Монгол Улсын Ерөнхий Сайд асан М.Энхсайхан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан зүйлчлэлийн дагуу Нийтийн албанд томилогдох эрхээ 4 жилийн хугацаагаар хасуулж, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн, улмаар нээлттэй хорих байгууллагад ял эдэлж буй билээ.

Түүнд анх хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч Эрчим Хүчний Яамны харьяа Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа  75 сая төгрөгийн үнэлгээтэй автомашиныг 130 саяар худалдан авч, улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж, ял өгсөн юм.

М.Энхсайхан өөрөө энэ тухай: "Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжид өнөөдрийг хүртэл явж байгаа автомашиныг 2013 оны зах зээлийн үнэлгээг АТГ гаргуулахдаа “Гэрэгэ эстимэйт” компанид автомашины гүйлтийг 160 000 гаруй км-ээр илүү буюу 2019 оны үзүүлэлтүүдээр бодуулсан нь 6 жилээр хуучруулсан машины үнийн тооцоолол байх бөгөөд тэр нь 75 сая төгрөг гэжээ. Зөрүү (130-75=55) 55 сая төгрөг гаргаж, намайг “Их хэмжээний хохирол” учруулсан гэж буруутгасан. Тооцооллын энэ алдааг хэргийн мөрдөн шалгах явцад засуулах, өмгөөлөгч байлцуулан дахин мэдүүлэг авах хүсэлт удаа дараа тавьсан боловч прокурор, АТГ миний болон өмгөөлөгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй.

Анхан шатны шүүх тогтоолдоо “Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Лексус 570 маркийн автомашины зах зээлийн үнэлгээг тухай үед 115 000 000 төгрөгөөс 125 000 000 төгрөгийн үнэлгээтэй байсан талаар нотлох баримт гаргаж өгснийг хууль ёсны гэж зөвшөөрсөн атлаа “шүүхээс үнэлэх боломжгүйгээс” (АШШТ, 40х) авч үзээгүй.

Анхан шатны шүүх энэ асуудлаар “Их хэмжээний хохирол” учруулсан гэмт хэрэг хийсэн гэж буруутгахдаа зөвхөн АТГ-ын томилсон шинжээчийн алдаатай тооцоолол бүхий үнэлгээний дүгнэлтийг нотлох баримт болгосонтой санал нийлэхгүй, өөр нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолдоо дурдаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн “1.3 дүгнэлтэд “онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэсэн заалтыг ямар ч хоёрдмол утгагүй зөрчсөн нь тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна." гэж тайлбарласан байдаг.

 

Ер нь М.Энхсайханд ял оноосон явдлыг хуульчдын дийлэнхи нь "хэлмэгдүүлэлт" гэж дүгнэдэг.

 

Тэр бүү хэл АН ч албан ёсны тогтоол гарган, түүнийг "үзэл санааны хоригдол" хэмээн зарласан билээ.

Түүний хэлмэгдүүлсэн шалтгааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувийн өс хонзонтой холбогдуулан дүгнэх нь түгээмэл.

Тэгвэл эх сурвалжийн өгүүлж буйгаар бүрэн эрх нь хэдхэн өдрийн дараа дуусах гэж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тодорхой хүнээр дамжуулан, Ерөнхий Сайд асан М.Энхсайханд "Гэм буруугаа хүлээсэн өргөдлөө бичээд өгчих, чамайг уучлая" гэсэн хүсэлт дайжээ.

Гэвч М.Энхсайхан: "Би ямар ч хэрэг хийгээгүй учраас хэнд ч ямар ч өргөдөл бичихгүй" гэсэн маш тодорхой хариултыг өгсөн гэнэ.

 

С.Сарнай

sonin.mn