Нийслэлийн Налайх дүүргийн I хорооны нутаг Сайханы саравч, Чингисийн өвөлжөө гэдэг газарт иргэн М, дөрвөн настай охины хамт мориор Туул гол гаталж байхад морь нь живж, голын арал дээр байна гэсэн дуудлагыг энэ сарын 27-ны өдрийн 12:43 цагт онцгойд өгчээ. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн завьт эргүүлийн алба хаагчид 13:05 цагт очиход Хан-Уул дүүргийн харьяат 30 настай иргэн М, дөрвөн настай хүүхдийн хамт голын арал дээр байсныг аврах завь ашиглан гаргаж, хүүхдийг тус дүүргийн Яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Сүүлийн 24 цагт гол усны осол хэд хэд гарсан бөгөөд ОБЕГ-аас аврах ажиллагаа явуулсан тухай дараах сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байна. Үүнд:
 

  • Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг Баянцагаан давааны орчимд хоёр иргэн Туул  голыг гаталж чадахгүй байна гэсэн дуудлагыг 06.27-ны 14:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн завьт эргүүлийн алба хаагчид 14:12 цагт очиход Баянзүрх дүүргийн харьяат иргэн М /48 настай, эрэгтэй/, С /43 настай, эмэгтэй/ нар “Туул” голын арал дээр байсныг аврах завь ашиглан гаргаж, аюулгүй бүсэд гаргав.
     
  • Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг Биокомбинатын орчим Туул голыг морьтой хүн гатлах гэж  байгаад живсэн тухай дуудлагыг 06.27-ны 18:49 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11 км зам туулан 18:20 цагт очиход Биокомбинатын модон гүүрнээс зүүн тийш 400 метрт Хан-Уул дүүргийн харьяат 17 настай эрэгтэй осолдсон тул осолдсон газраас 3 км-т завиар урсаж, 3-6 метрийн гүнд 15 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй байна. Иймд эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 22:00 цагт түр зогсоож, 06.28-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
     
  • Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Хар хошууны орчимд Туул голд автомашинтай гурван хүн живж байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км зам туулан 22:57 очиход Сүхбаатар дүүргийн харьяат иргэн 26 настай эрэгтэйийн “Приус 20” автомашинтай Баянзүрх дүүргийн харьяат иргэн 26 настай, эмэгтэй, 24 настай, эмэгтэй нар Туул голд живж байсныг аврах завь ашиглан гаргаж, машиныг эзэнд нь хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.