ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна
2014/05/12
Өнөөдөр: Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлэрхэг. Алтайн уулархаг нутаг болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 5-7 градус дулаан байна.
Төлөв байдал: 14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 15, 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 14-16-нд говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.
Ихэнх нутгаар сэрүүсч, цасан болон шороон шуурга шуурах тул иргэд, малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, зам давааны нөхцөл байдлыг үнэлэх, салхи шуургатай үед замд гарахгүй байх, автозамын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн үед замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Зайлшгүй тохиолдолд замд гарах тохиолдолд дулаан хувцаслах, шатахууны нөөцтэй явах, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган зорчихыг анхааруулж байна.