Дампуу улс төрийн эхлэл ба төгсгөл
2013/04/14
Монголын төр эрх мэдлийн хэнээтнүүдийн эрх ямба, сагсуурал солиорлын гол бай нь болсоор удаж байна. Ард түмнийхээ эрх ашиг, сайн сайхны төлөө ажиллах ёстой төрийгөөр өөрсдийн бүлэглэлийн эрх ашиг, амин хувийн ашиг хонжооны тэмцлийн талбар болгогч эрх мэдэлд сохроор дурлагчдийн сүрэг эзэгнэсээр монголын улс төр жинхэнэ дампуурсан гэхэд болно. Монголын улс төрийг дампууруулагч нөхдүүд цааш ямарч худал хуурмагаар явах боломжгүй болчихоод байна. Тэдэнд гарц бий юу?
Улс төрийн дампуурал ба хоосон толгойтны сүрэг
Ардчиллын тухай ямарч мэдлэггүй байж өөрсдийгөө ардчиллын удирдагч гэж цоллосон цөөн хэдэн хүнийрхүү нөхдийн эхлүүлсэн ардчилсан хувьсгал эхнээсээ л монгол үндэстний хувьд ужиг завхралыг дагуулсан. Шинэчлэл өөрчлөлтийг хийх ёстой хувьсгалчид гэх нөхдүүд улс орныг мэдлэгээр удирддаг гэдгийг ойлгосонгүй. Хувьсгал хийгчдийн дунд мэдлэг боловсролтой удирдагч нар байгаагүйгээс хэт мэдэмхийрсэн дураа дагасан хүмүүс монголын төрийг зайдагнасан юм.
Нэгэнт мэдлэггүй хүмүүс төрд гарч улс төр хийснээр жинхэнэ дампуурал эхэлсэн гэхэд болно. Төр сулран хариуцлага алдагдаж, төр ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллах ёстой тэр л үүргийн утга алдагдаж, цөөхөн хүний хөрөнгө мөнгийг зузаатгах, ашиг сонирхлыг нь хамгаалах байгууллага болон хувирсан. Нэгэнт мэдлэггүй хүмүүс төрдгарснаар улс орон өөдлөх биш уруудах эхлэл нь тавигдсан гэхэд болно. Монголын төрд гарчихаад ямар ч мэдлэг байхгүй хүмүүс юу хийхээ мэдэхгүй гацчихсан учраас бусдаар заалгаж өөрийн гэсэн толгойгүй явцгаасан юм.
Сайн мууг ялгаж салгах, зөв буруугийн ялгааг мэдэхгүй нөхдүүд монголын төрд сууж ард түмнийг доромжилж, даажигнах шиг л болсон. Тэд хүнээс л асууна, бусдаас будаа иднэ. Тэд гадны зөвлөх, харийн гүрний зөвлөгөөг дагажулс орноо нураасан.Тэд зөв зүйлийг хийх мэдлэг байхгүй. Зөвийг хийхгүй байна гэдэг бурууг үйлдэж алдаа хийнэ. Нэгэнт мэдлэггүй хүмүүс шударга байх талаар ямарч ойлголт үгүй байна. Өнгөрсөн хорин хэдэн жил монголчууд өөрсдийгөө улс төрч гэж цоллосон согогтой нөхдүүдийг толгой дээрээ залснаар жинхэнэ утгаараа мад тавиулсан юм.
Согогтой гэдгийн учир нь хэвийн бус хүмүүсээр л бид өдий хүртэл төрөө удирдуулчихсан байна шүү дээ. Эрх мэдлийн хэнээтэй, мөнгө хөрөнгөний шуналтай түүндээ ханаж цадахаа мэдэхээ байчихсан нөхдүүд л монголын хувь заяагаар зүгээр л тоглочихсон юм.Эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх солиоролхоосон толгойтны сүргийг бөөн бөөнөөр нь улс төрлүү шавхуурдсан юм. Намууд олигархийн бүлэглэлд эзлүүлж тэдний заавраар улс төр хийгддэг болсон. Ингэснээрээ ард түмний засаглал болох ардчилал жинхэнэ утгаараа сүйрсэн гэж хэлж болно.
Үнэт зүйлгүй, үзэл баримтлалгүй хаашаа хамаагүй хөлбөрдөг, юу дуртайгаа ярьдаг, юу дуртайгаа хулгайлдаг, ухамсаргүй, мэдлэгийн хэлтэрхийгүй улс төрчид, тэдний санхүүгийн туслахууд ардчиллын үнэт зүйлсийг дэвсэлсэн. Тэд ард түмний бүтээн босгосон бүхнийг нурааж, хүмүүсийг ажил хөдөлмөргүй болгож, чадалтай нь амьдар гэсэн адгуусны хуулиар ард түмнийг тохуурхаж, мэдлэг боловсролыг үнэгүйтүүлснээр олон мэдлэгтэй монголчууд харамсалтайгаар гудманд, хэцүү амьдрал дунд хорвоог орхисон. Тэдэнд төрийг дампууруулснаар өөр ард түмний төлөө хийсэн гавъяа гэж байна уу. Хэрэг хэзээ ч хуучирдаггүй хэзээд дахин сэргэдэг баталгааг хүн төрөлхтний түүх мөн өнөөдөр болж буй олон үйл явдал харуулсаар байгааг санагтун.
Нуран унаж буй олигархи тогтолцоог ямарч их мөнгө аварч чадахгүй
Газар тэнгэр хоёр ч, өдөр шөнө хоёр ч, хар цагаан хоёр ч, үнэн худал хоёр ч байраа сольсон он жилүүдэд хулгайч худалчид суудал булаалдаж, ард олон бухимдлаар амьсгалж, төрийн дампуурал дээд цэгтаа тулж, гашуун амьдрал тэсвэрлэхэд бэрх болсон. Өмнөх үеэсээ бидний өвлөн авсан бүхэн улс орныг удирдан авч явах чадваргүй, мэдлэггүй, ухамсаргүй цөөн тооны улс төрийн хэнээтнүүдийн устгалын бодлогын хэрэгжилтээр бүрэн устгагдан сүйрчээ. Архичин дампуу хүү нь эцгийнхээ хөрөнгийг үрэн таран хийж дуусдаг шиг.
Төр гэдэг зүйл элдэв элдэв үймээн самуун дэгддэг тайз болон хувирч, хаа сайгүй замбараагүй байдал дампуурал бий болсон байна. Цуцашгүй хоосон үгээр чалчигчид парламент болон захиргааны хурлыг уран илтгэлийн тэмцээний индэр болгон гоё үгээр хоосон ходоодтой, ядуурлын туйлд хүрсэн ард түмний оюуныг мансууруулна. Гэвч ядуурлаас ангижраагүй, хууртагдсан ард түмний хорсол дампуу улс төрчдийн уран үгнээс хэзээд хүчтэй байдаг. Ард түмэн хэн нь хэн бэ гэдгээ олон удаа хууртагдсаны дараа таньжээ. Нэр нэгтийн чих нэг гэдэг шиг.Өнөөгийн улс төрчдийн араас хулгайчаа гэж дуудвал эргэж харахгүй явах нь маш цөөн яагаад гэвэл хулгайч, худалч, хууран мэхлэгч гэсэн нэр ард түмнээс хайрласан тэдний овог нь болчихсон юм.Ард түмний хөрөнгийг олон жил шимэн сорж хувалз болсон улс төрчид хөрөнгө санхүүгийн хувьд маш их хүчирхэгжсэн бөгөөд дараа дараагийн мэдлэггүй, ухамсар дорой залгамжлагчаа төрүүлж хөрөнгөтөн олигархийн засаглалыг цогцоор нь байгуулжээ. Улс орны бүх томоохон компани, банк санхүүгийн байгууллага, уул уурхай, нефтийн салбарууд бүгд тэдгээр бүлэглэлүүдийн эрх мэдэлд орчихсон бөгөөд ард түмэнд тэднээс юу ч горьдоод хэрэггүй, хүмүүсийг зүгээр л тарчиг амьдралд нь хаячихсан гэдгийг гүнээ ойлгуулсан юм. Тэд энэ бүх хөрөнгөө ганцхан улс төрийн булингартай, зунгаг болсон хязгааргүй эрх мэдлээрээ л ард түмнээс, жинхэнэ эздээс нь хамгаалдаг юм. Өнгөрсөнд яаж туйлдууснаа мартаж, одоо яаж баллаж байгаагаа ярихгүй ирээдүй л гэж ярьдаг улс төрчид янз бүрийн согогтой худал хөтөлбөр ярьж худлаагаа үргэлжлүүлэх гэнэ. Худал бүхэн илчлэгдэж байна шүү дээ. Бодит байдлыг олж харах мэлмий нь сохорчихсон байна. Бид ямар хүмүүсээр яасан ч олон жил удирдуулчихсанюм бэ гэдгээ ард түмэн одоо л мэдэж гутарч байна.
Өнөөдөр ардчилал аюулд орлоо гэж улс төрчид хагархай бүхнээрээ цуурах болж. Ардчилал гэдгээ тэд юу гэж ойлгосон юм бол доо. Ард түмнээс хулгайлсан эд хөрөнгө, өөөрсдийг нь шоронд орохоос нь хамгаалдаг улс төрийн эрх мэдэлд нь ард түмэн цэг тавихыг хүссэн нь тэдний ардчилалд аюул учруулсан юм байх. Хулгайлж хумсалсан бүхнээ худал хуурмагаар нуун далдалсаар ямарч үнэн, зөв зүйлгүй болсон дампуу улс төрчид, тэдний үүр уурхай болсон улс төрийн намууд ямар гарц харж байна вэ. Тэд ямарч мэдлэггүй учраас өөрсддөө хэзээд итгэлгүй байдаг. Хийсэн алдаа бүхэн нь хураагдсаар хэзээч засаж боломгүй улс үндэстнийхээ эсрэг томгэмт хэрэг болдог байна. Нэгэнт ард түмэн үнэнийг мэдээд дургүйцээд эхэлхээр тэд өөрсдийгөө хамгаалахын тулд хүчирхийлэл хийж дарангуйлал тогтоох гэж оролддог. Энэ нь бас л мэдлэггүйн гай болно. Тэд ингэснээр өөрсдийн гэмт хэргээ улам нэмж тогтолцоогоороо нуран унадаг. Ямар ч их мөнгө, алт юу байсан ч зөв үнэний төлөөх тэмцлийг мохоож чаддаггүй. Эцэст нь сүйрэн унадаг юм. Худал хуурмаг, луйвар булхайгаар олсон насан туршийн эрх мэдэл, хөрөнгө мөнгө гэж хаач байдаггүй юм шүү. Ард түмэн шударга л байна. Бас нуусан бүхнийг хаанаас ч олдог юм.Хэний эсрэг юу хийчихснээ сайтар эргэцүүлхээс өөр ажил улс төрч гэгдээд байгаа нөхдүүдэд үлдсэнгүй дээ.