортлоход Таван толгойн төсөл өрсөлдөж саад учруулж байгааг биднээс нуудаггүй бөгөөд энэ зорилгодоо өнөөдөр хүрч, өөрсдөө нарийн царигаар өдөр шөнөгүй нүүрсээ зөөж байгаа.

Хойд хөрш маань гадаадын хөрөнгө оруулалт хийгдэж өөрсдийнх нь төсөлтэй өрсөлдөхийг үзэж чадахгүй байсан бол дотоод дэмжлэг авах шалтгаан нь Энержи ресурс компани Таван толгойн төсөлд оролцсон явдал байв. Энэ компанийг үзэж чаддагүй улстөрчид бас байна. Юутай ч Таван толгойд гадаадын хөрөнгө оруулалттай мега төсөл мөд хэрэгжихгүй нь бололтой. Хэрэв тэгвэл юу болдгийг М.Энхсайханаар үзүүлэн болгов. Ер нь монголчуудыг томоохон уул уурхайн төсөлтэй болохыг үзэж чаддагүй хөршүүд маань хэсэгтээ биднийг айлгаж, өөрсдийн хүслээ дархлаажуулж байх шиг байна.

Манай төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ болон Засгийн газрын шийдвэрүүд дандаа гадаадын хөрөнгө оруулалт татах тухай гардаг боловч түүнийг нь ажил болгох гэж зорьсон болгон шоронд ордог гаслантай дүр зураг хөвөрсөөр. Хэрэв шударга ёс гэж байдаг бөгөөд тэр нь алагчлалгүй ханддаг бол Уул уурхайн сайд Д.Сумьяабазарын Таван толгойн 30 хувийг олон нийтэд санал болгох төсөл яагаад шалгагдсангүй вэ? Бас л М.Энхсайханы нэгэн адилаар улс орноо өөд нь татах төсөл хэрэгжүүлж, ажил хийх гэсэн санаачилга байсан санагдах юм?

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН